Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Агаарын бохирдолтой тэмцэх газраас сайжруулсан түлштэй холбоотой асуудлаарх нөхцөл байдлыг танилцууллаа.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд яаралтай түргэн тусламжийн төвд угаарын хийнд хөнгөн, хүнд хэлбэрээр хордсон есөн айлын 26 иргэн ханджээ. Үүнээс 15 нь хүүхэд байгаагаас нэг хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм байна.
Энэ талаар Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Энэ сарын 14 буюу өглөөний 06.00 цагийн байдлаар эмнэлэгт таван том хүн, дөрвөн хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. энэ сарын 3-14-ний өдрүүдэд угаарын хийн хордлогын 138 удаагийн дуудлагаар 293 хүнд эмнэлгийн тусламж үзүүлж ажилласан байна. Үүнээс 22 том хүн, долоон хүүхэд хэвтэн эмчлүүлжээ. Дуудлагын хувьд янз бүр байна. Толгой өвдөх, бие өвдөх зэргийг 100 хувь угаарын хийнд хордсон гэж хэлэх болмжгүй. Үүний шалтгаан нөхцөлийг эрүүл мэндийн байгууллагаас тогтоож, тусламж үзүүлэн ажиллаж байна” гэв.
Дээрх үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан мэргэжлийн хяналтын байгууллагаас гурван ээлжээр ажиллаж байна. С.Даваасүрэн “Өчигдрийн дуудлагаар айл өрхүүд түүхий нүүрс түлж байна гэсэн гомдол ирсэн. Тухайлбал, Амгалан, Баянхошуу зэрэг байршлуудаас ирж байна. Мөн товчоодод түүхий нүүрс оруулж ирэхийг завдах үйлдэл гарч байна. Иргэдийн зүгээс сайжруулсан түлшийг хэрхэн зөв түлэх эсэх дээр анхаарахыг зөвлөе. Нийслэлийн агаарыг цэвэр байлгахын тулд түүхий нүүрс зэргийг түлэхгүй байхыг анхааруулж байна.
Түүнчлэн Шинжлэх ухаан академийн хийн технологийн хүрээлэнд Тавантолгой түлш компанийн нэг, хоёрдугаар үйлдвэрүүдэд хэрэглэгдэж буй сайжруулсан түлшийн барьцалдуулагч, угаарын хийнд хордсон айл өрхөөс авсан шахмал түлшийн хоёр дээж авч шинжлүүлсэн. Шинжилгээгээр сайжруулсан хатуу түлш стандартын шаардлага хангаж байна гэж гарсан. Элементийн шинжилгээний дүнгээр 63.8-65.9 хувь нүүрстөрөгч, 3.7-3.9 хувь нь устөрөгч, 1.6-1.7 хувь нь азот, үлдсэн хүчилтөрөгч байна гэж гарсан байна. Харин АМГТГ-ын элементийн шинжилгээгээр нүүрстөрөгч 65.1, устөрөгч 5.4, азот 1.3, хүчилиөрөгч 7.5 гэж гарч байсан юм. Тэгвэл барьцалдуулагчийн шинжилгээний дүнгээр 18-19.9 хувь нь усанд уусдаг цардуул агуулсан бодис байна. Шатдаггүй эрдэс хэсгийн үндсэн бүрэлдэхүүн нь цахиурын оксид 44.6-44.1 хувь, альпид 23.7-32.4 хувь агуулж байна. Уг шинжилгээгээр хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй элемент илрээгүй гэж ирүүлсэн. Бид Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүхий лабораторийн шинжилгээгээр шинжлүүллээ.
Мөн есдүгээр сарын 18-ны өдөр Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэсэн шахмал түлш, үнснээс дээж авч Хүнсний аюулгүй байдал үндэсний лавлагаа лабораторийн Цацрагийн хяналтын лабораторид шахмал түлшний зургаа, үнсний нэг дээж авч уран, кали зэргийг хамруулсан. Шинжилгээний дүнгээр цацрагийн аюулгүйн нормын 12.2-д заасан хэмжээнээс хэтрээгүй гэж дүн гарсан. Бид нийт таван лабораторид шинжлүүллээ” гэлээ.
Б.Лхам
Сэтгэгдэл (5)