УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос хууль бус наймаанд нэр холбогдсон дипломатуудын талаар мэдээлэл хийлээ. Байнгын хорооны дарга Т.Аюурсайхан “Польшийн хуулийн байгууллагаас манай улсын 69 иргэнийг эрэн сурвалжилж байгаа мэдээллийг ирүүлсэн. Зарим нь дипломат төлөөлөгчийн газар, зарим нь Монгол Улсын төрийн албанд, улс төрийн намын удирдах түвшинд ажиллаж байгаа хүмүүс байна. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэгт холбогдсон хүмүүсийн асуудлыг хоёр удаа хаалттай хэлэлцсэн. Ингээд тогтоол гаргаж, Засгийн газарт чиглэл өгөөд, хамтарч ажиллаж байгаа. Энэ нэр холбогдсон хүмүүийг дипломат болон төрийн албанаас яаралтай чөлөөлөхийг шаардсан. Гадаад улсад үйлдэгдсэн хэргийг Монголд шалгах чиглэлийн хуулийн байгууллагад өгсөн. Польш улсаас ирүүлсэн 69 хүний мэдээллээс эхний ээлжинд зургааг нь танилцуулъя. Одоогоор эдгээр зургаан хүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөөд байгаа. Тэдгээр
Х.Даваадорж Бельги улсад хил дамнасан хууль бус наймаанд оролцсон. 2009 оноос хойш эрэн сурвалжлагдаж байгаа ч түүнээс хойш удаа дараа дипломат албанд томилогдсоор байсан. Б.Болор нь Х.Даваадоржийн гэргий. Мөн одоог хүртэл эрэн сурвалжлагдаж байгаа. А.Батсайхан БНЛУ-аас чөлөөлөгдсөн. 2002-2003 онд Польш улсад түр ажиллаж байхдаа хууль бус наймааны хэрэгт холбогдон, эрэн сурвалжлагдаж байгаа. Д.Мөнх-Эрдэнэ БНХАУ-ын Хөх хотын Ерөнхий консулаас чөлөөлөгдсөн. Тээврийн хэрэгслийг татваргүйгээр оруулж, худалдсан хэрэгт холбогдсон. Т.Мөнхбат, С.Эрдэнэбаяр нар Турк улс дахь Консулын газар ажиллаж байхдаа хар тамхи тээвэрлэж байгаад ХБНГУ-д саатуулагдсан. С.Эрдэнэ 2004 оны есдүгээр сард Германд саатуулагдан шалгагдаж байсан” гэлээ.
Мөн тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн юм.
-Польшийн хууль хяналтын байгууллагатай хамтарч ажиллаж байна вэ?
-Энэ хүмүүс төрийн албанд ажиллаж байгаа нь хууль бус. Хар тамхи зэрэг хууль бус гэмт хэргээс олсон мөнгөө Монголд оруулж ирэн, хөрөнгө оруулалт хийж байгаа нь мөнгө угаасан хэрэг. Тиймээс тагнуулын байгууллагад хандсан. Эдгээр 69 хүний хэд хэдэн Элчин сайдаар дипломат байгууллагад ажилласан. Одоо ч ажиллаж байна. Төрийн ордонд ажиллаж байгаа хүмүүс хүртэл бий. Байнгын хорооноос Гадаад харилцааны яаманд бичиг хүргүүлсэн. Эхний ээлжид зургаан хүнийг чөлөөлсөн.
-Эдгээр хүний дотор цагдаагийн байгууллагад ажиллаж байсан, одоо ажиллаж байгаа хоёр хүн байна. Үүнтэй хэрхэн тэмцэх юм бэ?
-Хууль бус байгууллагаас эрэн сурвалжлагдаж байгаа хэрнээ цагдаагийн байгууллагад ажиллаж байгаа хүмүүс бий. Албанаас нь чөлөөлж, хуулийн дагуу хариуцлага тооцно. Цагдаа, тагнуулын байгууллагын удирдлагуудад Байнгын хорооны зүгээс тодорхой хариулт өгсөн.
Хөөн хэлэлцэх хугацаа янз бүр байгаа. Албан тушаалын хэргийг огт өөрөөр авч үзэх ёстой. Гэтэл үүнийг нь тогтоогоогүй, шалгаагүй, Монгол Улсын нутаг дэвсгэрт орж ирснийг нь нотлох ёстой. Эдгээр хүмүүсийг шалгуулахаар цагдаагийн ерөнхий газарт хандсан. Гадаад харилцааны дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нь өөрийн туслахаа Канад, Англи зэрэг улсуудад атташегаар томилсон. Ингэж болохгүй.
С.Сүлд
Сэтгэгдэл (11)