“Даймонд Цирк”-ийн ерөнхий захирал, Циркийн жүжигчин, СТА Н.Дашдэндэвтэй ярилцлаа. Түүнийг монголчууд “Авьяаслаг Монголчууд” 2018 шоунд оролцсоноор нь андахгүй. Мөн “Даймонд Цирк”-ийн ерөнхий захирал, жонглёрчин, акробатчин, аварга могой тоглуулагч гэдгээр нь олон түмэн сайн мэднэ. Ингээд түүнтэй “Дэлхийн шилдгүүд Эх орондоо” тоглолт болон циркийн урлагт тулгарч буй хүндрэл бэрхшээлийн талаар ярилцлаа.
-Танд энэ өдрийн мэнд хүргэе
-Та бүхэнд ч бас өдрийн мэнд хүргэе
-Уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Н.Дашдэндэв гэдэг. “Даймонд Цирк”-ийн ерөнхий захирлаар ажилладаг. Циркийн жүжигчин, дасгалжуулагч мэргэжилтэй. “Шидэт тойрог” ТББ-ийн үүсгэн байгуулагч.
-“Дэлхийн шилдгүүд эх орондоо” тоглолтын тухай танилцуулахгүй юу? Өмнө нь 2020 онд тоглогдож байсан шүү дээ.
-Тийм ээ. 2020 онд анхны тоглолт Монгол бөхийн өргөөнд зохиогдож байлаа. Арван хоёр мянган үзэгчтэй бужигнасан сайхан тоглолт болсон. Мөн зорилтот бүлгийн 1500 хүүхдэд хүрч үйлчилсэн. Манай тоглолт жил болгон тавигдахдаа эхний тоглолтоо сайн үйл, нийгмийн хариуцлагын үүднээс зорилтот бүлгийн хүүхдүүдийг баярлуулдаг. Тэднийг олон нийтийг хамарсан арга хэмжээнээс хоцроохгүй байхын тулд тоглолтоо ийм гэгээлэг зүйлээр эхэлдэг. Энэ жил 2000 хүүхдэд хүрч байгаа. Жил ахих тусам 500-аар нэмэгдэж байна. Энэ жил нийслэл хотын 29 байгууллагын зорилтот бүлгийн хүүхдүүд тасалбараа авсан. Тоо нь бүрдээд яг 2000 хүүхэд инээдмийн баяраар баярлахад бэлэн болсон байна.
-29 байгууллагын хүүхдүүд гэлээ. Энэ тухай дэлгэрэнгүй хуваалцахгүй юу?
-Нийгмийн сүлжээгээр ярихаар их хэцүү юм билээ. Хамгийн энгийн жишээ гэвэл аутизмтай, саажилттай гээд л явна шүү дээ. Тухайн хүүхдүүдийг эмзэг сэдвээр нь нийгэмд танин сурталчлах таагүй байдаг. Зорилтот бүлэг гэхээр зарим хүмүүс мэддэггүй юм билээ. Төр ч бай, хувийн хэвлийнхэн ч бай эдгээр хүүхдүүдэд хүрч үйлчлэх ёстой. 29 байгууллага гэхээр асрамжийн газар, сургуулиуд орж байгаа. Маш олон байгууллага, хүүхдүүд байдаг. Тэднийгээ хаячихгүй гээчихгүйгээр, тэд нарыгаа энэ гайхалтай урлагаар баярлуулахыг хүсдэг.
-Тэгэхээр эхний өдөр буюу дөрөвдүгээр сарын 1-ны өдөр зорилтот бүлгийн хүүхдүүдэд үнэ төлбөргүй тоглогдох нь ээ?
-Тийм ээ, Эхний өдөр үнэ төлбөргүй тоглогдоно. Бүх уран бүтээлч, зохион байгуулж буй газрууд маань дэмжиж ажиллаж байна. “Туургатан медиа” группийн хамт олон тоглолтыг 100 хувь ивээн тэтгэж байгаа.
-Уран бүтээлч, жүжигчдийн тухай танилцуулахгүй юу? Тоглолтод нийт хэдэн уран бүтээлч оролцох вэ?
-Монголын шилдэг, энэ цаг үеийн төлөөлөл болж буй залуу уран бүтээлчид оролцож байна. Мөн Дэлхийн А, Б зэрэглэлийн, Олон улсын тэмцээнүүдэд шагналт байр эзэлсэн бүх уран бүтээлчид оролцож байгаа. Нийт 68 уран бүтээлч оролцож байна. Энэ бол маш том тоо. Гадаадын томоохон шоу тоглолт 40, 50 уран бүтээлчээс хэтэрдэггүй. Энэ удаагийн шоу тоглолт 68 уран бүтээлч, нэмэлт гадны уран бүтээлчидтэй нийлээд 100-аад уран бүтээлчдийн том шоу тоглолт болох гэж байна. Тухайлбал, Дэлхийн рекорд, Геннисийн амжилтуудыг эвдсэн Монголын сор болсон уран бүтээлчид нэг тойрогт багтсан цогц тоглолт болох гэж байна.
-Монгол Циркчид дэлхийд ур чадвараараа үнэлэгддэг. Харин мэргэжлийн уран бүтээлч хүний хувьд Монгол циркчдийн ур чадвар, чансаа одоо ямар төвшинд байна гэж харж байна вэ?
-Дэлхийн 157 орноос манай улс гуравдугаарт эрэмбэлэгддэг. Одоо бол буурч байгаа. Буурах шалтгаан нь хувьчлалаас үүдэлтэй. Хоёроос гурван жилийн дараа нүүр царайгаа олон улсад тахалдаг циркийн урлагийн эрэмбэ доошоо бууна. Энэ маш ойрхон ирсэн байгаа. Энэ өндөр эрэмбэ дарааг Дэлхийд таниулж чадсан Монголын циркчид тун удахгүй эрэмбээсээ мултарна. 50-д, 100-д ч орж магадгүй. Бүр тоогдохоо ч больж магадгүй.
-Эрэмбээсээ мултарна гэж та их итгэлтэй хэлж байна. Гол учир шалтгааныг юу гэж харж байна вэ?
-Монголын циркийг хувьчилсан нөхдүүд, үүнд оролцсон улс төрчид. Энэ хүмүүсийн алдаа. Хувьчлалын түүхийг сонсоход ерөөсөө л халуун тогооноосоо задарсан байдаг. Тэгэхээр ийм том урлагийг задалж хаясан ахмад үеийнхэн хойч үедээ юу ч үлдээгээгүй. Улсын том урлагийг устгах эх үүсвэрийг тэд тавьсан. Улс хувь хүнд өгсөн, улс төр орсон, будлиантуулсан. Монгол улсыг 157 оронд оронд сурталчилж чадаж байгаа ганц урлагийг устгасан. Маш харамсалтай.
-Хойч үеэ хэрхэн бэлдэж байна вэ?
-Хойч үе ээ бэлдэх гэдэг том асуудал. Тухайлбал, төсөв, орон байр, бодлого байхгүй. Тэгэхээр хүнд асуудал л даа. Мэдээж бэлдэж болно. Мянга гаруй уран бүтээлч, 100 гаруй мэргэжлийн багш байгаа ч гэсэн орон байр, санхүү, бодлогоор дэмжихгүй бол шавь сургалт яриад хэрэггүй. Гудамжны циркчин бэлтгэж байгаагаас ялгаагүй.
-Таны хэлснээр циркчид орон байргүй болсон. Тийм ч учраас тоглолтоо Бөхийн өргөөд хийж байна. Гэхдээ яагаад бөхийн өргөө гэж ? Мэргэжлийн циркийн тайз биш учир сул тал, ялгаа мэдээж байгаа байх, тийм үү ?
-Хамгийн ойрхон нь бөхийн өргөө. Юугаараа ойрхон бэ гэвэл дугуй, өндөр, орон зай гээд. Мөн бидний хамгийн ойрхон очих газар бол бөхийн өргөө. Шинээр баригдаж буй ордонд хийвэл хэт холдоно. Мөн орчин нь циркийг бүрдүүлж чадахгүй байх талтай. Хуучин циркийг Бөхийн өргөөтэй харьцуулбал, даац авах газруудын хэмжээ өөр. Бөхийн өргөөний дугуй орчинд бөх барилддаг, цирк бол дугуй ч гэсэн зориулалтын барилга. Үүгээрээ ялгаатай. Өөр газар очоод тоглоё гэвэл бидний стандартад нийцэхгүй. Тиймээс бөхийн өргөөнд тоглохоос өөр аргагүй л дээ.
-Циркийг амьтангүйгээр төсөөлөхийн аргагүй. Гэтэл манай улсад циркийн амьтад цөөн бий. Амьтантай үзүүлбэрийн тухай хуваалцахгүй юу? Ямар ямар амьтад бий вэ?
-Тэгэлгүй яах вэ. Циркийг алиалагч, амьтангүйгээр төсөөлөхийн аргагүй. Менежментийн хувьчлалаас хойш циркийн амьтдыг буудаж бидний хажууд хөнөөсөн. Өвс мал иддэг амьтдыг хөдөө гаргаад явуулсан. Бусдыг нь буудаж алаад, хаашаа хаясныг мэдэхгүй байна. Одоо бол хэвлээр явагч, жижиг мэрэгч амьтад л байна. Энэ жил Монголын түүхэнд хамгийн олон могой тоглох гэж байгаа. Тухайлбал, дөрвөн килограммаас 40 килограмм хүртэл найм, есөн төрлийн аварга могойнууд орж байна. Мөн шувууны төрөл, хэвлээр явагч, мэрэгчин амьтдын төрөл орж байна. Ингээд нийтдээ арав гаруй амьтдын сонирхолтой үзүүлбэрүүд бий.
-Тэгэхээр та бүхний нүдний өмнө буудсан хэрэг үү?
-Тийм. Үүнийг гэрчлэх олон хүн бий.Таван хошуу малыг хөдөө гаргаад явуулсан. Бусад амьтдыг буудаж алсан. Дахиж Циркийн үүдээр амьтад оруулахгүй гэсэн үүднээс. Ийм л процесс болсон. Гэтэл хажууд тас гээд буу дуугарах хэцүү байсан. Бид амь нэг, сүнс нэг. Циркийн амьтад эздээ хараад уйлдаг. Циркийн амьтад бэртэж гэмтээд бурхны оронд очдог, циркчин хүн ч гэсэн өндрөөс унаад бурхны оронд очдог. Бүгд нэг тойрог дотроо амин сүнс нь холбоотой байдаг. Цирк бол амьтан, алиалагч, акробат үсрэлт гээд бүх ид шид нь бүрдсэн газар. Циркийг дэлхийн найм дахь гариг гэж нэрлэдэг. Ертөнцийн бүх ид шид бүрэлдэж байж цирк бий болдог.
-Энэхүү шоу тоглолтыг зохион байгуулж буй баг бүрэлдэхүүн, байгууллагын тухай мэдээлэл өгөхгүй юу?
-“Шидэт тойрог” ТББ, Даймонд Цирк зохион байгуулж байна. Мөн “Туургатан медиа” группийн хамт олон, “Хоме медиа” байгууллагын хүмүүс хамтран ажиллаж байна. Нийт 15-20 хүн хамтран ажиллаж байна.
-Тоглолтын бэлтгэл ажил хангагдаж дууссан уу? Тоглолт болоход тун дөхсөн байна.
-Бэлтгэл 90 хувьтай явж байна. Тайз, гэрэл, хөгжим, гэрлээ хийсэн. Уран бүтээлчид бэлтгэлээ хангасан байгаа. Одоо бол үзэгчдээ хүлээн авах, гэрлээ асаах л үлдсэн байна.
-“Дэлхийн шилдгүүд эх орондоо”, “Дэлхийн цирк Монголд” гээд хоёр тоглолт давхцаж байна. Хүмүүс их андуурч байх шиг байна. Энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?
-Хоёр циркийн тоглолт давхцаж байгаа анхны тохиолдол байх. “Дэлхийн Цирк Монголд” гээд тоглолтыг ямар хүмүүс зохион байгуулж байгааг сайн мэдэхгүй байна. Миний сонссоноор таньдаг хүмүүс минь хийж байгаа гэсэн. Яах вэ нэг утасны дугаар л яваад байна лээ. Зохион байгуулж байгаа газрын тамга тэмдэг, лого байх ёстой байтал тийм зүйл огт харагдаагүй. Тэгэхээр магадгүй өөр хүний захиалгаар хийж байж магадгүй. Гэхдээ сайн л байна. Олон үзэгчдийг баярлуулаад, олон талд тоглох сайн хэрэг. Хэдэн талд тоглосон ч нийт хүн амын 30 хувьд ч хүрч үйлчлэхгүй. Өмнө нь 1970-1980-д он хүртэл Монголын цирк нийт хүн амын 70 хувьд хүрч үйлчилдэг байсан. Одоо бол Олон улсын цирк, дотоодын цирк нь нийлээд ч хүн амын арван хувьд хүрч үйлчилж чадахгүй байна. Хоёр тоглолт давхцаж байгаа нь авууштай зүйл гэж бодож байна. Олон л хүүхэд цирк гэдэг зүйлийг мэдвэл сайн байна. Монголын цирк хэрэгтэй юу, үгүй юу гэдгийг Монголынхоо хүн амд харуулах хэрэгтэй гэж харж байна.
-“Даймонд Цирк”, “Шидэт тойрог” ТББ-ын цаашдын зорилго юу байна вэ?
-Бид энэ тоглолт уран бүтээлээрээ “Монгол Цирк” цогцолбор төслийг төр засаг болон соёлын яам, ард түмэндээ танилцуулах гэж байна. 2019 оноос зураг төслийн ажил хийгдээд явж байгаа. Нэг хүн бариад хийчих зүйл биш учраас хандив, төр засгийн дэмждэг зэргийг уялдуулж шинэ цирк барих төлөвлөгөөтэй байна.
-Ярилцсанд баярлалаа. Цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье.
-Баярлалаа. Та бүхний ажил ч мөн амжилт хүсье.
Д.Батчулуун