"Залуус" булангийн энэ удаагийн дугаараар хог хаягдлыг бууруулах зорилгоор олон ажил, төслийг санаачлан хэрэгжүүлж буй “Өнгө нэмье” хог хаягдлын менежментийн компанийг онцолж байна. Улаанбаатар форумын үеэр тус компанийн төслийн менежер н.Наранцэцэгтэй цөөн хором ярилцсан юм.
-Танай компанийн үйл ажиллагааны гол чиглэл, зорилго юу вэ?
-Манай “Өнгө нэмье” компани хог хаягдлын менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг. Тодруулбал, албан байгууллага болон хотхон хороололд хог хаягдлаа хэрхэн ангилж, яаж тээвэрлэх талаарх системийг нь төлөвлөж өгдөг гэсэн үг.
-Арга хэмжээний үеэр танилцуулж байгаа төслийнхөө тухай ярьвал?
Хог хаягдлын ангилан ялгалтыг хүүхдүүдэд багаас нь дадал зуршил болгох зорилгоор “Зориг сан”-тай хамтран хэрэгжүүлж байгаа төсөл.
Бидний өдөр тутмын хэрэглээнээс үүдэлтэй хог хаягдлыг ангилж ялгаад дахин боловсруулах үйлдвэрт аваачхад өөр төрлийн бүтээгдэхүүн болдог гэдгийг харуулах зорилготой. “Ви Эм” төслийн хувьд хэрэгжиж эхлээд цэцэрлэгүүдэд нэлээн амжилттай туршигдаад явж байна.
Монгол инженерүүдийн урлаж байгаа энэхүү ухаалаг хогийн сав одоогоор хөгжүүлэлтийн шатандаа явж байгаа.
-“Ухаалаг (автомат) хогийн сав”-ны онцлогийн талаар дурдахгүй юу?
-Уг хогийн сав нь лааз болон хуванцарыг хүлээн авах зориулалттай. Мөн бидний өдөр тутмын хэрэглээнээс хамгийн их үүсдэг дахин боловсруулах боломжтой дахивар хаягдал буюу ус ундааны сав, лаазыг хогийн нэгдсэн цэгт аваачихгүйгэээр эндээ төвлөрүүлж, шууд дахин боловсруулах үйлдвэр рүү тээвэрлэх боломжтой болж байгаагаараа онцлог. Бүр мөн чанартаа хүмүүсийг хариуцлагатай үйлсэд уриалсан төсөл. Хог хаягдлыг дахин боловсруулах, эдийн засгийн эргэлтэд оруулахад тулгамдаж буй нэг асуудал бол түүнийг цуглуулах явдал. Үүнийг шийдэхээр дахивар хаягдал хүлээн авдаг төхөөрөмжийг зохион бүтээсэн.
Шилийг дахин боловсруулснаар хүлэмжийн хийг 42 хувиар бууруулах боломжтой. Хогийн цэгт шил задрах гэж 1 сая жил болдог. Дэлхийн нийт хог хаягдлын 8 хувийг шил эзэлж байна. Шилний хогийг багасгаснаар агаарын бохирдол 20 хувь, усны бохирдол 50 хувь хүртэл буурна.
-Ажиллах горим нь ямар дараалалтай байдаг вэ?
-Лааз болон хуванцар савны баркодыг танигдаж уншуулаад, хүлээн авч доторх хийг нь шахан гаргаад дахин боловсруулах үйлдвэрийн түүхий эд болгодог юм. Байгальдаа, нийгэмдээ, ирээдүйдээ ээлтэй хүн бүрд зориулан тэд энэхүү "Өнгө нэмье" дахивар цуглуулах автомат машиныг бүтээсэн юм.
Түүнчлэн хог ангилан ялгах, тэднийг танихад туслах Хуба (хуванцар сав), Гяла (гялгар уут), Шилла (шил лааз), Цааха (цаасан хайрцаг), Комбо (хүнсний хаягдал) гэх дүрүүдийг бий болгосон байна.
“Эдгээр дүрүүдийг өөрсдийн сурдаг сургууль, амьдардаг орчныхоо хогийн саван дээр байршуулж болно. Ингэснээр нэгдсэн нэг стандартыг бүх нийтээрээ нэвтрүүлж хог хаягдлаа ангилан ялгаж дахин боловсруулах үе шатанд туслах юм” гэж тайлбарлажээ.
М.Дэвээ