Монголын уран бүтээлчид “73 цаг” жүжгийг англи хэлээр 10 гаруй орны театрын тайзнаа тоглох гэж байна. Энэ талаар жүжгийн зохиолч, найруулагч болон уран бүтээлчид мэдээлэл хийлээ.
Жүжгийн зохиолч Х.Наранжаргал: Гаднын улсуудад Монголын театрын урлаг гэж юу юм бэ гэдгийг харуулах маш том боломж
Тэрбээр "73 цаг жүжиг 2004 онд бичигдсэн. 18 жилийн дараа тайзнаа амилах гэж байна. Энэхүү жүжгийн үйл явдал 73 цагийн дотор өрнөдөг. Драмын театрт миний гурван жүжиг тавигдсан. Миний хамгийн анхны телевизийн бүтээл “Сүүлчийн улирал” байлаа. Үүнээс эхлээд ихэнх нь хайр сэтгэлийн тухай жүжгүүд юм. Амьдралыг хөг аялгуу гэж болно. Амьдралд хайр байхгүй бол хөг аялгуу үгүй. Хөг аялгуу байхгүй бол сэтгэл хоосон. Хүн сэтгэл амар явахын тулд хайр хэрэгтэй. Энэ жүжиг маань ч мөн хайр сэтгэлийн тухай жүжиг. Энэ жүжгийг Англи хэл дээр тоглоно. Англи хэл дээр гадаадын үзэгчдэд тоглож үзүүлэх юм. Мөн Монгол, Англи, Орос хэлээр тавих зорилготой байгаа. Гаднын улсуудад Монголын театрын урлаг гэж юу юм бэ гэдгийг харуулах маш том боломж олдож байгаа. Үүнд манайхан хөглөгдөж байгаа гэдэгт итгэлтэй байна" гэв.
“Guys” хамтлагийн дуучин, жүжигчин А.Төгсбаяр: Гадаад хэлээр үндэстэнд нь очиж тоглоно
Тэрбээр "Монголын сор болсон уран бүтээлчид хамтарч ажиллах болсондоо их баяртай байна. Мэдээж алдаа дутагдал гарах байх. Гадаад хэлээр үндэстэнд нь очиж тоглоно. Маш их хичээж байгаа. Би Галаа гэж дүрийг бүтээж буй. Санамсаргүй учралаар нэгэн бүсгүйтэй танилцдаг. 73 цагийн дотор хүний амьдрал хэрхэн өөрчлөгдөж байгааг гайхалтайгаар харуулсан уянгын драмын жүжиг байгаа. Та бүхэн үзээд мэдрэх байх. Хүний амьдрал санамсаргүй учралаар дүүрэн байдаг. 73 цагийн дотор хэрхэн өөрчлөгдөж, хэрхэн буцаж эргэлт хийж байгааг харуулах болно. Мундаг уран бүтээлчидтэй хамтарч байгаадаа баяртай байна" гэв.
Жүжигчин Р.Анхням: Гадаад иргэдийн санаанд буухгүй зүйлүүд манай жүжигт их бий
Тэрбээр "Хүний амьдралд тохиолдож буй эргэлтүүд ганцхан хормоос шалтгаалдаг. Тэр нь цаашаа үргэлжилдэг байх. Манай жүжиг хүний амьдралд 73 цагийн дотор ямар эргэлтүүд хийж болох вэ гэдгийг харуулдаг. Театр бол амьдрал дээр байхгүй зүйлийг ч бий болгож, түүндээ хүмүүсийг итгүүлдэг. Кино бол монтаж хийгээд гаргадаг. Бид нэг цаг 50 минут иргэдтэйгээ тасралтгүй амьдаар харьцаж, нөхцөл байдлыг итгэж үнэмшүүлээд гаргах нь театрын гайхамшиг. Улс орон бүрийн амьдралыг хүлээн авах, ертөнцийг хүлээн авах үзэл нь өөр. Тиймээс Монгол иргэдийн сэтгэлгээ, зан чанар гадаад үзэгчдэд сонин байх болов уу гэж бодож байна. Гадаад иргэдийн санаанд буухгүй зүйлүүд манай жүжигт их бий" гэв.
Д.Батчулуун