"Жаргалант уулчдын клуб"-ын дөрвөн тамирчин дэлхийн дээвэр Эверест, дөрөв нь Лхоце уулын оргилд мөрөө гаргаад ирсэн билээ. Бид "Эверест-Лхоце 2023" багийн уулчид болон дасгалжуулагчдын ярилцлагийг цувралаар хүргэх болно. Цувралыг багийн ахлагч С.Ганхүүтэй хийсэн ярилцлагаар эхлүүлж байна.
-Та бүхэн “Дэлхийн дээвэр Эверест” болон Лхоце уулын оргилыг эзлээд ирлээ. Авиралтын бэлтгэлээ хэдий хугацаанд хийсэн бэ?
-Бид Эверестэд зориулж өнгөрсөн жилийн зургадугаар сараас хойш бэлтгэл хийсэн. Дөрвөн эмэгтэй, дөрвөн эрэгтэй гишүүнтэйгээр дэлхийн дээвэрт гарахаар зориг шулуудсан юм. Манай багийн Ахлах дасгалжуулагчаар гавьяат дасгалжуулагч, уулын спортын ОУХМ Б.Ганбаатар багш маань, зөвлөхөөр түүний гэргий ОУХМ Ц.Цогзолмаа нар ажилласан. Тэд өмнө нь Эврестэд гарчихсан учраас тухайн уулыг мэднэ, тиймээс дасгалжуулах хүсэлтийг тавьсан юм.
Бүгдээрээ Эверестийг зорьж очсон ч санхүүгийн байдлаас болоод дөрвөн эмэгтэй маань Эверестийн хажууд байдаг Лхоце гэх дэлхийн дөрөв дэх оргилд мөрөө гаргасан.
Лхоцед мөрөө гаргасан анхны монгол эмэгтэй уулчид болж байгаа чухал авиралтыг хийсэн. Орой дээр нь олсноос барьж тогтдог шовх өндөр оргил байсныг та бүхэн бичлэгээс харсан байх. Дээр нь нэг юм уу хоёр хүн л олсноос дүүжлэгдэж тогтдог нарийн оргил. Давж тэсэж, оргилд гарахын амтыг мэдэрсэн хүн л цаашаа явна.
-Эверест та бүхнийг хэрхэн хүлээж авав, салхи шуурганы хүч ямар байв?
Эверестийн оргилд зүтгэсэн 100-аад хүний дотор эрчүүд маань авиралтаа хийсэн. Гуравдугаар отгоос дайрч оргилдчихоод, буцаад хоёрдугаар кэмп дээрээ эмэгтэйчүүдтэйгээ адилхан буугаад ирсэн. Супер гэж болохуйц авиралтыг бид хийж чадсан. Тэр үед салхи шуурга ихтэй байлаа. Үнэхээр л монгол хүний тэсвэр тэвчээрийг шалгасан даа.
-Далайн түвшнээс дээш 8848 метрийн өндөрт өргөгдсөн Эверестийн оргилд тэмүүлэхэд хэцүү нь юу байв. Оргил дээр хэр удав?
-Энэ жил Хятадын талаас кэмп нээгдээгүй. Непал талаасаа авирсан. Далайн түвшнээс дээш 5350 метрт бид 40 хоног бараг л “амьдарчихсан”.
Кумбу гэж аюултай мөсөн гол бий. Шөнө хэдэн хэдэн удаа нуранги ороод ирнэ, өдөрт тал талаас “түн тан” гээд л нүргэлээд байна шүү дээ.
Заримдаа зам таслагдчихдаг. Бууж байхад таслагдаад зам засварын хүмүүсийг гурван цаг хүлээсэн удаа байгаа.
Бидний явах зам дөрөв, таван удаа шинэчлэгдсэн. Том мөснүүд унаж ирээд л таглачихна. Дэлхийн хамгийн хатуу мөс тэнд байдаг. Хэр баргийн зүйл зоогдохгүй. Муурын хумс (Кошка) бол арай ядан зоогдож байна лээ. Халтирч унах юм бол тогтохгүй доошоо “нисээд” л алга болохоор юм билээ.
Эверест хятад талаасаа мөс, ангалтай харагдаж байсан. Харин непал талаасаа битүү хар хадан уул л харагдсан. Торгон оргил бол нарийхан л даа. Олс татаад хамгаалчихсан байдаг. Яг наана нь салхинд идэгдсэн оргил дээр л бид гарч байгаа юм. Би 21 тугтай, Анхаа 5 тугтай байсан байх, бид хоёр хамтдаа оргил эзэллээ. Туг болгоныг барьж зураг даруулна гэдэг хэцүү. Шуургатай ч байлаа. Зургийн аппарат, утас унтраад л. Арын хүмүүс дарааллаад “хурдал, хурдал” гээд тугаа барьчихсан зогсож байх жишээтэй (инээв).
19-ний өдөр хоёрдугаар отог дээр бууж ирсэн. Үндсэн баг аварилтаа хурдтай, эрчтэй хийсэн. Үндсэн кэмпээс авиралтаа эхлээд хоёрдугаар кэмп дээр амарчихаад, гурваас нь 7 цаг 30 минутын үед дайралтаа эхлүүлж, үүрээр оргилдчихоод л буцаад хоёрдугаар кэмп дээр буугаад ирсэн. Эверестийн оргилд гарах болон бууж ирэхэд нийтдээ 39 цаг 23 минутыг зарцуулсан. Үнэн супер авиралт болсон л доо. Миний хувьд майхныхаа мухарт шигдээд хүчилтөрөгчөө 0,5 дээр тавьчихаад 13 цаг унтсан. Нойр ч сайн авч байсан. Маргааш нь оргилын дайралт байсан учраас 48 цагийн дайралтыг даван туулах ёстой. Бэлтгэл сайтай байсан.
-Авиралт хийж байх явцад бахархууштай зүйл юу байв?
-Монголын хүчтэй баг ирсэн байна гэж Эверестийн кэмп даяараа ярилцаад эхэлсэн. Бид ч хүчтэй байсан. Дайралт хийдэг шөнө явж байхад “Монголын баг ирчихлээ” гээд дарааллаад хана өөдөө гарч байхад бид нар шууд хажуугаар нь гараад явчихсан. Ямар ч дараалалтай замд ороогүй. Эргээд харахад манай эмэгтэйчүүд аалз шиг авираад гараад ирсэн. За, асуудалгүй юм байна гээд л дээшээ өгссөн. Бид 1 цаг 30 минутын үед дайралтаа эхлээд 4 цаг 30 минутын үед үүр цайхтай зэрэгцэн Кумбу мөсөн голыг гаталж, аюулгүй газарт ирчихсэн. Бахдалтай байсан. Энэ мөсөн гол их аюултай, харанхуй шөнө хэдэн зуун тонн мөснүүд дээрээс уначих гээд байгаа юм шиг айдас төрүүлдэг.
-Тийм сүрдэм өндөрлөгт байхад юу бодогдож байх юм. Ер нь уулчин хүний зорьдог хамгийн оргил өндөр хаана байдаг юм бэ?
-Эверестийн оргил дээгүүр онгоц ч нисдэггүй л юм шиг байгаа юм.
Эверестээс өндөр оргил бидний дотор бий. Тэр бол хүн байх, хүн хүнээрээ, уулчин уулчнаараа үлдэх оргил. Хэчнээн амжилт гаргаж, хэчнээн өндөрт гарсан ч хүн хүнээрээ үлдэх ёстой.
Анх ямар байсан, манай баг ямар байсан гээд өөрөөрөө л үлдэх ёстой юм болов уу. Ангараг гараг дээр байгаа Олимп гээд уул л уулс уулсаас өндөр оргил байна (инээв). Хүмүүс хоёр хөлгүй хүн Эверестэд гарч байна, ийм амархан болчихсон байна шүү дээ гээд байгаа юм. Түүний утга учир нь өөр юм. Өнгөцхөн ойлгож, хандалт авч “шоудах” хэрэггүй.
Эверестийг амархан гэж харуулахдаа бус энэ бол дэлхийн сая, сая хүнд итгэл найдвар, урам зориг өгч байгаа явдал. Сэтгэл санаагаар унаж болохгүй, амьдрах хэрэгтэйг сануулж байна. Хоёр хөлгүй ч Эверест гэх дэлхийн хамгийн “зэрлэг” ууланд гарч чадснаараа үүнийг л хэлээд байгаа хэрэг.
-Уулын спортын онцлог гэвэл та юуг хэлэх вэ. Одоо хүн болгон л ууланд авирдаг, “уулчин” боллоо шүү дээ.
-Бид тавдугаар сарын 18-нд авираад 19-ний үүрээр буусан. 19-ний орой Орос, Украины баг авирсан. 21-нд уулзахад “бид нар та нарын замаар явлаа. Үхэл дундуур. Сүүлдээ юун дундуур явж байгаагаа ч мэдэхээ больчихсон” гэсэн. 18-ны өдөр авирсан хүмүүсээс долоон хүн үлдчихсэн байна гэсэн.
Нэг хүн “ниссчихсэн” гэж сураг бий. Найз маань “хүмүүс яагаад бэлтгэлгүй ирж байгаа юм бэ. Хоёр гурван жил бэлтгэл хийж ирж байхад зүгээр л зугаалж байгаа хүн шиг ирээд үхэж байна шүү дээ” гэж байсан.
Гэхдээ хүмүүс үнэхээр чадал нь барагдаад унаж байсан л даа. Яв гээд явж чадахгүй байж байтал хүчилтөрөгч нь дуусна. Энэ үед шерпа яалт ч үгүй орхиод буухаас өөр аргагүй. Тэгээд л тэндээ “үүрд” үлдэж байгаа юм даа. Мөнгийг нь төлөхгүй л бол буулгаж ирэх боломжгүй. Манай 8К дээр нэг, хоёр хүн байхгүй болчихсон юм шиг байна лээ. Тэд майхнаасаа гарч ирэхгүй, бөөн л уйлаан болж байна гэсэн. Тиймээс Эверестийн авиралт гэдэг өөр шүү.
Хариуцлагатайгаар хэлье, ямар ч бэлтгэлгүйгээр Эверестэд авирна гэдэг “амиа хорлож” байгаагаас ялгаагүй зүйл.
-Уулчид “шерпа”-даа хамаг ачаагаа өгчихдөг юм биш үү?
-Хүмүүс уулчдыг бүх юмаа шерпад өгчихөөд “өөрсдөө бараг чирүүлээд гардаг юм биш үү” гээд байдаг. Бидний хувьд дайралт хийхэд шаардлагатай бүхий л зүйлээ гуравдугаар отог дээр өөрсдөө авч ирж орхиж байгаа юм. Шерпа ачаа хүнддээд байвал үүрнэ л дээ.
Шерпа ч гэсэн “хүн шүү дээ”. Бидэнд туслах л үүрэгтэй болохоос бидний “хөлсний портер” биш шүү дээ.
Үндсэн кэмп хүртэл том цүнхтэй ачааг үүрч зөөдөг нь тусдаа байдаг. Шерпа туршлагатай, харж хянаж зөвлөнө, эвгүй газар татаж, тулж дэмнэнэ. Нэг хүн 3-4 хүчилтөрөгч хэрэглэнэ, шерпа дор хаяж 3-ийг хэрэглэнэ. Нэг нь 4 килограмм. Миний үүрч явсан ачаа 14 орчим килограмм болж байсан. Тэгэхээр хоосон авирдаг гэх яриа худлаа шүү. Шерпа хүртэл амь насаа алдах эрсдэлтэй. Тэр хүн тамирдчихвал яах вэ, хүчилтөрөгчийг нь сольж өгч чадахгүй бол яах вэ гээд асуудал байна шүү дээ.
-Танай багаас О.Золбоохүү түрүүлээд авираад явчихсан гэсэн. Энэ ямар шалтгаантай вэ. Хүмүүс олон янзаар л хэлэлцэж байна?
-Найман хүнээс долоо нь ард үлдэж, нэг нь түрүүлээд авиралтаа хийсэн шалтгаан бол Золбоо үндсэн кэмпээс доошоо буугаагүй. Үндсэн кэмп дээр удчихсан байхгүй юу. Удчихсан учраас зам тавигддаг л юм бол явъя гээд, багийнхнаасаа зөвшөөрөл авч явсан. Мөн бид удирдлагуудаас гуйж байгаад л явуулсан. 11 болон 13-нд дайралт эхэлнэ та нар яах вэ, гэхэд нь “бид нар арын дөрвөн хүнээ хүлээж байя” гэсэн. Үүнийг зарим хүмүүс буруугаар ойлгож байх шиг байна. Энэ бол багийн ажиллагаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Авиралтаа хийж дуусгачхаад хамтдаа бууж ирсэн.
-“Эверест-Лхоце” оргилд баг ахалж явахад ямар байв, багийн ахлагчийн хувьд сэтгэглээсээ хуваалцахгүй юу?
-Оргилд гарах хэцүү, буух ч хэцүү. Нэг эмэгтэйн маань бие их сул байлаа. Буцах ухааны зүйл яриад байхаар нь энэ хүртэл ирчихээд “маргааш хоёрдугаар кэмпээс хүчилтөрөгч хэрэглэ” гэсэн санал тавьсан. Уг нь гурваас хэрэглэх ёстой юм. Багийн ахлагч бол бүх хүмүүсээ мэдэж байх ёстой. Нөгөө эмэгтэй маань гурав дээр миний ард хүрээд ирсэн. Хүчилтөрөгч “янзын” юм байна гээд л. Ингээд “оргилдох” нь ойлгомжтой боллоо гэж бодсон.
Бид долуулаа Лхоцегийн дөрөвдүгээр кэмп дээр хамт ирсэн. Гурван эрэгтэй нь дээшээ явж, энэ дөрөв маань дайралтаа хийх гээд үлдсэн. Золбоо урд авираад л яваад байгаа шүү дээ. Эверестэд оргилдчихоод багийнхаа эмэгтэйчүүдийг дөрөв дээрээ байна уу, үгүй юу гээд яаран буугаад ирэхэд аль хэзээний хоёр нь бууж, хоёр нь үлдчихсэн байсан. Гуч дөчин минут амарчихаад буулаа гэхэд нь би гурав руу бууж байгаа юм. Бид урд хойноо ороод л хоёрдугаар кэмп рүүгээ орцгоосон. Тэгэхэд миний нүдний өмнөөс хэн ч алга болоогүй, хэн ч бэртээгүй, харин нэг эрэгтэй маань гарынхаа таван хурууны өндгийг хайруулсан.
-Эх орондоо ирээд биед ямар өөрчлөлт мэдрэгдэж байна даа. Тэнд үйлчилгээ, хоол унд нь ямархуу байв?
-Бид нар хоёр сар хэртэй хүчилтөрөгчийн дутагдалд орчихсон, амьдарчихсан. Монголдоо ирээд тайвширч, одоо ядрал мэдрэгдэж байх шиг байна. Утсаар ярьж байгаад л унтчихсан байх жишээтэй. Манай компанийн үйлчилгээ “тасархай” байсан. Өглөөний цай, өдөр оройн хоол, амттантай. Булчингаа суллаж, вино, виски уух уу гээд л асуугаастай. Сүүлдээ биднийг сайхан байлгах гээд хятад хоол л өгөөд байх болсон. Мах ихтэй хоол нь Хятад хоол л доо. Сайхан “хусна шүү дээ”.
-Та бүхэн хэр хэмжээний зардал мөнгө гаргаад Эверест болон Лхоцед авираад ирэв ээ?
-Тэрбум төгрөгний үнэтэй төсөл болсон. Бид 90 хувийг нь өөрсдөө гаргасан гэж бодоход хэр хэмжээний хүч чармайлт, сэтгэл зүтгэл гаргасан нь мэдрэгдэх болов уу. Төр засгийн дэмжлэггүйгээр зөвхөн ард түмэн, бизнесменүүдээсээ тусламж аваад явсан. Манай багийнхан өөрсдөө ч бас хандив босгосон. “Жаргалант уулчдын клуб” нэр дээр 63 орчим сая төгрөгийн хандив орж ирсэн. Уулын авиралт бол маш үнэтэй, хариуцлагатай спорт. Гэхдээ мөнгөндөө ч гол нь биш. Бид улс орныхоо нэрийг гаргаж ирж чадсандаа л их баярлаж байна. Багийнхандаа их баярлалаа, хоёр багшдаа баярлалаа. Биднийг ивээн тэтгэж урам зориг өгсөн бүх хүмүүстээ маш их баярлалаа. Аюулгүй авиралтыг сонирхож байгаа хүмүүс их хандив өргөсөн. Бүгдэд нь баярлалаа.
Үргэлжлэл бий...
М.Дэвээжаргал
Р.Батхишиг
Сэтгэгдэл (4)