20 жилийн түүхтэй хамгийн том амьд хөгжмийн фестиваль болох “Playtime” наадам маргааш эхлэх гэж байна. Залуусын хүсэн хүлээдэг энэхүү наадам цар тахлын улмаас түр хугацаанд завсарлага аваад байсан бол энэ жил эргэн ирэлтээ өргөн хүрээнд хийж байгаа нь энэ юм. Бид энэхүү наадмын онцлох хамтлагийн нэг “Deaf cats” амьд хөгжмийн хамтлагийн гишүүдтэй маргааш болох “Playtime” наадмын талаар хэсэг ярилцлаа. Онцлох гэсний учир нь тэд Монголдоо блюз урсгалийг хөгжүүлэхээр өөрсдийн сонирхол, зүрх сэтгэлдээ хөтлөгдөн нэгдсэн залуу уран бүтээлчид юм. “Deaf cats” байгуулагдсан цагаасаа эхлэн блюзд суурилсан цоо шинэхэн уран бүтээлийг өөрсдөө туурвиж сонсогчдийн хүртээл болгосоор иржээ. Ингээд та бүхнийг “Deaf cats” хамтлагийн басс гитарчин Б.Итгэлт, дуучин Ц.Ариунбулган нартай уулзуулъя.
- Бидний урилгыг хүлээж авсан та бүхэнд баярлалаа. Юун түрүүнд удахгүй болох “Playtime” фестивалийн бэлтгэл ажил хэдэн хувьтай ямар шатанд явна вэ? үүгээр яриагаа эхэлье.
- Сайн байна уу. Манай хамтлагийн хувьд сүүлийн хэдэн долоо хоног “Playtime” наадмын бэлтгэл ажилд зориулаад байна. Одоогоор 80 орчим хувьтай бэлтгэл хангагдсан гэж хэлж болно. Сонсогчдод аль болох шинэ уран бүтээлтэй орох бодолтой байгаа. Тиймээс шинэ уран бүтээлийн найруулга, аян дээрээ илүү их цаг зарцуулж байна.
- Танай хамтлагийн хувьд энэхүү фестивальд хоёрдох жилдээ оролцож байгаа гэсэн. Энэ жилийн хувьд юугаараа ялгаатай байна вэ? Өнгөрсөн хоёр жил цар тахлын улмаас түр хугацаанд завсарлага авсан. Мөн энэ жил 20 жилийн ой гэдэг утгаараа илүү өргөн хүрээл зохион байгуулагдаж байх шиг байна.
- Тийм ээ. Энэ жилийн хувьд өмнөх жилүүдээс маш их ялгаатай. Цар тахлын улмаас хоёр жил хөл хорионд өнгөрүүллээ. Энэ хугацаанд “Playtime virtual” буюу цахимаар болсон. Харин энэ жилээс эргээд Монгол шилтгээндээ, амьд тоглолттойгоор эргэн ирж байна. Тэр ч утгаараа зохион байгуулалт сайтай,дотоод, гадаадын илүү олон хамтлагууд ирж оролцож байна.
- Энэ жил наадмын 20 жилийн ойд зориулаад баримтат кино, үзэсгэлэн зэрэг гаргаж байсан. Сая гуравхан хоногийн өмнө хүртэл “Playtime pre party” болсон шүү дээ. Үүнд оролцсон сэтгэгдлээсээ хуваалцаач?
- Фестиваль маань улам хөгжиж байна. Өмнөх жилүүдээс илүү сайн зохион байгуулалттай, илүү олон үйл ажиллагааг хамраад дэлхийн фестивалийн хэмжээнд очиж байна гэж харж байгаа. Арын албанд нь 2000 орчим хүмүүс ажиллаж байгаа гэсэн. Тийм ч учраас хоёр сарын өмнөөс эхлээд фестивалийн уур амьсгал оруулж эхэлж байна. Тэр бүх хүмүүсийн сэтгэл, хөдөлмөр шингэсэн илүү өндөр хэмжээний зохион байгуулалттай болж байгаад баяртай байгаа. Фестивалийн өмнөх парти буюу “pre party”-гаар дамжуулж бид юу бэлдсэн бэ, ямар үйл ажиллагаа болох вэ гэдгийг цухас дурдсан гэж хэлж болно. Энэ бол ердөө таван хувийг нь амтлуулаад үлдээсэн.
- Анх энэхүү фестивальд орох саналыг хэн тавьж байв. Эсвэл шалгаруулалтаар орж байсан уу?
- Монголд байгаа амьд хөгжмийн хамтлагуудын хамгийн эхний зорилго “Playtime”-ийн тайз байдаг байх. Монголдоо байгаа хамгийн том, хамгийн сайн дуугаралттай амьд хөгжмийн фестиваль. Тэр ч утгаараа нэг жилийн өмнөөс эхлээд хамтлагуудаа сонгон шалгаруулалтаар авдаг. Бид тэрхүү сонгон шалгаруулалтад тэнцээд энэ тайзан дээр гарахаар болсон.
- Хэдэн жилийн өмнө фестивалийг зөвхөн рок хөгжмийн фестиваль гэж ойлгох хүмүүс олон байсан. Тухайн үед магадгүй толгойгоо сэгсрэх нь гоё байсан бол одоо ирж байгаа хүмүүс арай өөр ойлголттой болсон болов уу? Юу гэж бодож байна вэ?
- Тиймээ. Одоо ирж байгаа хүмүүс өөрсдийн хүссэн төрөл жанрын хөгжмийг сонсох боломжтой шүү. Hip hop, techno, electronic, амьд хөгжим гэх мэт. Энэ нь зөв л дөө, яагаад гэвэл энэ бол хөгжмийн фестиваль шүү дээ. Ингэж байж ирж сонирхож байгаа хүмүүс маань сонирхдог хөгжмийн соёлоо бие биеэсээ суралцана.
- Манай сайтын уншигчдад зориулаад хамтлагийнхаа талаар танилцуулаач?
- Амьд хөгжим гэхээр үсээ савдаг, рок хөгжим гэж ойлгодог үе ард үлдсэн. Бүх хөгжим амьд. Бидний сонсдог репперүүд хүртэл бүгдээрээ ардаа амьд хөгжимтэй дуулдаг. Манай хамтлагийн хувьд блюз жанрт суурилж уран бүтээлээ туурвидаг. Энэ нь блюз урсгалын элементийг ашиглаад өөр олон урсгалын хөгжмийг нийлүүлж турших маягаар бүтээдэг гэж ойлгож болно. Блюз рок, блюз хип хоп, блюз фолк ч юм уу блюз дээр суурилсан.
- Анх хамтлагаа хэрхэн байгуулж байсан бэ. Гишүүдийн хувьд хөгжмийн сууриа хаанаас олж авч байв?
- Бид дөрвүүлээ мэргэжлийн бус уран бүтээлчид. Цэвэр сонирхлоороо нэгдсэн гэж хэлж болно. Миний хувьд багаасаа рок хөгжим сонсох дуртай, хүүхэд байсан. Гитар тоглож үзэхийг хүсдэг байсан ч гитар байхгүй болохоор тоглож үзэх боломж олддоггүй байсан юм. Харин 11 дүгээр ангид байхдаа утсаа зараад банзан гитар аваад өөрөө youtube ухаж байгаад анх гитар тоглож сурч байсан. Тэр үеэс хойш өнөөдрийг хүртэл ямар нэг сургалтад хамрагдаагүй, өөрөө оролдож үзэж байгаад сурсан.
"Deaf Cats" хамтлагийн дуучин Ц.Ариунбулган: Дөрвөн өөр мэргэжилтэй, дөрвөн өөр насны хүмүүс нэгдсэн
-Би ч бас тийм мэргэжлийн дуучин хүн биш, хамтлагийн маань басс гитарчин Б.Итгэлт бид хоёр найзууд байсан юм. Тухайн үедээ блюз хамтлаг байгуулмаар байна гээд надад ярихад нь дэмжээд өнгөрсөн. Гэтэл удалгүй намайг хамтлагтаа дуулах санал тавьсан. Би чинь мундаг дуулдаг хүн биш шүү дээ, намайг дуулуулж үзээд яг болох юм байна гэсэн. Ингээд бид Б.Итгэлтээр дамжаад хамтлагаа байгуулж байсан. Бид бүгд блюзтэй ямар нэг байдлаар холбоотой хүмүүс байсан. Миний хувьд тухайн үед блюз хөгжмийг сонирхож сонсдог байсан бол манай хамтлагийн гурван гишүүн энэ урсгалд “маш их” дуртай, бүр хайрладаг хүмүүс. Монголд харин энэ төрлийн амьд хөгжмийн хамтлаг ер байдаггүй. Блюз урсгалын ковер хийдэг хамтлаг байдаг хэдий ч өөрсдөө ая, үгээ бичнэ гэдэг амаргүй. Тиймээс блюзийг Монголд хөгжүүлье гэдэг бодлоос бид эхэлсэн. Хамтлагийн гишүүдийн хувьд дөрвөн өөр чиглэлийн, дөрвөн өөр насны хүмүүс бий. Хамгийн бага маань энэ жил ЕБС-аа төгссөн, харин хамгийн ахмад нь би. Саяхан их сургуулиа төгссөн. Манай бөмбөрчин сая их сургуульд орсон .
- Дурлаж, хайрладаг гэхээр хөгжмөөр маш гүнзгий мэдрэмж өгдөг байхнээ. Магадгүй блюзийг үгээр илэрхийлбэл?
- Энэ бол үгээр илэрхийлшгүй зүйл. Өмнө нь дандаа хүнд хөгжим сонсдог байсан надад эцэст нь блюз л жинхэнэ хөгжим юм байна гэдэг бодол төрсөн. Магадгүй сонсоод үзвэл мэдрэх байх. Анх боолчлолын үед цагаан арьстнууд харуудад өөрсдийн хэрэггүй болсон хөгжмөө өгч, түүгээр нь өөрсдийн тухайн үеийн мэдрэмжийг яг байгаагаар нь нэг нотоор тоглодог байсан гэдэг. Юунд ч баригдахгүй, ямар нэг ийм байх ёстой гэсэн зүйлгүй гэж хэлж болно. Амархан мэт сонсогдож байв ч хамтлагийн гишүүн бүр нэг нэгнээ мэдэрч шууд “jam” хийнэ гэдэг маш их чадвар шаардахаас гадна хэцүү шүү дээ.
- “Deaf cats”-ийн анхны тайз хаана байв. хамтлаг байгуулснаас хойш хоёр жил гаруй хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд гарсан хамгийн том тайз аль тайз байв?
- Бид баарны тайзнаас анх эхэлсэн.Бид Харин хамгийн том тайз маань “Playtime” байсан. Өнгөрсөн зун "Digital nation" арга хэмжээн дээр бас тоглосон юм байна.
Басс гитарчин Б.Итгэлт: “Playtime” фестиваль бол олон төрлийн хөгжмийн соёлыг нэгтгэсэн томоохон наадам, хүмүүс энд бие биеэ хүндэлж, суралцаж байдаг
- Амьд хөгжим гэхээр үсээ шидэлсэн, рок хөгжим гэдэг ойлголт ард үлджээ. Залуус үүнийг соёл гэдэг талаас нь илүү мэдэрч ойлгодог болсон. Магадгүй анх хамтлагаа байгуулна гэхэд иймэрхүү асуудал тулгарч байсан уу?
- Нийгмийн масс өмнөх үеэ бодвол ойлгож хүлээж авдаг болсонд баяртай байна. Илүү бие биеэ хүндэлдэг болсон байна.Рок, хип хоп сонсох үе байлгүй яах вэ. Энэ бүгдийг нэг цэгт нэгтгэж байгаа зүйл нь өөрөө амьд хөгжмийн наадмууд байдаг. Хүмүүс өмнө нь амьд хөгжим гэхээр “үсээ шидэлдэг” гэж ойлгодог байсан бол одоо соёл, урлаг гэдэг утгаар нь хүндэлдэг болсон.
- Тэгэлгүй яах вэ, бид багадаа дуу шүлэг сурч анх урлагийн боловсрол авч байсан үеийнхэн. Яг түүгээрээ л төгсөж байсан. Бидний үеийнхэнд урлагийг ойлгож, уншина гэдэг ойлголт бараг л байгаагүй шүү дээ. Магадгүй урлагийн боловсролыг ямар хэлбэрээр хүүхдүүдэд заах ёстой гэж бодож байна вэ?
- Хөгжмийн боловсрол гэдэг хичээл дээр хэрэгтэй хэрэггүй онол, нот заагаад үлддэг. Хэрэгтэй, хүртээмжтэй боловсрол олгож байна уу гэвэл асуудалтай шүү дээ. Тиймээс багаас нь, ЕБС-д байхаас нь хүүхэд бүрт хөгжим заагаад өгчих хэрэгтэй. Заавал эцэг эх нь мөнгө төлж хүүхэд нь хөгжмийн авьяасаа нээх биш сургуульд нь хүссэн хөгжмөөр нь хичээллүүлдэг байх боломжоор хангах хэрэгтэй. Хөгжмийн хичээл дээрээ төгөлдөр хуур, гитар, бөмбөр ч юмуу дуртайгаа сонгоод түүгээрээ хичээллэх боломж өгч байж багаасаа урлагийг ойлгодог болно. Хөгжим тоглох, урлаг ойлгодог байх гэдэг том ур чадвар. Наад зах нь хувь хүний төлөвшил, хандлагад хүртэл нөлөөлдөг. Хүн урлагаар хүмүүждэг гэдэг дээ. Яг л үүнтэй адил. Урлагтай ойр өссөн хүүхэд өөрөө биеэ дааж сурна гэж бодож байна.
- Маш их баярлалаа. Маргааш болох фестивальд нь амжилт хүсье. Уншигч, сонсогчиддоо хандаад юу гэж хэлмээр байна вэ?
- Баярлалаа. Бид энэ жилийн “Рlaytime”-д олон шинэ уран бүтээлээрээ гэнэтийн бэлэг барих болно. Удахгүй тэнд уулзацгаая.
Т.Мөнхжаргал