Монгол Улс “Ковидгүй зуны төлөө” уриалгад нэгдээд байгаа. Энэ дагуу дархлаажуулалтыг идэвхжүүлж, иргэд ч хоёрдахь тундаа идэвхтэй хамрагдаж байгаа юм. Харин энэ дунд хүүхдүүд маань сугарч үлдчихвий гэсэн болгоомжлол байна. Өнөөдрийн байдлаар коронавирусний халдвар авсан таван хүн тутмын нэг нь хүүхэд байгаа бөгөөд гол нь эмнэл зүйн шинж тэмдэггүй өвчилж байгаа нь анхаарал татаж байна.
Төр, засгийн мэдээлснээр, тавдугаар сардаа багтаан коронавирусний эсрэг вакцинд иргэдийнхээ 60 хувийг хамруулна хэмээн тооцсон. Харин хүүхдүүдээ яах вэ. Гэтэл дэлхийн олон улс хүүхдүүдээ эрсдэлээс хамгаалахын тулд шинэ вакцины эмнэл зүйн туршилтыг хэдийнэ хийж, үр дүнгээ ч өгөөд эхэлжээ. Тухайлбал, АНУ-ын биотехнологийн Файзер, Германы Бионтех компанийн хамтран гаргасан коронавирусний эсрэг вакцин 12-15 насны хүүхдэд 100 хувийн үр дүн үзүүлж байгааг эмнэлзүйн туршилтаар тогтоогоод байгаа юм. Тиймдээ ч Файзер, Бионтехийн вакциныг одоогоор 16 наснаас дээш насныханд хийхийг зөвшөөрөөд байгаа юм. Тус компаниуд АНУ-д 12-15 насны 2260 хүүхдэд вакцины эмнэлзүйн туршилт хийхэд, коронавирусний халдвараас 100 хувь хамгаалах үр дүнтэй гарчээ. Мөн Файзер компани зургаан сартайгаас 11 насны хүүхдэд вакцинаа туршиж эхэлжээ. Файзер, Бионтех компани коронавирусний вакцинаа хүүхдэд яаралтай горимоор хэрэглэх зөвшөөрөл авахаар Америкийн хүнс эмийн удирдах газар болон Европын эмийн агентлагт вакциныхаа мэдээллийг илгээсэн ба удахгүй сайхан мэдээ сонсоно гэдэгтээ итгэлтэй байгаа аж. Мөн Америкийн Модерна компани зургаан сартайгаас 18 насны хүүхдэд коронавирусний вакцинаа туршиж байгаа бол Оксфордын их сургууль, АстраЗенека компани зургаан сартайгаас 17 насны хүүхдэд вакцины эмнэлзүйн туршилт явуулж эхэлсэн байна. Туршилт амжилттай болж, удахгүй хүүхдүүдээ вакцинжуулж эхэлнэ гэдэгтээ тэд итгэлтэй байна.
Дэлхийн улс орон балчир үрсээ энэхүү аюулт цар тахлаас хамгаалахад өдгөө хамаг хүчээ дайчлаад эхэллээ. Монголын төр, засаг ч насанд хүрэгчдээ вакцинжуулахын зэрэгцээ бяцхан үрсийнхээ эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүйн тулд хүүхдэд 100 хувийн дархлаа тогтоож байгаа дээрх вакцинуудыг өнөөдрөөс нарийвчлан судалж, захиалах боломжийг судалж эхлэх шаардлагатай байна.
Ирэх есдүгээр сараас цэцэрлэг, сургууль үүдээ нээнэ. Үрс маань хичээл, сургууль, найз нөхөд гээд баярлаж, хөөрөх ч тэд маань хамгийн гол нь эрүүл саруул байх хэрэгтэй. Тиймээс л бид хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг нэгдүгээрт тавьж, нэг ч хүүхэд эндүүлэхгүйн төлөө, Ковидгүй зуны төлөө, сайхан цагийн төлөө бүхий л хүчээ шавхах цаг ирж байна.
У.Тэргэл
Сэтгэгдэл (3)