Үндэсний их баяр наадам эхлэхэд долоо хүрэхгүй хоног үлдсэн энэ үед бүх аймгийн галуудын бэлтгэл шувтарч, тус тусынхаа сорилго наадмуудыг хийцгээж байна. Өнгөрсөн бямба гарагт 24tsag.mn-ий сурвалжлах баг бөхийн “Увс нуур” галын сорилго барилдааныг зорих үедээ Япон улсын жүдо бөхийн эрэгтэй шигшээ багийн тамирчидтай уулзаж, хэсэгхэн хором ярилцлаа. Тэд Монгол Улсад хамтарсан бэлтгэл хийсэн бөгөөд, амарч буй өдрөө ашиглан Монгол үндэсний бөхийн барилдааныг үзэж сонирхохоор ирсэн байв.
Юуны түрүүнд бидэнд шигшээ багаа ахлан ирсэн 2004 оны Афины олимпын аварга, дэлхийн хошой аварга, Японы шигшээ багийн дасгалжуулагч Кейзу Сузукитэй ярилцах боломж олдов.
-Сайн байна уу, Та? Монгол Улсад ирсэн сэтгэгдлээсээ хуваалцана уу?
-Монгол Улсад ирсэн сэтгэгдэл өндөр байна. Цаг агаар нь маш тааламжтай байна. Монгол Улсын шигшээ багтай зохион байгуулсан хамтарсан бэлтгэл дуусаад бидэнд цаг гарсан тул Монголын үндэсний бөхийг үзэж сонирхохоор хүрээд ирлээ.
-Монгол Улсад хэдэн хүний багтай, ямар зорилгоор ирсэн бэ?
-Миний хувьд Японы эрэгтэй шигшээ багийг ахлан Монгол Улсад ирсэн. Манай шигшээ баг тэмцээн болон хамтарсан бэлтгэлд оролцохоор долоо хоногийн өмнө буюу бүтэн сайн өдөр Монгол Улсад газардсан. Хоёр өдрийн тэмцээн болон хамтарсан бэлтгэл амжилттай явагдаж өндөрлөлөө.
Үүний дараа бид 2016 оны Ази тивийн аварга, 2021 оны +100 кг-ийн дэлхийн аварга Японы шигшээ багийн тамирчин Кокоро Кагуертай ярилцсан.
-Монгол үндэсний бөхийг үзсэн сэтгэгдлээсээ хуваалцвал? Урьд өмнө нь Монголын үндэсний бөхийн тухай мэдлэгтэй байсан уу?
-Монгол үндэсний бөх нэлээд алдартай шүү дээ. Бид уг бөхийн төрлийг тодорхой хэмжээнд мэднэ. Харин өөрийн нүдээр хажуухнаас нь үзэх боломж олдсон явдалд сэтгэгдэл маш өндөр байна. Япончуудын хувь үргэлж тусгайлан зассан дэвжээн дээр барилддаг. Харин монголчууд байгаль дээр шууд барилдаж байна. Энэ онцлог нь надад их таалагдлаа.
-Таны хувьд нутаг дээрээ зохион байгуулагдсан Токиогийн олимпд оролцож чадаагүй. Мэдээж 2024 оны олимпд түрүүлэх зорилготой байгаа байх. Дахиж олимпыг өнжихгүйн тулд өөрийгөө хэрхэн бэлдэж байгаа вэ?
-Би дэлхийн аварга болсон хэдий ч олимпд оролцож чадаагүй. Гэхдээ өнгөрсөн зүйлсийг өнгөрсөнд нь үлдээгээд дараагийн олимпын аварга болохын тулд бэлтгэлээ хуваарийн дагуу шаргуу хийж байгаа. Одоогийн байдлаар бэлтгэл маш сайтай байна.
Харин эцэст нь -66 кг-ийн жингийн дэлхийн хошой аварга Жоширо Маруяматай ярилцсан билээ.
-Сайн байна уу? Та 2021 оны ДАШТ-ээс хойш олон улсын ямар нэгэн тэмцээнд оролцолгүй бүтэн нэг жилийн хугацааг өнгөрөөлөө. Энэ оны ДАШТ-ээс өмнө дэвжээн дээрээ эргэн ирэх болов уу?
-Харамсалтайгаар олимпын наадмыг өнжсөн. ДАШТ-ээс өмнө ямар нэгэн тэмцээнд оролцох төлөвлөгөөгүй байна. Шууд аравдугаар сарын 6-12 хооронд Узбекистан улсын нийслэл Ташкент хотод зохион байгуулагдах ДАШТ-д оролцох байх. Одоогийн байдлаар дэлхийн гурван удаагийн аварга болох зорилготой үнэхээр хүнд бэлтгэл хийж байгаа.
-Та Монгол бөхчүүдийн эсрэг цөөнгүй удаа нүүр тулж, дэвжээний хажуухнаас барилдаануудыг нь ажиглаж байсан. Тэд бусад орны бөхчүүдээс юугаараа онцлог вэ?
-2021 оны ДАШТ-ээр Ёндонпэрэнлэйн Басхүүтэй барилдаж байсан. Түүний хувьд бусад тамирчдыг бодвол ажиллах чадвар өндөртэй, бяр сайтай тамирчин. Түүнд ямар ч сул зай өгч болохгүй. Үл ялиг зай өгөх юм бол аюул тарьж мэдэх жингийн маань шилдэг өрсөлдөгчдийн нэг шүү.
-Тэгвэл Монгол бөхчүүдийн сул тал юу байдаг юм бол?
-Миний анзаарснаар монгол бөхчүүд ерөнхий барилдаан сайтай. Ер нь бол ямар нэгэн байдлаар барилдаад сурчихсан хүмүүс байдаг. Гэхдээ үндсэн барьцаа аваад, мэхээ хийгээд явах жүдогийн үндсэн барилдаан дээр бага зэрэг ур чадвар сул харагддаг.
-Та Парисын олимпд түрүүлэх зорилготой байгаа байх. Тэгвэл уг зорилгод тань саад болж мэдэх Токиогийн олимпын аварга Абэ Хифүмигээс гадна жингийнхээ хамгийн шилдэг өрсөлдөгчдөөс нэрлэвэл?
-Мэдээжийн хэрэг Абэ Хифүми бол манай жингийн шилдэг нь. -66 кг гэдэг бол хамгийн их өрсөлдөөнтэй, шилдэг жингүүдийн нэг. Жингийнхээ бүх өрсөлдөгчдийг ижил түвшинд хүндэлж, тэдэнтэй барилдах үедээ бүх хүчээ ашигладаг. Тийм болохоор хэд хэдэн хүний нэрсийг тодорхой нэрлэх бараг л боломжгүй.
-Хэдхэн хоногийн өмнө зохион байгуулагдсан “Улаанбаатар Гранд Слам”-ыг үзсэн үү? Уг тэмцээний -66 жинд хэд хэдэн шинэ тамирчид онцгойрлоо. Энэ тухай сэтгэгдлээ хуваалцвал?
-Тэмцээнийг биечлэн үзэж амжаагүй. Гэхдээ барилдаануудыг харахад монгол залуус сайн барилдацгааж байсан. Шинэ залуу тамирчид эрсдэлтэй байдаг л даа. Нэг цоорчих юм бол дийлдэхээ болих магадлалтай. Тийм болохоор тэднийг бага дээр нь дарж авахыг хичээдэг. Тэдэнтэй нүүр тулах үедээ хамгийн сайнаараа хичээж барилдах болно.
-Ярилцсанд баярлаа. Олимпын аварга болохыг ерөөе.
-Талархлаа. Чадах бүхнээ хийх болно.
П.Мөнхтамир