Хүний эрхийн олон улсын өдрийг тохиолдуулан ХҮЭК-оос өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ талаар ХҮЭК-ийн дарга Ж.Бямбадорж “Монгол Улс “саарал жагсаалт”-д орсонтой холбогдуулан нийгэмд эмзэглэл үүсээд байна. Энэ зүй ёсных. Хүний эрхийн асуудал бол саарал жагсаалтад оруулдаггүй. Шууд олон улсын хориг тавигддаг. Энэ нь улс төрийн болон эдийн засгийн гэсэн хэлбэртэй байдаг. Томоохон улс орнууд өөр хоорондоо эдийн засгийн ямар хориг тавьж байгааг та бүхэн мэднэ. Үүнийг ярьсан учир нь Монгол Улс нь Үндсэн хуулиар олон улсын хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлнэ гэж заасан. НҮБ-ийн Хүний эрхийн зөвлөл 2011, 2015 онд Засгийн газруудын хүний эрхийн нийтлэг илтгэлийг хүргүүлдэг болсон. Удахгүй гурав дахь тайланг хүргэнэ. Тайлан гаргахын өмнө хөндлөнгин илтгэлээ хүргүүлэх учиртай. Бид хүргүүлсэн. Зөвлөмжүүдийг хэрэгжүүлэхгүй бол “Саарал жагсаалт”-д орсон шиг олон улсын хориг арга хэмжээнд орох нөхцөл байж болзошгүй. Тиймээс бид болгоомжтой байх ёстой. Олон улсад тухайн улс орныг хүний эрхийн индексээр байр эзлүүлдэг. Нийт 21 үзүүлэлт бий. Уг нь бол Ази тивдээ хүний эрхийг хэрэгжүүлэгч харьцангуй дээгүүрт жагсдаг. Улс төрийн баталгаа дэлхийн жишигт хүрсэн улс шүү дээ, Монгол Улс. Мөн хууль зүйн баталгаа харьцангуй бүрэлдэн тогтсон. Хийх ёстой шаардлагатай зүйлс бий. Жишээлбэл, хохирсон иргэдийн сэтгэл санааны хохиролыг хэрхэн нөхөн төлөх талаар нэгдсэн олон улсын гэрээ конвенц, хууль эрх зүйн орчин бүрэлдээгүй байна. Өдөрт маш олон гомдол ирдэг. Хуулийн байгууллагад шалгуулахдаа дарамтлуулсан гомдол олноор ирдэг. Мөн хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн иргэд олноор хандаж байна. Ажлын байран дахь бэлгийн болон сэтгэл санааны дарамт гэсэн үг. Ийм асуудлыг шүүхээр шийдүүлдэг. Шүүхээс ямар шийдвэр гаргасанд бид хяналт тавих байдлаар эргэх холбоотой ажилладаг” гэлээ.