Монгол Улсын засгийн газар эдийн засгаа тэлэх 14 мега төсөл хэрэгжүүлэхээр зорилт тавьсны хамгийн нэгдүгээрт Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам холболтын төсөл байгаа. Энэ төсөл хэрэгжихгүйгээр бид эдийн засгаа өсгөх болон бусад төслүүдээ хөдөлгөх боломжгүй юм. Хятадын талаас 2005 оноос эхлэн Монгол Улсын ЗГ, аж ахуйн нэгжтэй яриа хэлэлцээ явуулж, 2010 оноос эхлэн 2 жилийн дотор Вань Шичуань өртөөнөөс Ганц мод боомт хүртэл 354 км төмөр зам тавьчихсан, харин манай улс өргөн нарийн цариг ярисаар өнөөг хүртэл төмөр замаа тавьж чадалгүй асар том боломжуудаа алдсаар 2020 оноос эхлэн 2023 онд өргөн царигтай төмөр зам ашиглалтад оруулсан билээ. Хэрвээ энэ төмөр зам тухайн үедээ холбогдсон бол өнөөдрийг хүртэл бидний эдийн засагт 18 тэрбум ам доллар орж ирэх байсан юм.
Харин 2024 оны 4 дүгээр сард БНХАУ-ын ЗГ болон Монгол Улсын ЗГ хооронд Ганцмод-Гашуунсухайт хил дамнасан төмөр замын гүүрэн байгууламжийг хамтран байгуулах хэлэлцээр байгуулсан нь хоёр улсын хоорондын хоёр дахь хил дамнасан төмөр замын хэлэлцээр болсон. Энэ хил холболтын төмөр замын нийт өртөг нь 280 сая ам доллар буюу 979 тэрбум төгрөг, Хятадын талаас “Чайна Энержи Ганцмод хөрөнгө оруулалт”ын компани Монголын талаас “Тавантолгой төмөр зам” ХХК хариуцан ажиллахаар болсон байна.
Чайна энержи групп нь нүүрс, эрчим хүч, химийн үйлдвэрлэл, тээврийн цогц үйл ажиллагаа явуулдаг, нүүрсний үйлдвэрлэл, бүтээн байгуулалтын 17 компани, 88 нүүрсний уурхайтай, жилд 780 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай Хятадын эрчим хүчний аюулгүй байдлыг хангагч төрийн өмчит аварга том групп компани юм.
Боомт ашиглалтад орсноор бид жилдээ 120 сая тонн нүүрс гаргах боломж бүрдэнэ. Энэ төмөр зам бол Тавантолгой, Оюутолгойн ордын уул уурхайн бүтээгдэхүүнийг тээвэрлэх үндсэн шугам юм.
1955 онд Эрээн-Замын үүдийн төмөр зам холбогдсон. Гэхдээ Оросын зөвшөөрлөөр харин энэ удаа бид анх удаа бие даан дэлхийн хамгийн том эдийн засагт тоглох боломж олдож байна. Хэрвээ энэ боломжоо алдвал бидэнд дахин хэзээ ч ийм боломж олдохгүй юм. Учир нь нүүрс бол үеэ өнгөрөөж байгаа баялаг дэлхий нүүрснээс татгалзаж байна. Хэдхэн жилийн нас үлдсэн энэ бүтээгдэхүүнээ бид дэлхийн зах зээлд гаргаж бага ч гэсэн эдийн засгаа тэлэх учиртай юм.