УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар 2020 оны улсын төсвийн төслийг хэлэлцэж, Ажлын хэсэг байгуулжээ. Үүнтэй холбогдуулан Сангийн сайд Ч.Хүрэлбаатар сэтгүүлчдийн асуултад хариулсныг хүргэж байна.
-2020 оны улсын төсвийн зарлага нь орлогоосоо давсан үзүүлэлттэй байгаа. Үүнийг сонгуулийн жилтэй холбож тайлбарлах хүн олон байна?
-Гадаад, дотоодын эрсдэлээс шалтгаалж зарлага өндөр байна. Ирэх жил төмрийн хүдэр өсөлттэй байхаар тооцсон. Алтны олборлолтыг бууруулж төсөөлсөн. Концессийн нэг ч төгрөгийн гэрээ байгуулаагүй. Анх байгуулж байхдаа 3.8 их наяд төгрөгийн концессийн гэрээг дамжуулж авсан. Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг, Ж.Эрдэнэбат нарын Засгийн газрын байгуулсан концессийн гэрээг үргэлжлүүлж хэрэгжүүлэх үүрэгтэй.
-Монгол Улсын өр буурсан тухай та нэг бус удаа ярьсан. Гэтэл өмнөх онуудтай харьцуулахад мөнгөн дүн нь адилхан байна. Нэг бондыг нөгөөгөөр дарахыг өр төлөөд байна гэх үү?
-Монгол Улсын өр 29.7 тэрбум ам.доллар. Үүнээс 18.2 тэрбум нь аж ахуйн нэгж, компаниудын авсан өр. Хувийн хэвшлийн авч байгаа зээл нэмэгдэнэ гэдэг нь эдгээр аж ахуйн нэгжүүдэд итгэх итгэл нэмэгдэж байгаа гэсэн үг. 2.2 тэрбум нь арилжааны банкуудын авсан зээл. Арилжааны банкууд гаднаас эх үүсвэр авч, санхүүждэг. Үлдсэн нь Засгийн газрын өр. Засгийн газар 7.2 их наяд төгрөгийн өртэй байсан. Сангийн сайд болсноос хойш 7.4 их наядын төгрөгийн зээл төлсөн. Төсвийн алдагдлыг хоёр их наядаар төсөөлсөн. Энэ нь тэнцвэржүүлсэн тэнцэл. Орлогод Тогтворжуулалтын сан, Ирээдүйн сангийн орлогыг нэмээгүй.
-Цалин, тэтгэврийг хэдэн төгрөгөөр нэмэх бол?
-Инфляцийн төвшинтэй уялдуулж нэмнэ.
-Ирэх онд хэчнээн төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэхээр тооцсон бэ?
-Царцаагдсан 23 объектод 23 тэрбум төгрөгийг тавьсан.
-Монгол Улс “Саарал жагсаалт”-д орох тухай УИХ-ын дарга сануулсан. Холбогдох албаныханд үүрэг өгсөн байгаа?
-“Саарал жагсаалт”-д орох эсэх асуудлын тухайд Монгол Улс эрчимтэй хяналтад явж байсан. Арилжааны банкуудын өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн эх үүсвэр дээр аудит хийлгэх шаардлагатай.
С.Сүлд