Ерөнхий сайд асан М.Энхсайханд Нийслэлийн Прокурорын газраас хорлон сүйтгэх, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан зэрэг зүйл заалтаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн билээ. Энэ дагуу өнөөдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болж гэм буруугийн шүүх хурлыг энэ сарын 23-нд товлосон юм.
Энэ талаар М.Энхсайхан "Би ямар ч буруугүй. Тавантолгойн асуудлаар л намайг ороох гэж үзээд байгаа шүү дээ. Би нэг гомдол гарсан. Энэ нь Ц.Элбэгдоржийн дэмжлэг авсан гэж байна. Тэгвэл ямар дэмжлэг авсан юм бэ. Яагаад тэр дэмжлэг нь хорлон сүйтгэх ажиллагаа болчихдог юм бэ. Үүнийг тодруулах ажиллагааг мөрдөн байцаалтад буцааж тодруулна уу гэдэг хүсэлт гаргасан. Би УИХ, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлсэн. Гэтэл түүнийхээ төлөө хэрэгтэн болж байна. Тиймээс Их хуралд өргөн барьсан Ч.Сайханбилэг, өргөн барьсан хуулийн төслийг хүлээж авсан М.Энхболд, "100 жил үнэгүй өгөх гэж байна" гэж төөрөгдүүлсэн Ерөнхийлөгч Х.Баттулга, хорлон сүйтгэх гэж тодотгож байгаа учраас Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Гансүхээс тодруулга авах саналыг гаргасан. Энэ саналыг шүүх хурал дээр хэлэлцэнэ гэж үзсэн" гэсэн юм. Ингээд сэтгүүлчдэд өгсөн тайлбарыг хүргэе.
-Та өөрийгөө гэм буруугүй гэж үзэж байгаа юм уу?
-Би гэм буруугүй. Нэг хэргийг хоёр талаас нь хараад байна. Нэг талаас Тавантолгойн гэрээр хорлон сүйтгэх ажиллагаа гэж, нөгөө талаасаа Тавантолгойн гэрээнд эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан гаднын компаниудад давуу эрх олгосон гэж намайг буруутгаж байна. Үнэндээ бол мөрдөн байцаалтад өмгөөлөгчөөр дамжуулж юуг давуу тал гэж ойлгоод байгаа юм бэ. Үүнийгээ тодруулах. Мөн Хятадын болон Японы компаниас нь тайлбар авах хэрэгтэй.
-Ч.Сайханбилэг, Х.Баттулгаас өөр хэнээс тайлбар авах хүсэлт гаргасан юм бэ?
-Эднээс гадна Ц.Элбэгдорж гээд шийдвэр гаргасан бүх хүнээс тодруулга авах ёстой гэж үзсэн.
-Та шийдвэр биелүүлснийхээ төлөө гэмтэн боллоо гэлээ. Гэтэл гарын үсэг зураад бэлэн болсон байсан тушаалыг нь танилцуулаагүй гэж тухайн үеийн УИХ-ын дарга мэдэгдсэн шүү дээ?
-Юу ярьж улстөржсөн нь надад чухал биш. Хамгийн гол нь миний оролцож хийсэн төслийг Ч.Сайханбилэг Засгийн газар дээрээ хэлэлцээд УИХ-д өргөн барьсан. Өргөн барьсан нь гэмт хэрэг болчихоод байна.
-Төсөл дээрээ бусад салбар яамдын санал тусгаагүй байсан гэсэн. Уг нь бодлогын бүх яамдын саналыг авах ёстой байсан юм биш үү?
-Бүгд бий. Тухайн үед тавьж байсан асуулт, хариулт гээд бүгд хэргийн материалд хавсаргасан.
-А.Гансүх дарга таныг мэтгэлцээнд дуудсан боловч ирээгүй гэж ярьдаг.
-Төрийн ажлыг телевизийн мэтгэлцээнээр хийдэг юм уу. Тухайн үед ажлаа хийж байсан хүмүүсийн асуудал. Ажлаа өгсний дараа байсан бол яаж ч мэтгэлцэж болно. Ажлаа хийж байгаа хүнийг дуудаж ирээд мэтгэлцээд байвал энэ нь ажил хэрэгт биш улс төрд л үйлчилнэ. Тийм биш гэж үү.
-Эрдэнэс Тавантолгойн тусгай зөвшөөрөл болон газар ашиглах тусгай зөвшөөрлийг 60 жилийн хугацаатай төслийн шинэ компанид үнэ төлбөргүй шилжүүлэх зэрэг заалтыг ноцтой гэж үзэж байсан. Энэ тухайд?
-Төсөлд тогтоосон хугацаа нь 30 жил. Гаднын хөрөнгө оруулагчийн оруулсан хөрөнгө оруулалт 30 сая тонн баяжуулах үйлдвэр, 270 км газарт төмөр зам барих гээд гэрээгээр хүлээсэн бүх үүргээ биелүүлсний дараа хугацааг нь сунгах эсэхийг Засгийн газар шийдвэрлэхээр тусгасан байсан. Газрын асуудал хөндөгдөнө. Төмөр замын бүтээн байгуулалт хийнэ. Ингэхээр газар эзэмших асуудал хөндөгдсөн. Гэхдээ улстөржүүлээгүй. Харин хөрөнгө оруулалтыг нь улстөржүүлсэн.Тендерийг бид биш олон улсын байгууллага зарласан. Тэдний шаардлагыг хангасан компаниа сонгон шалгаруулсан.
-Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс зөвлөх үйлчилгээ аваагүй гэдэг нь таныг буруутгах шалтгаан болсон гэж дурдагдсан.
-Нэгдүгээрт цаг хугацааны хувьд маш давчуу байсан. Арванхоёрдугаар сараас цагаан сарын хооронд гэрээ хэлэлцээ хийх хэрэгтэй болсон. Хоёрдугаарт, гадаадын зөвлөх компани ямар үнэтэй билээ. Засгийн газраас төлбөр төлөх үү гэдэг асуудал тухайн үед яригдсан. Мөн хөрөнгө босгох асуудал яригдсан. Том төсөл учир бидний биш төслийн компаниудын ажил байсан. Тиймээс өөрсдөө зөвлөх компани авч ажиллуулсан. Энэ нь ч зөв байсан. Намайг үүгээр буруутгах ямар ч үндэслэл байхгүй.
-2015 оны дөрөвдүгээр сараас зургадугаар сар хүртэлх хугацаанд дөрвөн өөр төрлийн төсөл хүргүүлсэн гэдэг үнэн юм уу?
-Худлаа. Нэг л төсөл бий. Шалгаад тогтоосон.
-А.Гансүх дарга тэгж хэлсэн.
-Тэдний улстөржилтийн худал зүйлийн өмнөөс би тайлбар өгөх албагүй биз дээ. Өөрсдөө нотлог.
-Маргаан үүссэн нөхцөлд Лондоны Арбитрын шүүхэд очвол гэсэн заалт гэрээний төсөлд байсан уу?
-Гаднын хөрөнгө оруулагчид Монголын шүүх, арбитрт итгэдэг үү гэдэг асуудал тулгардаг. Итгэдэггүй учир гуравдагч талыг сонгож авдаг. Энэ бол бизнесийн стандарт шүү дээ. Дипломат эрхээсээ татгалзана гэсэн заалт байгаа гэж яригдсан даа. Ийм зүйл үнэхээр байхгүй.
Тэрбээр ийм тайлбар өгсөн юм. Нийслэлийн прокурорын газраас яллагдагч М.Энхсайханд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдсэн юм.
/19.6 дугаар зүйл.Хорлон сүйтгэх
1.Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, батлан хамгаалах, эдийн засгийн хүчин чадлыг сулруулах зорилгоор барилга байгууламж, зам, мэдээлэл, холбооны хэрэгсэл, үндэсний шинж чанартай мэдээллийн сан, архив, хүн амын амьдралыг хангах объектыг сүйтгэсэн, гэмтээсэн, үйл ажиллагааг нь доголдуулсан; хүн, амьтан, ургамлын гоц халдварт өвчин тараасан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
22.1 дүгээр зүйл.Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах
1.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
ШҮҮХИЙН УРЬДЧИЛСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ҮЗЭХ:
Сэтгэгдэл (38)