Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан мэдээлэл хийлээ.
-Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан зах, худалдааны төвүүд хааж хүнсний хомсдолд үүсэх вий иргэдийн болгоомжлол байна. Та салбарын сайдын хувьд албан ёсны тайлбар өгнө үү?
-Улс оронд бий болсон эгзэгтэй нөхцөл байдлын улмаас иргэдийн зүгээс хүнсний бүтээгдэхүүн нөөцлөх сэдэл байх шиг байна. Уг нь ингэх шаардлагагүй. Импорт, экспорт тодорхой хэмжээгээр хязгаарлагдаж байгаа. Гэхдээ махны хэрэглээнд санаа зовох зүйлгүй. 12 мянган тонн мах улсын нөөцөд бэлдсэн. Нөөцийн мах нийслэлийн 279 цэгт борлуулагдаж эхэлсэн. Үүнээс гадна үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийн агуулахад 10 гаруй мянган тонн мах нөөцөнд бий. Экспортод мах гаргахгүй. Хаврын улиралд махны хомсдол үүсэхгүй. Хамгийн гол нь жигд хүргэж, зохион байгуулах ажил чухал байна. Өдөр тутмын нийлүүлэлт, зарцуулалтаа хянаж байна.
-Үнийн хөөрөгдлөөс хэрхэн сэргийлэх вэ?
-Үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх гол зүйл нь зах зээлийн хангамж тогтвортой байх юм. Нөөц хангалттай байгаа энэ үед огцом нэмэгдсэн хэрэглээ гаргах нь үнийн савлагаа үүсгэх эрсдэлийг бий болгоно. Тиймээс бөөнд нь худалдан авах шаардлагагүй. Нийлүүлэлт өдөр тутам тогтвортой байна. Энэ онд махны нийлүүлэлт хоёр дахин нэмэгдэнэ.
-Гурилын нөөцийн хувьд ямар байна вэ?
-Гурилын хувьд жилийнхээ хэрэгцээг хангах хэмжээг үйлдвэрүүд бэлдсэн. Оны эхнээс 60 мянган тонн буудай экспортлох зөвшөөрөл олгогдсон. Импортын зарим нь орж ирж байна. Дөрвөн сарын нөөц бий. Мөн хоёрдугаар сарын 20-нд стратегийн зайлшгүй бүтээгдэхүүний нөөц бий болгох зорилгоор 100 мянган тонн улаанбуудай импортлох зөвшөөрөл гарсан. Буудайг импортлох байгууллагаууд тодорсон.
-Өдөрт хэчнээн тонн мах нийлүүлэгдэх юм бэ?
-Өдөрт 100 тонн мах худалдаанд гарна.
-Ургамлын тосны хувьд хэчнээн сарын нөөцтэй байна вэ?
-Ургамлын тосны хувьд 2.5 сарын нөөцтэй байна. Тиймээс ургамлын тосны импортоор орж ирэх гааль болон НӨАТ-ыг чөлөөлж байна.
А.Сүх
Сэтгэгдэл (9)