Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтын хөтөлбөрийн агуулгад тохирсон цахим болон теле хичээлийн хуваарийг хэлэлцлээ. Хичээл сургалтын үйл ажиллагааг түр завсарлуулах хугацаанд нэвтрүүлэх теле хичээлтэй холбоотой асуудлаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээлэл хийсэн юм.
Түүний хэлснээр wэцэрлэг, ЕБС-ийн сурагчдын зуны амралт цаг хугацаандаа эхэлнэ. Хичээл сургалтын үйл ажиллагаа түр завсарлаж буйгаас үүдэн зуны амралтыг хойшлуулахгүй гэнэ. Гуравдугаар улирлын амралтыг нэг долоо хоног болгон багасгана. Мөн гуравдугаар сараас дөрөвдүгээр сарын эхэн хүртэл таван долоо хоногийн турш бямба гарагт нөхөж хичээллэх аж. Үүнд цэцэрлэг хамаарахгүй юм байна.
Нийт 18 телевизээр теле хичээлийг нэвтрүүлнэ. Өргөн нэвтрүүлгийн 12 телевизээр 1-12-р ангийг хичээлийг явуулж, үлдсэн зургаан телевиз нь цагийг нь зөрүүлж нэвтрүүлнэ. Түүнчлэн зөвхөн теле хичээлүүдийг нөхөж үзэх боломжтой болгосон тул зарим ухрааж үзэх боломжгүй телевиз байсан ч хичээлүүдийг үзэх боломжтой. 402 удаагийн 6,357 минутын 40 хичээлийг орон даяар хүргэхээр 170 багш бэлтгээ хангаж байна. Өдөрт 2-4 хичээлийг 10-20 минут үргэлжлэхээр агуулга, хуваарийг баталжээ.
Гуравдугаар сарын 2-н хүртэл багш нар заавал сургууль дээрээ очих шаардлагагүй аж. Харин байгаа газраасаа сурагчидтайгаа утсаар, цахим шуудангаар гэх мэтчилэн боломжтой харилцаа холбоогоороо холбогдон хичээлтэй холбоотой зөвлөгөөг өгч, сургуулийнхаа дотоод зохион байгуулалтаар ажилласан цагаа тооцуулах юм. Энэ хугацаанд багш нарын цалинг бүтэн олгоно. Харин илүү цаг тооцохгүй аж.
Тэрбээр "Энэ бол хөл хорио тогтоосон хугацаа. Сурагчдын амралт биш. Тиймээс хүүхдүүдээ асарч хамгаалах нь эцэг, эхийн хариуцлагын асуудал. Хүүхдүүдээ олон нийтийн газраар дагуулж явахгүй байх ёстой. Мөн багш нарыг амраагаагүй тул байгаа газраасаа ажлаа хийх учиртай" гэсэн юм. Гуравдугаар сарын 2-ныг хүртэл хугацаанд цэцэрлэг, сургуульд хувьсах зардлыг олгохоор болсон байна. Харин хоолны мөнгө олгохгүй аж.
БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээллийнхээ үеэр хөл хорио тогтоосон хугацаанд цахим болон теле хичээл заах тухай Засгийн газрын шийдвэрийн "цахимаар харилцах" гэдгийг олон нийтийн сүлжээ гэж ойлгож болохгүй. Үүгээр далимдуулж, хүүхдүүдийг фэйсбүүк хаяг нээхийг уриалж болохгүй бөгөөд энэ нь цахим шуудангаар харилцах гэж ойлгоно хэмээв.
Мэдээллийн дараа тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Сургалтын хоцрогдол ямар хугацаанд үүснэ гэж тооцоолсон бэ?
-Нийтдээ 20 гаруй хоногийн хоцрогдол үүснэ. Энэ хугацааг амралтаас долоо хоногийг хасаж, амралтын өдрүүдэд хичээллүүлэх зэргээр шийднэ. Багш нарыг удаан хугацаанд амрааж байна гэж буруу ойлгуулах явдал байна. Багш нар хаврын цагт маш их ачаалалтай ажиллана.
-Шалгалтуудыг авах хугацаанд өөрчлөлт орох уу?
-Агуулгыг нөхөж заах тул товлосон хугацаандаа шалгалт авч, зуны амралт эхэлнэ.
-Төгсөх ангийн хүүхдүүд элсэлтийн ерөнхий шалгалтдаа хавар илүү цагаар бэлдэнэ. Хичээл нөхөхийн тулд бямба гарагт хичээллэх юм байна. Хүүхдүүдэд хэт ачаалал үүсэхгүй юу?
-Дөрөвдүгээр сарын эхэн хүртэл долоо хоногийн зургаан өдөр хичээллэнэ. Тавдугаар сард илүү хоног хичээллэхгүй тул асуудал үүсэхгүй.
Телехичээл орох телевизүүд
С.Сүлд