Хамтарсан Засгийн газрын 14 мега төслийг цувралаар танилцуулж байна. Засгийн газар "хөгжлийн хөдөлгүүр" гэгдэх 14 мега төслийг зорилго болгон ажиллахаа зарлаад буй. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "2025 оны төсөв бол Монгол Улсын хувьд бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу боловсруулсан эхний төсөв бөгөөд ирэх 4 жилийн улс орны хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох ач холбогдолтой" гэж байлаа.
Сэргээгдэх эрчим хүч ба тархмал эх үүсвэрийг хөгжүүлэх төсөл
“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт “Сэргээгдэх эрчим хүчний суурилагдсан чадлыг 2030 он гэхэд 30 хувьд хүргэх” болон Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Парисын хэлэлцээрийн хүрээнд Монгол Улс хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 22.7 хувиар буюу 16.89 сая тонноор, үүнээс эрчим хүчний үйлдвэрлэл, хангамжийн салбарын хувьд 2030 оны түвшинд 8.34 сая тонноор бууруулах зорилтыг тавьсан байдаг.
Энэ хүрээнд сэргээгдэх эрчим хүчийг зохистой хэмжээнд дэмжин хөгжүүлэх дунд, урт хугацааны бодлого, зорилтуудыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Үүнд:
- БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр 90 МВт-ын “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих” төслийг хэрэгжүүлж байна.
- Азийн хөгжлийн банктай хамтран 80 МВт-ын хүчин чадалтай 200 МВт.ц-ын багтаамжтай цэнэг хураагуурын системийг сүлжээнд залгасан.
- Дэлхийн банкны санхүүжилтээр Ховд аймгийн Мянгад суманд 10 МВт-ын нарны цахилгаан станцыг барьж 2022 онд ашиглалтад оруулав.
- Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр “Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх төсөл”-ийн хүрээнд Завхан аймгийн Алдархаан суманд 5 МВт-ын нарны цахилгаан станц болон 3.6 МВт-ын батарей хуримтлуурын системийг 2022 онд оруулсан.
- Говь-Алтай аймгийн төв Есөнбулаг суманд 10 МВт-ын нарны цахилгаан станцыг 2023 онд ашиглалтад оруулсан.
- Алтай суманд 300 кВт-ын нарны цахилгаан станц болон хуримтлуурын системийг 2022 онд ашиглалтад оруулсан.
- Хөвсгөл аймгийн Мөрөнд 10 МВт-ын нарны цахилгаан станцын барилга угсралтын ажлыг 2024 оны 5 сард багтаан ашиглалтад оруулна.
Түүнчлэн Азийн хөгжлийн банк, Стратеги, уур амьсгалын сангийн 1.2 сая ам.долларын буцалтгүй тусламжаар “Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх төсөл”-ийн хүрээнд Ховд аймаг, Завхан аймаг, Баянхонгор аймаг, Увс аймаг, Говь-Алтай аймагт нийт 5 байршилд нийт 10,000 м2 талбайд 0.5 МВт-ын нийлбэр хүчин чадал бүхий хөрсний дулааны насосын системийг суурилуулсан.
Монгол Улс нь сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд тэргүүлэх ач холбогдол өгч, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдыг татах зорилгоор Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийг 2007 онд соёрхон баталсан. Тус хуулиар хөрөнгө оруулалтыг тогтвортой байлгах зорилгоор нар, салхи, усны эх үүсвэрүүдийн тарифыг ам.доллароор тогтоон хуульчилсан байдаг.
Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль батлагдсанаар Эрчим хүчний зохицуулах хорооноос 2008-2018 онуудад 39 хуулийн этгээдэд нийт 1352.4 МВт чадал бүхий сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн барилга байгууламж барих тусгай зөвшөөрөл олгожээ.
Өдоогоор улсын хэмжээнд нийт 297 МВт-ын нар, салхи, усан цахилгаан станцууд ашиглалтад орсон. Үүнээс хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар 90 МВт-ын нийлбэр чадалтай 6 нарны цахилгаан станц, 155 МВт-ын нийлбэр чадалтай 3 салхины цахилгаан станц ашиглалтад орж, нэгдсэн сүлжээнд холбогдон ажиллаж буй. Түүнчлэн манай улс нийт эрчим хүчнийхээ 80 хувийг дотоод эх үүсвэрээс хангадаг. Харин 14 хувийг БНХАУ-аас, 5 хувийг ОХУ-аас импортолдог.
Монгол Улсын эрчим хүчний систем нь дотооддоо горим тохируулгын түргэн ачаалал авах эх үүсвэргүйн улмаас ОХУ-тай холбогдсон 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамаар эрчим хүч импортоор авч, горимын тохируулга хийдэг байна.
Нарны цахилгаан станц нь эрчим хүчний нэгдсэн сүлжээний өвлийн их ачаалалд оролцдоггүй, салхин станцын хувьд 2013-2022 онуудад 0.2-10.хувиар системийн оргил ачаалалд оролцжээ.
Монгол Улсын эрчим хүчний аюулгүй байдал, хараат бус байдлыг хангахад үнэтэй хувь нэмэр оруулна. Сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийг нэмэгдүүлснээр Монгол Улс хүлэмжийн хийн ялгарлыг эрс багасгаж, агаарын хэмийн өсөлтийг хязгаарлах дэлхий нийтийн хүчин чармайлтад хувь нэмрээ оруулах боломжтой. Мөн, хот суурин газруудад сэргээгдэх эрчим хүч ашиглах нь агаарын бохирдлыг эрс бууруулж, хүн амын эрүүл мэндийг сайжруулах, амьсгалын замын болон халдварт бус өвчлөл болон хүн амын эрт нас баралтыг бууруулахад ач холбогдолтой аж.
Сэргээгдэх эрчим хүч ба тархмал эх үүсвэр төслийн үр дүнд...
Сэргээгдэх эрчим хүч ба тархмал эх үүсвэрийг хөгжүүлэх төсөл 2024-2028 онд хэрэгжинэ. Нийт хөрөнгө оруулалт 1 их наяд 377 тэрбум төгрөг. Улсын төсөв 60 тэрбум төгрөг. Гадаад зээл 211,6 тэрбум төгрөг.
-
Монгол Улс нь судалгаагаар 2,600 гВт сэргээгдэх эрчим хүчний нөөцтэй болох нь тогтоогдсон бөгөөд шинээр эх үүсвэрүүдийг бий болгох замаар өсөн нэмэгдэж буй дотоодын цахилгаан эрчим хүчний дутагдлыг нөхөх, бусад улс руу экспортлох боломжтой.
-
Сэргээгдэх эрчим хүчний салбарыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэх боломж бүрдэхээс гадна хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, нүүрс хүчлийн хийн (carbon credit) арилжаанд оролцож, нэмэлт орлого олох боломж нээгдэнэ.