Тэрбумтан, буяны зүтгэлтэн, оюун санааны удирдагч Ага Хан 88 насандаа таалал төгссөнийг Ага Хан Хөгжлийн Сүлжээ буяны байгууллагаас мэдээллээ. Ханхүү Карим Ага Хан нь Исламын Исмаилийн 49 дэх удмын имам байсан бөгөөд өөрийн удам угсаагаа Бошиглогч Мухаммедээс шууд залгадаг.
Тэрээр Португалын Лиссабон хотод гэр бүлээрээ хүрээлүүлэн "тайван өөд болсон" гэж түүний буяны байгууллага олон нийтийн сүлжээгээр дамжуулан мэдэгджээ. Швейцарьт төрсөн тэрээр Их Британийн иргэншилтэй бөгөөд Францад нэгэн сүмд амьдардаг байжээ. Тэрбээр мөн Хаан Чарльз болон талийгаач хатан хаан II Елизавета хоёрын найз байсан юм.
Хаан Чарльз олон жил ханилсан найзаа алдсандаа гүнээ харамсаж, ар гэрийнхэнтэй нь ганцаарчлан харилцаж байгаа сурагтай. Ага Ханы буяны байгууллагууд ихэвчлэн хөгжиж буй орнуудад олон зуун эмнэлэг барьж, боловсрол, соёлд чиглэсэн төслүүдийг хэрэгжүүлдэг байв. Багамын арлууд дахь хувийн арал, супер дарвуулт онгоц, хувийн нисэх онгоцтой тэрээр тансаг амьдралын хэв маягийг эрхэмлэдэг нэгэн байлаа.
Исламын шашны урсгал болох Исмаилитууд дэлхий даяар 15 сая орчим хүн амтай бөгөөд үүний 500 мянга нь Пакистанд байдаг. Мөн Энэтхэг, Афганистан, Африкт их хүн амтай.
Ханхүү Карим Ага Хан 1957 онд 20 настайдаа өвөөгийнхөө орыг залгамжлан Исмаилийн лалын шашинтнуудын имам болсон. Форбес сэтгүүлийн мэдээлснээр тэр 2008 онд тэрбум ам.долларын хөрөнгөтэй байжээ. Түүний өвлөн авсан хөрөнгө нь олон тооны бизнесийн ашиг сонирхол, тэр дундаа адуу үржүүлгийн ачаар нэмэгдсээр ирсэн.
Л.Баяр