Нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд хоёр давхар автобусууд Улаанбаатарын нийтийн тээвэрт явж эхлээд байгаа билээ. Хотын үзэмжид өнгө нэмсэн, хэрэглэгчдийн сонирхлыг татаж буй энэ хоёр давхар автобусын түүхийн сонин хачнаас хүргэе.
Хоёр давхар автобусны түүх Англитай салшгүй холбоотой бөгөөд анх 1820 онд хоёр давхар автобусны түүх эхэлсэн гэдэг. Үүнээс өмнө 1662 онд францууд хоёр давхар морин тэрэг зохион бүтээсэн ч амжилт олоогүй. Харин англичууд амьдралд хэрэгжүүлж чаджээ.
“Адамс ба К” компани 1847 онд хоёр давхар автобусыг үйлчилгээнд нэвтрүүлэв. Энэ автобусыг Лондонгийн тээврийг удирдах газар захиалсан бөгөөд мориор чирдэг байв. Сонирхолтой нь энэ автобусны хоёрдугаар давхар нь хоёр дахин хямд үнэтэй байжээ.
Компани иргэдийг татахын тулд ийм үнэ санал болгосон бөгөөд өмнө нь хоёр давхар морин тэрэг осолдоход хоёрдугаар давхарт байсан хүмүүс амь насаа алдсан гашуун түүхтэй байжээ. Эхний хоёр сард хоёрдугаар давхарт нь суух хүн олдсонгүй. Удалгүй хотын дарга уриалснаар иргэд суух болсон байна. Гэсэн ч олны сонирхлыг татаж чадсангүй. Харин 1852 онд Жон Гринвуд хоёр давхар автобусны эх биеийг сайжруулснаар хотын иргэд үйлчлүүлэх нь нэмэгджээ. 42 хүн багтах боломжтой болсон бөгөөд хоёрдугаар давхарт нийтийн урт суудал бус тусдаа суудал гаргасан нь бүсгүйчүүдэд ихэд таалагдсан гэдэг.
Их бие хөнгөн болсон учир ердөө гурван мориор чирч байжээ. Харин анхны хөдөлгүүрт хоёр давхар автобус 1924 онд үйлчилгээнд нэвтэрчээ. Битүү дээвэртэй байсан учир бороо их ордог Англид иргэдийн хүсэл сонирхолд нийцэж эрэлт нь нэмэгджээ. Модон суудлыг сольж зөөлөн болгосон байна. Тав тух сайжирсан тул трамвайгаар үйлчлүүлэгчдийг ч татаж чаджээ.
Зохион бүтээгчдийн ачаар автобусны дизайн жил ирэх тусам сайжирч 1954 оноос гал улаан өнгөтэй алдарт “Routemaster” загвар үйлчилгээнд гарснаар хоёр давхар автобусны брэндийн нэр хүндийг улам өсгөсөн түүхтэй юм. 200 гаруй жилийн өмнө үйлчилгээнд нэвтэрсэн давхар автобус хоёр жилийн өмнө манай улсад анх нэвтэрсэн юм.
Харин нийтийн тээврийн парк шинчлэлийн хүрээнд энэ жилээс үйлчилгээнд бүрэн нэвтэрлээ. "Хоёр давхар нь жолоочгүй тул битгий суугаарай" гэх иргэдийн хошигнол Английн дээрх түүхийг сануулж байна.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (3)