Төрийн албаны шалгалт ирэх арваннэгдүгээр сард зохион байгуулагдахаар болжээ. Уг асуудлаар ТАЗ-өөс мэдээлэл хийлээ.
Энэ жил төрийн албаны шалгалтад нийслэлээс 15 орчим мянга, хөдөө орон нутгаас тус бүр 10 орчим мянган иргэн бүртгүүлэх урьчилсан тооцоо гарчээ. Төрийн албаны шалгалтад хамрагдах иргэдийн тоо өсөх хандлагатай байгаа нь энэ удаагийн шалгалт тодорхой мэргэжил, ажлын туршлага загаагүйтэй холбоотой хэмээн тайлбарлаж байна.
Энэ талаар ТАЗ-ийн гишүүн Д.Баатарсайхан “Өнөөдрийн байдлаар нийслэлд 900 орчим хүн бүртгүүлжээ. Харин бусад аймгуудын хувьд харьцангуй цөөн байна. Бүртгэлд яагаад ийм цөөн хүн хамрагдсан байна гэхээр иргэд аливаа зүйлийг хүлээдэг хандлага нь нөлөөлсөн гэж үзэж байна. Өмнөх онуудад ч ийм дүр зурагтай байсан. Хугацаа дөхөөд ирэхээр олноороо хандалт хийдэг. Энэ нь серверт ихээхэн хүндрэл учруулдаг тул шалгалт өгөхөөр бэлтгэж байгаа иргэд эрт бүртгүүлэх шаардлагатай”г анхааруулав
Ингээд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм.
-Шалгалт ямар чиглэлээр явагдах вэ?
-Өмнөх шалгалтын хүрээнд хууль эрх зүйн шалгалт, өөрийнх нь бичиг баримтыг нягталж оноо өгдөг байсан. Шалгалт ихэвчлэн хууль эрх зүйгээр дагнадаг байсан бол энэ жилээс эхлэн монголын түүх, нийгэм эдийн засгийн бодлого, зорилт, төрийн удирдлагын бодлого зэргээс тестэнд орно. Мөн уг шалгалтад ярилцлагын шалгалт байхгүй. Уг шалгалтыг албан тушаалын буюу тусгай шалгалт авах үед л авах юм.
Түүнчлэн иргэдийн зүгээс төрийн албаны шалгалтад бэлтгэдэг тестийн ном гаргах хүсэлт их ирдэг. Тиймээс жишиг тесттэй ном гаргалаа. Гэхдээ энэ нь зөвхөн загвар тест гэдгийг ойлгох хэрэгтэй. Уг шалгалтаар зөвхөн нөөцөд бүртгэгдэнэ гэсэн үг.
-Тэгэхээр нөөцөд бүртгэгдсэн иргэн төрийн албан тушаалд томилогдоход дахин шалгалт өгнө гэсэн үг үү?
- Өмнөх хуулийн зохицуулалтаар нөөцөд бүртгэгдсэн иргэдээс шууд албан тушаалд томилогдог байсан. Учир нь томилох эрх бүхий албан тушаалтан байгууллага нь ажлын байрны тодорхойлолтыг нь өөрөө баталдаг байсан. Харин шинэ хуулийн зохицуулалтаар нөөцөд орсон иргэн сул орон тоог нөхөх албан тушаалын шалгалт буюу тусгай шалгалт авах зар гардаг. Ингэхдээ төрийн албаны тэргүүн түшмэл, эрхэлсэн түшмэлийн ангилалд хамаарч байгаа албан хаагчдын шалгалтыг ТАЗ зохион байгуулж авдаг болсон. ТАЗ-ийн 48 салбар зөвлөл орон нутаг болон яам, агентлагт ажиллаж байна. Ахлах түшмэд, дэс түшмэл, туслах түшмэлийн албан тушаалд хамаарч байгаа албан тушаалтныг тухайн салбар зөвлөл өөрөө зохион байгуулаад явна.
-Төрийн албанд сул орон тоо зарлагдсаныг хэрхэн мэдэх боломжтой вэ?
ТАЗ төрийн албан хаагчийн тоо бүртгэлийг хөтөлдөг хүний нөөцийн нэгдсэн тогтолцооны програм хангамж бий. Төрийн албаны шинэ хуулийн зохицуулалтын дагуу албан тушаалд дэвшсэн алба хаагчдын бүртгэл, шилжилт сэлгэгдсэн алба хаагчдын бүртгэл, сахилга хариуцлага тооцуулсан алба хаагчийн бүртгэл зэргийг ирэх оны тоо бүртгэл авах зэргээр өргөжүүлнэ.
-Эрх бүхий зарим албан тушаалтнууд шалгалтад хамрагдаагүй иргэнийг өөрийн үзэмжээр томилдог асуудлыг хэрхэн цэгцлэх вэ?
-Төрийн албаны шинэчлэлийн хүрээнд улс төрийн албан тушаалтнуудаас томилогддог албан тушаалтнуудын судалгааг өнгөрсөн жил авч үзсэн. Улс төрийн албан тушаалтнуудаас томилогддог 560 орчим албан тушаалтан байна. Үүнийг тухайн албан тушаалтнууд дур мэдэн томилдог юм биш. Тухайлбал, Эрүүл мэндийн сайд эмнэлгүүдийг удирдлагуудыг томилох асуудал нь холбогдох хууль тогтоомжоор зохицуулагддаг. ТАЗ-ийн бодлогын зүгээс төрийн албан хаагчдыг аль болох тогтвор суурьшилтай ажиллуулах үүднээс улс төрийн албан тушаалтнаар томилдог болох томилгоог цөөрүүлэх саналыг тавьж байгаа. Харамсалтай нь холбогдох хууль тогтоомжид энэ зохицуулалт орж чадахгүй байгаа учраас улс төрийн албан тушаалтнууд томилгоог дур мэдэн хийж байна гэсэн зүйл яригдаж байна. Төрийн албаны шинэтгэлийн хүрээнд бид энэ жил 21 аймагт бүгдэд нь явж ажиллалаа. Энэ жил сургаж хөгжүүлэх, батлагдсан дүрэм журмаа сурталчилж ажиллалаа.
Б.Лхам
Сэтгэгдэл (6)