УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.
-Хаврын чуулганыг цахимаар хуралдуулахаар тоног төхөөрөмжийн хувьд асуудал үүсэх үү?
-Би хууль санаачлагчийн хувьд энэ асуудлаар УИХ-ын Тамгын газар, мэдээлэл технологийнхонтой хамтарч зохицуулах гэж байна. Хөл хорио, дэглэмийн үед хэрхэн хуралдах талаар тусгаж өгнө. Мөн Бразилын парламент хүртэл энэ дэгээр хуралдаад эхэллээ. Сая завсарлагааны хугацаанд манай ажлын хэсэг сайн ажилласан.
-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбогдуулан 45 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай. Чуулганы хугацаанд амжих болов уу?
-Амжихгүй.
-Тэгэхээр шинэ Үндсэн хууль хэрэгжиж чадахгүй хуучин зохицуулалтаар явна гэж ойлгох уу?
-Тийм. Тухайлбал, Шүүхийн хууль өргөн баригдсан байлаа ч бид хэлэлцээд баталлаа гэхэд хугацаа тавьж өгөөд зохицуулах байх. Хянан шалгах түр хорооны хуулийг батлан гаргаж таарна. Хэрэгжих заалтууд нь хэрэгжээд явна. Гол заалтууд нь анхдугаар чуулганаар хэрэгжээд явна.
-Өндөржүүлсэн онцгой байдлын үед УИХ хэрхэн үйл ажиллагаагаа явуулах вэ?
-Төрийн эрх барих дээд байгууллага ямар ч нөхцөлд үйл ажиллагаагаа тасралтгүй явуулах ёстой. Ингэхийн тулд цахим хуралдааны дэгийг батлах хэрэгтэй. Цахим хуралдаа бүгдээрээ орно, саналаа нэг зэрэг хураана. Ингэхийн тулд байршил чухал. Ардын их хурлын танхимд Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол болж байсан. Цаашдаа дайны, онц байдал тогтсон зэрэг үед төрийн эрх барих дээд байгууллага үйл ажиллагаагаа явуулахаас өөр аргагүй. Коронавирусний халдварт өвчин сайд, дарга, Их хурлын гишүүн гээд хэнийг ч ялгахгүй. Тиймээс онцгой нөхцөлд цахимаар хуралдах нөхцөлийг нээх хэрэгтэй. Нэг цагийн өмнө сүлжээндээ холбдогдож, үгээ хэлнэ, шийдвэрүүдээ цаг алдахгүй гаргана.
-Хаврын чуулганаар Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой дагалдах хуульд өөрчлөлт оруулах төслийг бэлтгэсэн үү?
-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой өөрчлөлт оруулах олон хууль шил шилээ даран хүлээгдэж байна. Хөл хорионы үед ч ажлын хэсэг гарч, Шүүхийн хуулийн төслийг өргөн барихад бэлэн болоод байна. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуулийн төслийг боловсруулаад Засгийн газар оруулсан байгаа. Хот, тосгоны эрхзүйн байдлын тухай хуулийн төслийг сайтад тавьсан. Одоо УИХ-ын Эрхзүйн байдлын тухай, УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуулийг ирэх долоо хоногт өргөн барихаар бэлэн болгож байна. Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал бий. ЗГХЭГ-ын тэргүүн дэд даргаар ахлуулсан ажлын хэсэг энэ хуульд өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа гэсэн. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бусад хууль тогтоомжид нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоолыг хэрэгжүүлж байна.
Үндсэн хуульд оруулсан дагаж мөрдөх тухай журмын хуулийн нэгдүгээр зүйлд "Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн холбогдох хуулийг шинэчлэн батлах хүртэл хугацаанд тухайн харилцааг зохицуулж ирсэн хуулийг дагаж мөрдөнө. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх ажлыг Улсын Их Хурлаас баталсан хуваарийн дагуу хийж дуусгана" гэж заасан. Хуваарийг нь гаргасан. Тавдугаар сарын 25-наас эхлээд Үндсэн хуулийг дагаж мөрдөнө. Шинэ Үндсэн хуулийг батлахдаа ч Улсын бага хурал дагаж мөрдөх хуулийг хуваарийн дагуу хэлэлцэн баталж байсан. Үүнтэй адил энэ хаврын чуулганаар хуваарийн дагуу УИХ-ын хуулийн шинэчилсэн найруулгыг хийгээд ирэх 7 хоногт өргөн барина. Шинэчилсэн хуулиар УИХ-ын хуралдаан 39-ээс дээш гишүүнтэй байх, Засгийн газрын гишүүд давхар дээлтэй байх хязгаар, УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах зэрэг асуудлыг тусгаж өгсөн.
-Одоогийн Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах эсэхээр хуульчид маргаж байна. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?
-Хуульчид ямар ч зүйл дээр маргаж чаддаг онцлогтой. Сонгуулиар байгуулагдсан УИХ, Засгийн газар Үндсэн хуулийн өөрчлөлтийг мөрдөж эхэлнэ. Тэгээд Засгийн газрын шинэ бүрэлдэхүүнийг шинэчилсэн хуулиар өргөн барина. УИХ-ын шинэчилсэн найруулгыг баталж, УИХ-ын 2020 оны сонгуулийн анхдугаар чуулганаар мөрдөгдөнө.
Б.Лхам