Дайны өтгөн манан дундаас ирээдүйг таамаглана гэдэг мэдээж хэцүү. Гэхдээ, Орос-Украины хооронд өрнөж буй дайн хэрхэн өндөрлөх боломжтой тухай дэлхийн томоохон улстөрчид болон цэргийн мэргэжилтнүүдийн гаргасан таван хувилбарыг та бүхэнд хүргэе.
БОГИНО ХУГАЦААНЫ ДАЙН
Энэхүү хувилбар нь ОХУ-ын зүгээс цэргийн хүчээ огцом нэмэгдүүлсэн тохиолдолд биелэх боломжтой. ОХУ-ын агаарын хүчний хувьд энэ удаагийн дайнд маш бага үр нөлөө үзүүлсээр байгаа. Хэрэв илүү олон тооны агаарын цохилтуудыг ОХУ гүйцэтгэж Украин улсын хамгийн гол дэд бүтцүүдийг, эрчим хүчний хангамж, болон холбооны сүлжээг нь тасалж мөн сүйтгэж чадвал ОХУ-ын талаас дайныг хурдан дуусгах боломжтой. Мэдээж уг хувилбар биелбэл олон сая хүний амь нас эрстэнэ. Нэгэнт Украин улсыг өөрсдийн эрх мэдэлдээ оруулбал ОХУ тус улсын одоогийн Засгийн газрыг хүчингүй болгож Ерөнхийлөгч Владимир Зеленский нэг бол алагдаж аль эсвэл гадаадын орон рүү дүрвэн зугтаана. Ялалтаа зарласан Владимир Путин Украин улсад тодорхой хэмжээний цэргүүдээ үлдээж Украин улсыг Беларусь улсын адилаар холбоотон улсаа болгох магадлалтай. Гэхдээ Украинчуудын уриалан эхлүүлэх олон тооны бослого, жагсаал үргэлж тохиолдсоор байх нь гарцаагүй.
УРТ ХУГАЦААНЫ ДАЙН
Одоогийн нөхцөл байдлыг ажиглахад уг дайн нь олон жилийн турш үргэлжлэх өндөр магадлалтай. Орос цэргүүд ёс суртахуун, ур чадвар, төлөвлөгөө муутай удирдлагуудын улмаас тодорхой нэг цэгт хүрээд гацаж магадгүй. Хэдийгээр Украин улсын ихэнх бүс нутгийг эзэлсэн ч Киев хотыг бүрэн эзлэх даалгавар Орос цэргүүдийн хувьд маш хүнд байх нь дамжиггүй. Учир нь гудамжнаас гудамжны хооронд Украин цэргүүд шигүү байрлан нийслэл хотоо хамгаалах бөгөөд Орос цэргүүд нөхцөл байдлыг өөрсдийн гарт шилжүүлсэн ч Украин цэргүүдийг удаан хугацаанд тогтоон барихад асуудалтай. Мөн ОХУ өргөн уудам газар нутагтай Украин улсыг бүрэн эзлэх хэмжээний цэргийн хүчийг гаргахгүй байх магадлалтай. Нэмээд хэлэхэд Украин улсын зэвсэгт хүчин маш хүчтэй ба Европ тивдээ ОХУ болон Франц улсуудын дараа гуравдугаар байранд жагсдаг. Үүн дээр нэмээд Барууны орнууд Украин улсыг зэвсгээр дэмжсэн хэвээр байх болно. Улмаар хэдэн жилийн дараа ОХУ шинэ удирдлагуудтай болж цэргийн хүчээ Украин улсаас татан гаргаснаар дайн өндөрлөх нэгэн хувилбар байна. ОХУ-ын хувьд яг энэхүү тохиолдол 1989 онд тохиолдсон бөгөөд Афганистан улсаас цэргүүдээ татан авч байсан удаатай.
ЕВРОП ТИВИЙГ ХАМАРСАН ДАЙН
Энэхүү дайн нь Украин улсын хилийн гадна үргэлжлэх бас нэгэн магадлал. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хувьд Зөвлөлт Холбоот улсын бүрэлдэхүүнд байсан Гүрж болон Молдав гэх НАТО-гийн гишүүн бус улсуудыг мөн эзлэн авах бодолтой байж болзошгүй. Эдгээр улсуудаас гадна НАТО-гийн гишүүн Латви болон Литва улсууд руу далайн эргийн бүс нутгаа тэлэх зорилгоор ОХУ халдах магадлалтай бөгөөд хэрэв тэд дайрвал НАТО-гийн гишүүн бүх орны эсрэг дайн зарлаж байгаа явдал болох юм. Мэдээж уг хувилбарын биелэх магадлал нь маш бага. Гэхдээ Владимир Путин энэхүү арга нь түүнд эрх мэдлээ хадгалан үлдэх сүүлийн арга мэт санагдвал тэрээр юу ч хийхэд бэлэн. Мөн ОХУ Украин улсын эсрэг ялагдал хүлээж эхэлбэл Путины зүгээс цөмийн зэвсгийг ашиглах хувилбарыг сонгох эрсдэлтэй. Украин улс руу довтолсон халдлагаараа Владимир Путин олон улсын амар амгалангийн хэм хэмжээг эвдэх хүсэлтэй байгаа гэдгээ баталсан. Тиймээс цөмийн зэвсэг дайны нэгэн хэсэг болон хувирах боломжтой. Мөн түүний зүгээс цөмийн зэвсгээ өндөр түвшний бэлэн байдалд оруулах тушаалыг өгсөн бөгөөд энэ нь одоо биш ч гэсэн ирээдүйд тэд цөмийн зэвсэг ашиглахад бэлэн гэдгээ дэлхий нийтэд харуулж буй үйлдэл юм.
УЛС ТӨРИЙН ХЭЛЭЛЦЭЭ
Хоёр улсын төлөөлөгчид дайн зогсоох тухай хоёр ч хэлэлцээг Беларусь улсад хийсэн боловч ямар нэгэн тогтсон шийдэлд хүрээгүй. Гэхдээ Путины төлөөлөгчид хэлэлцээний ширээний ард суусан гэдэг нь түүнд уг дайныг энхийн замаар төгсгөх хүсэл байгаа гэдгийг нотлон харуулсан. Мөн энэхүү дайн ОХУ-ын талд аль хэдийнээ сөрөг нөлөөгөө үзүүлээд эхэлсэн. ОХУ-ын иргэд дайныг эсэргүүцэн жагсаал цуглаан эхлүүлээд байгаагаас гадна барууны орнуудын хоригт орсон ОХУ-аас тос брэндүүд гарч байгаагаа зарлан эдийн засгийн дайралтыг эхлүүлсэн. Хэлэлцээ хийх замаар дайныг зогсоох нь хүн бүрийн хувьд ашигтай. Гэхдээ Влидимир Путин Украин улсын тусгаар тогтнолыг болон Европын бусад орнуудтай эерэг харилцаатай байхыг нь тийм ч амархан хүлээн зөвшөөрөхгүй биз.
ПУТИН ЭРХ МЭДЛЭЭ АЛДАХ
Дайн эхлүүлэх үедээ Владимир Путин: “Бид бүх төрлийн үр дагавруудад бэлэн” гэж хэлж байсан. Гэхдээ тэрхүү үр дүн нь түүний эрх мэдлээ алдах тухай байвал яах бол? Танд магадгүй боломжгүй мэт санагдаж байгаа байх. Гэхдээ сүүлийн өдрүүдэд дэлхий нийтийн болон ОХУ-ын ард иргэдийн бодол санаа маш их өөрчлөгдсөн. Түүний эхлүүлсэн дайнаас болж олон мянган гэмгүй хүмүүс амь насаа алдаж байгаа шүү дээ. Хэрэв Барууны орнууд болон ОХУ-ын иргэд Владимир Путиныг илүү хүчтэй, эв нэгдэлтэйгээр эсэргүүцэж түүний албан тушаалыг хүчингүй болгож ОХУ-ыг орчин цагийн шинэ удирдагчтай болж чадвал дайн өндөрлөх боломжтой. Энэхүү хувилбар яг одоо биелэх боломжгүй хэдий ч өнөөдрийн нөхцөл байдал удаан хугацаанд үргэлжилбэл биеллээ олох бүрэн боломжтой.
Мөн энэхүү таван тохиолдлууд нь нэгэн зэрэг тохиолдож тааварлашгүй үр дүнг гаргаж магадгүй. Гэхдээ энэхүү зэвсэгт мөргөлдөөн үргэлжилснээр бидний мэдэх дэлхий ертөнцөд нэлээд том өөрчлөлтүүд гарах нь тодорхой. ОХУ болон дэлхийн бусад орнуудын хоорондын харилцаанд дахин засагдашгүй өөрчлөлтүүд гарна. Мөн Европын улсуудын аюулгүй байдалдаа анхаарах хандлага тэр чигтээ өөрчлөгдөнө.
П.Тамир
Сэтгэгдэл (5)