Хаврын дулаахан уур аль хэдийн Улаанбаатарын хөндийд айлчилжээ. Шингэх нарны улайвтархан туяа тэнгэрийн хаяаг бүрхэх үед өнөөдрийн “Шүүх хурал”-д оролцох гэрчүүд Русский домын зүг яарсан харагдана. Этгээд хэрнэ дотоод оршихуйн мөн чанарыг Достоевский л бичих байх, Кармазовын хөвүүд, Солиот, Гэм зэм, Албингууд... Надад түүний зохиолыг жүжгийн найруулгаар театрт тоглогдох ямар бол гэхээс хорхой хүрч, дотор гижигдэж байлаа. Русский домын цагаан хаалга ойртох тусам догдлол нэмэгдэж, дотроо төсөөлөх бүрийд зүрх хурдан цохилсоор суудлаа эзэллээ.
ҮНЭНДЭЭ БИ ЭНД ЖҮЖИГ ҮЗЭХ ГЭЖ ИРСЭН ЮМ, ГЭТЭЛ...
Жүжигчин, найруулагч Д.Лхагваг “Төрийн дайсан”, “Амьдрал төсөл”, “Сайн уу амьдрал минь”, “Мухар гудамж” зэрэг уран бүтээлээр нь таньдаг болсон надад, дэлгэцийн уран бүтээлчийг тайзны жүжигт гол дүр бүтээнэ гэхэд бага зэрэг эргэлзэж байснаа нуухгүй ээ.
Хөшиг нээгдлээ. Энэ цагаас эхэлж театрын жүжиг биш шүүх хуралд ирсэн гэдгээ сая нэг ойлгов. Шүүх танхимд улсын дээд шүүгч орж ирэхтэй зэрэгцэж, гэрчүүд шүүх танхимыг хүндэтгэн бослоо. Яллагдагчын суудалд Петербургийн их сургуулийн оюутан Родион Романович Раскольников суужээ. Үнэндээ би энд жүжиг үзэх гэж ирсэн юм, гэтэл Д.Лхагва энд байсангүй. Харин шаналал, гуниг, ганцаардлаар дүүрэн харц, гав гинжтэй суух оюутан залууг л харж байлаа. Энэ хооронд хамаг бие тогонд цохиулчих шиг болж, шар үс босох нь арьс маханд минь мэдрэгдэнэ. Айдас, шаналал, сэтгэлийн зовлонг дааж ядан алхах Раскольниковын гунигт харцны цаана энэ түүхийн үнэн учир нуугджээ.
Жүжгийг өдөөж, зангилаа болсон дүр бол яах аргагүй анхны эмэгтэй улсын яллагч Алена Ивановна. Түүний дүрийг чадварлаг бүтээсэн Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, жүжигчин Д.Ганцэцэгт тусгайлан баяр хүргэх нь зүйтэй байх. Түүнийг улсын яллагчын дүрээр харах сайхан байлаа. Амьдрал дээрээ “Эрх зүйч” мэргэжилтэй түүний хувьд магадгүй удаан хүлээсэн дүрийн нэг биз ээ.
МАРМЕЛАДОВ ЖҮЖИГ “АМЬД” ГЭДГИЙГ МЭДРҮҮЛЭВ
“Амьд хөгжимтэй монолог” Монголын театрын тайзнаа анх удаа тоглогдсон нь “Гэм зэм”-ийн Мармеладовын монолог байлаа. Гайхалтай зохиомжтой тавилтыг тун чадварлаг илэрхийлсэн жүжигчин П.Эрдэнэзааны энэ хэсэг үзэгчдийг суудлаас нь өндөлзүүлэм, бас сэртхийлгэм өвөрмөц байсныг хэлэх нь зүйтэй. Энэ дашрамд жүжгийн зохиолч Я.Баяраа, найруулагч М.Батболд болон театрын багт баяр хүргэе. “Гэм зэм” жүжгийн найруулга, зохиомж, тавилт бүрийг нарийн дүрсэлж, тайзны гэрэлтүүлэг, дууны найруулга, ерөнхий зураглал улам төгөлдөржүүлжээ.
ҮЗЭГЧДИЙГ ТЕАТРЫН СОЁЛД ДАГУУЛАХУЙ
Бид театрын соёлд хөл тавих цаг нэгэнт болжээ. Жүжиг эхлэх цагт үзэгчдийн суудлын тал нь суудлаа эзэлсэн харагдана. Хоцорсон хүмүүсийн зарим нь “пид пад” гүйлдэж, зарим нь үзэгчдийн урдуур чихэлдсээр уван цуван суудлаа эзлэх нь тийм ч сайхан харагдсангүй. Үзэгчийн суудал дүүрэн, уур амьсгал халуухан болж эхлэхэд ардаас “хүүе, хөөе” гэж нэгнээ дуудах нь сонсогдлоо. Эргээд харвал хойхно суух эгчмэд бүсгүй хэн нэгэнтэй суудлаа сэлгэж “Нааш ирээ энд суучих, чи тэрэнтэй байраа сольчих” гэх зэргээр ярилцана. Үзэгчдийн театрын соёл үүгээр дууссангүй. Зүүн талд мөр зэрэгцэн суух үзэгч эгч маань үе үе чанга ярьж, утсаа гаргаж ирэхийг анзаарсан ч харцаа тайзнаас салгасангүй. Нүдний буланд тод гэрэл гялс хийхтэй зэрэгцэж өнөөх эгч рүү эргэвэл “групп чатанд” видео дуудлага хийж хүмүүст үзүүлж байхыг харчихлаа. Намайг харсныг мэдсэн тэр утсаа бушуухан далд хийх нь тэр. Энэ мэт үйлдэлүүд мэр сэр ажиглагдсаар энэ үдшийн "шүүх хурал" өндөрлөлөө.
Хаврын дулаахан орой... бодлын мухарт Соняг тэврээд эвхэрэн хэвтэх Родиагийн дүр сэтгэлд тодоос тод үлджээ. Өнөөх догдолсон мэдрэмж аль хэдийн сарниж, бодол болсон толгойгоо дааж ядан гэрийн зүг алхлаа.
Т.Мөнхжаргал