Өнөөдөр Дауны хам шинж өвчний эсрэг дэлхийн өдөр тохиож байна. Олон хүн уг хам шинжийг сэтгэл мэдрэлийн өвчин, оюуны саатал зэргээр үзэх нь элбэг. Гэвч энэ нь жирийн хүүхэдтэй харьцуулахад булчингийн үзүүлэлт сул, тархины хөгжил нь харьцангуй удаан байдаг нэг төрлийн хам шинж юм. Энэ бол хэн нэгнийг ямар шашин шүтлэг, арьс өнгө, нийгмийн статустайгаас үл хамааран үүсэх хромсомын эмгэг. Гэтэл манай гадаад, дотоодгүй уг хам шинжтэй хүнийг гадуурхах, нийгмээс ангид байлгах гэсэн үзэл, хандлага ихээхэн ажиглагддаг нь нууц биш.
Гэвч Даун бол халдварт өвчин биш. Сэтгэл мэдрэлийн ч өвчин биш. Энэ бол гутамшиг биш. Дауны хам шинжтэй хүмүүс өөрсдөө энэ сонголтыг хийгээгүй, хийдэггүй. Тэгээд яагаад бусдын адил амьдарч болохгүй гэж? Өнгөрсөн жил гэхэд дауны синдромтой эгч дүүс коллежид суралцаж байгаа тухай мэдээлж байсан. Энэ нь хүмүүст бусадтай нэгэн адил гэх сэтгэл зүй, нийгэмшил хамгийн сайн туслагч болж чаддагийг харуулж буй хэрэг. Бусдын л нэгэн адил нийгэмд хүлээн зөвшөөрөгдөж, ажиллаж амьдарч буй олон хүн бий. Гагцхүү энэ хам шинжтэй хүмүүсийг нийгэмтэй ойр байхад нь хэн бүхэн туслах хэрэгтэйг мэргэжилтнүүд хэлж байна.
Уг хам шинж өвөрмөц онцгой царай төрх болон оюун ухааны удаан хөгжлөөр илэрдэг. Дауны синдромтой насанд хүрсэн хүний дундаж IQ 50 байдаг бол оюун ухааны хөгжил 8-9 настай хүүхэдтэй адил байдаг аж.