-Начин сайхан өвөлжиж байна уу?
-Сайхаан, та тарган сайхан өвөлжиж байна уу?
-Ярилцлагаа таны бөхийн спорт руу орсон үеэс эхлүүлье?
-Би сумын наадамд ах нарын аманд гарч, 12 настайдаа бөхийн замд орсон. Бага байсан болохоор хэнтэй барилдсанаа сайн санадаггүй юм. Дараа нь 1982 оны улсын аварга шалгаруулах тэмцээнд шаггүй сайн барилдаж наймдугаар байрт шалгардаг юм. Тэр барилдаанд гарьд П.Сүхбат түрүүлж, улсын харцага М.Дармаабазар мөнгө, начин Х.Амараа хүрэл медаль хүртэж байв. Дархан аварга Б.Бат-Эрдэнэ тэр барилдаанд дөрөвдүгээр байрт орсон. Цагийг эзэлсэн аварга маань тэндээс медаль аваагүй юм. Тун чанартай барилдаан болсон байгаа биз.
-Эндээс таны бөх болох хүсэл улам лавширсан уу?
-Тэр жил цэргийн албанд мордож, ирмэгцээ жүдо бөхийн шигшээ багт бэлтгэл сургуулилт хийж, тэмцээн уралдаанд ордог болов. 1992 он хүртэл юм. Жүдо бөхөөр гавьтай амжилт үзүүлээгүй ч аварга Б.Бат-Эрдэнэ, О.Балжинням нарын бэлтгэл хангагч явлаа.
-Б.Бат-Эрдэнэ аварга та хоёр луутай байх аа?
-Надтай нэг жил төрсөн гэвэл аварга Б.Бат-Эрдэнэ, Д.Мөнх-Эрдэнэ, Д.Хишигдорж, Ч.Бямбадорж нарын мундгууд. 1964 оны луу жилд 20 гаруй улсын цолтон төрөн гарсан. Нэг хэсэг луутнуудын эрэн үе гэж нэрийддэг байлаа. Халхын энэ сайхан эрчүүдтэй хүч үзэж явсандаа бахархаж явдаг юм аа, ах нь.
-1989 оны үндэсний бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцсон тухайгаа ярихгүй юу?
-Би тэр тэмцээнд 23 давсан. Цолгүй бөх ийм олон даваа авна гэдэг чинь наддаа том амжилт байхгүй юу.
-Хүүхэд байхдаа Говь-Алтайд улсын арслан Л.Сосорбарамыг давсан гэдэг үнэн үү?
-Тэр үнэн.
-Нутагт тань зорьж ирсэн том цолтныг давлаа гээд хүмүүс таныг зэмлэсэн үү?
-Зэмлээгүй, харин ч магтан сайшаасан. Би том цолтой бөхийг давсандаа учиргүй баярласан. 1982 онд намайг арвандугаар ангид байхад манай нутагт гурван аймгийн аварга шалгаруулах үндэсний бөхийн бүсийн чанартай барилдаан болдог юм. Улаанбаатараас улсын арслан Л.Сосорбарам ирж барилдана гээд нутгийнхан бөөн шуугиан болж байна. Улсын арслан цолтой бөхийг тэр үед тулж харж байгаа юм. Л.Сосорбарам арслан тэр барилдааныг шүүж, бас барилдлаа. Тэгсэн арслан намайг хоёрын даваанд амалсан, би арсланг давчихаад туг тойрсоноо бүдэг бадаг санадаг. Яг ямар мэх хийж арсланг унагасан юм, бүү мэд. Сургуулийн багш нар намайг тэнгэр тултал магтаад ёстой л од болсон.
-Л.Сосорбарам арслан тахимаа өгөхдөө танд юм хэлсэн үү?
-Юу хэлсэнийг санахгүй байна. Духан дээр үнсэж байсан. Бодвол сайн барилдаарай гэсэн байх.
-Таны аав Цанжид нутагтаа нэртэй бөх байсан гэдэг?
-Би хоёр талаасаа бөхийн удамтай. Аав маань сумандаа гурав түрүүлсэн. Харин ээжийн ах нь аймгийн начин цол хүртсэн сайхан буурал бий.
-Та цолгүй олон жил барилдсан уу?
-1989 онд аймгийнхаа тойргийн барилдаанд түрүүлж, Нэгдэлчин хөдөлгөөн үүсэж хөгжсөний тэгш ойн барилдаанд мөн түрүүлэхэд надад аймгийн арслан олгосон. Аймгийнхаа наадамд гурван удаа дөрөв давж, дөрвөн удаа гурав давсан.
-Улсын арслан М.Мөнгөн таныг олон амласан. Энэ талаар бодож үзсэн үү?
-Ёстой л тэгсэн. Гэхдээ муу санаж намайг амлаагүй. Барилдаан таардаг нь би байсан биз. Хэд амлуулж, хэд унасанаа мэдэхгүй юм. Миний санадаг нь би М.Мөнгөн гуайг заалны барилдаанд азаар нэг удаа давсан. Бид амьдрал дээр тун дотно хүмүүс. М.Мөнгөн арслан намайг гэртээ урьж, өөрийн бүтээсэн номоо бэлэглэж билээ. Надад мэх заана, амьдрал заана. Бид сайхан нөхөрлөсөн.
-Улсын начин болохдоо дэмжүүлсэн үү?
-1991 онд Ардын хувьсгалын түүхт 70 жилийн ойн баяр наадмаар начин болсон. О.Балжинням аварга түрүүлж, гарьд П.Сүхбат үзүүрлэсэн наадам. Би хоёрын даваанд улсын начин Г.Ганхүүг, гурав дээр тод манлай уяач, улсын начин Ц.Дуламсүрэнг давсан. Дөрвийн даваанд нутгийн бөх, уртын дуучин, улсын начин С.Эрхэмбаярыг давсан. Дараа нь улсын заан Р.Давааням ахаар улсын начин цол хүртсэн. Нуулгүй хэлэхэд Р.Давааням ах намайг дэмжсэн. Цэрэгт байхдаа тэднийд очиж, хүүхдүүдийг нь харж өгдөг байлаа. Р.Давааням ахын гэргий нь надтай садан юм. Р.Давааням ах хоёр улсын начин төрүүлсэний нэг нь би, нөгөө Дарви сумын харьяат, улсын начин Б.Пүрэв.
-Та Баян-Уул сумаас төрсөн анхны улсын цолтон нь. Начин болоод очиход нутгийхан тань бөөн баяртай угтсан уу?
-Хэлээд юу гэх вэ. Нутгийн азай буурлууд их баярладаг юм билээ. Надад зориулж наадам хүртэл зохион байгуулсан.
-Улсын начин цолтойгоо хэр олон барилдсан бэ?
-Аймаг, сумын барилдаанд олон барилдсан. Мотоцикл, даага цөөнгүй авсан. Авсан шагналаа тухайн айлынхаа хүүхдэд өгчихдөг.
-Та улсын аварга цолтой хэдэн хүнтэй барилдсан бэ?
-Дархан аварга Д.Дамдин, Ж.Мөнхбаттай л барилдаагүй. Харин Д.Хадбаатар аваргыг 1992 оны спартакиад дээр жүдогоор дийлж ззсэн. Гэхдээ Хад ах маань тэр үед хэцүү нэртээс гараад удаагүй байсан юм. Ер нь барилдахаа больж байхад нь ялж, хүрэл медаль хүртэж билээ.
-Таны хамгийн сүүлчийн барилдаан гэвэл?
-Би бөхөө эрт орхисон. Хамгийн сүүлд 2003 оны Улсын баяр наадмын хоёрын даваанд тухайн үеийн аймгийн начин Б.Насандэлгэрт (улсын начин) унасан. Түүнээс хойш огт барилдаагүй.
Б.Жаргал
Сэтгэгдэл (2)