ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийг өргөтгөсөн хурлаа өчигдөр (Монголын цагаар) шууд дамжуулан хийсэн нь дэлхий нийтийн анхаарлын төвд байлаа. Энэ хурлын дараа ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Донецк болон Луганскийн ардын Бүгд найрамдах улсуудын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн зарлигт гарын үсэг зурлаа. Аюулгүйн зөвлөлийн өргөтгөсөн хурал болсон Кремлийн Гэгээн Екатерины энэ танхимд 2014 онд Крымыг ОХУ-ын нэг хэсэг хэмээн зарлаж байлаа. Энэ хоёр улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх тухай саналыг аюулгүйн зөвлөлийн хуралдааны шууд дамжуулалтын үеэр Д.Медведев гаргасан бөгөөд Ерөнхий сайд Михаил Мишустин “Бид Донецк болон Луганскийн тусгаар тогтнолыг зөвшөөрөх асуудалд олон сарын турш бэлдсэн” хэмээсэн юм.
Энэ хуралд оролцсон ОХУ-ын Дотоод хэргийн сайд Колокольцов “Донецк, Луганскийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхдөө Донбассын сав нутгийг бүхэлд нь гэж тооцох ёстой” гэв. Гадаад тагнуулын албаны дарга Нарышкин “Донецк, Луганскийг ОХУ-д нэгтгэхийг дэмжиж байна” хэмээсний дараа В.Путин “Бид нэгтгэх тухай яриагүй байна” хэмээн сануулж, “Донецк, Луганскийн тусгаар тогтнолыг дэмжиж байна” гэсэн үгийг Нарышкинаар хэлүүлэв. Гэхдээ ажиглагчид Нарышкины Донецк, Луганскийг ОХУ-д нэгтгэх тухай дээрх үгийг санаандгүй, эсвэл сандарсандаа хэлсэн гэж үзэхгүй байна. Учир нь дээрх хурлыг хэдийгээр шууд дамжуулсан гэж байгаа ч урьдчилан бичсэн байх магадлал маш өндөр байгаа юм. Шууд дамжуулалтын цаг, хуралд оролцсон С.Шойгугийн зүүсэн бугуйн цаг хоёрын цаг зөрж байгаа нь урьдчилан бичсэн байж магадгүй гэсэн таамаглалыг үнэний ортой болохыг харуулж байна. Тиймээс Гадаад тагнуулын албаны даргын дээрх үгийг зориуд хэлсэн байж магадгүй хэмээж буй. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Донецк, Луганскийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн зарлигт гарын үсэг зурж, энхийг сахиулагчдаа Донбасс руу илгээхээ мэдэгдсэний дараа дэлхийн улс орнууд өөрсдийн байр сууриа илэрхийлж эхэллээ.
Украин улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг яаралтай хуралдуулах хүсэлт гаргаж, Ерөнхийлөгч В.Зеленский ард түмэндээ хандан үг хэллээ.
Тэрбээр, “Украины олон улсын хил өөрчлөгдөхгүй, Барууны орнуудаас Оросыг сөрөхөд тодорхой дэмжлэг хүсч байна, Украин улс хэнд ч юугаа ч өгөхгүй” хэмээн мэдэгдлээ. ОХУ-ын дээрх шийдвэрийн дараа Украины Ерөнхийлөгч хамгийн түрүүнд АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байдентай утсаар ярьсан билээ. АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден ОХУ-ын гаргасан шийдвэрийн дараа хориг арга авах зарлигт гарын үсэг зурж, Украин дахь ЭСЯ-аа Польш руу нүүлгэхээр болж байгаа юм. Франц улс мөн хориг арга хэмжээ авахыг уриалсан бол Турк улс Донецк, Луганскийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн ОХУ-ын шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй хэмээлээ. Канад болон Герман улс хориг арга хэмжээ авна гэдгээ зарлаад байна.
П.Мөнхтамир
Сэтгэгдэл (5)