Цагдаагийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон нийслэлийн Онцгой байдлын газраас шахмал түлштэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.
ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан “Шахмал түлшийг үйлдвэрлэх, бэлтгэн нийлүүлэх, хэрэглэа явцад хүндрэл гарч байна. Түлш хэрэглэх явцад угаартаж, амь насаа алдсан хэргийг шалгаж байна. Өнөөдрийн байдлаар зургаан дүүргийн 28 хороонд 538 иргэн хийн хордлогын улмаас эмнэлгийн тусламж авсан байна. Мөн 41 иргэн эмчилгээ хийлгэж, найман иргэн амиа алдсан. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан цагдаагийн байгууллагаас онцгойлон анхаарч байна. Энэ асуудлыг бид хамтарч байж даван туулна. Олон улсын жишиг нь өөрөө ийм. ОХУ, БНСУ зэрэг олон улс шахмал түлшний асуудлыг даван туулсан туршлага бий” гэв.
МХЕГ-ын дэд дарга С.Даваасүрэн “Сайжруулсан түлшийг Эрчим хүчний яамны Шинжлэх ухаан техникийн зөвлөлөөс бүтэц найрлагыг нь баталсан. Өөрөөр хэлбэл, түлшээс гарч байгаа утаа нь гадаад орчинд гараад хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй.
Сайжруулсан нүүрсийн сайн тал нь утаа нь өнгө, үнэргүй. Харин сул тал нь гэр дотор угаар үүслээ гэхэд үүнийг нь иргэд мэдрэхгүй байгаа учраас угаартаж байна.
Түүхий нүүрсний сул тал нь гадаад орчныг маш ихээр бохирдуулдаг, утаа их үүсгэдэг. Харин давуу тал нь угаар гарахад иргэд тэр дороо мэдэж сэргийлэх арга хэмжээ авдаг байсан. Сайжруулсан түлшинд ийм зүйл байхгүй учраас сул тал нь болж байна.
Иргэдийн зүгээс түүхий нүүрсэнд бид хорддоггүй байсан. Харин сайжруулсан түлштэй холбоотой асуудлыг төрийн байгууллагууд нууцалж, хортой зүйлийг иргэддээ шахаж байна гэдэг зүйл ярьж байна. Дээр дурдсан шиг өнгө, үнэргүй болохоор иргэд угаартаж байгаа юм. Түүхий нүүрсээс ч өмнө нь хүн угаартаж хордож байсан. Тиймээс зөв галлагаанд анхаарах ёстой” гэсэн юм.
Б.Лхам
Сэтгэгдэл (8)