Ерөнхий сайд У.Хүрэлсүх Байгалийн түүхийн музей, Үндэсний урлагийн их театр, Чингис хааны музейн архитекторуудтай уулзаж, төсөл макеттай танилцлаа.
Энэ үеэр архитекторуудаас асуулт асууж, хариулт авсан юм.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Дэлхийн сонгодог музей ямар байх ёстой юм бэ. Гаднах тохижилтоо говь цөл, нуур, ой мод зэргийг харуулсан Монголын жижиг хувилбараар хийж болохгүй юм уу. 76 тэрбум төгрөгөөр босно гэсэн биз дээ. Нэгэнт ийм хэмжээний хөрөнгөөр Байгалийн түүхийн музейг байгуулах юм бол энэ ажлын явц яг яаж хийгдэх юм бэ. Түүнээс биш кино театр, үзэсгэлэнгийн талбай сонин биш байна. Музей гэдэг агуулгатай юу хийх юм бэ. Үүнийг тайлбарлаадах?
Архитектор: Музейн талбайг цэнхэр өнгөөр гаргасан. Энд музейг хэрхэн байрлуулах талаар Байгалийн түүхийн музейн хамт олонтой сууж байгаад гаргана.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Өөрөө хэр олон музей үзсэн бэ?
Архитектор: Шанхайн музей, Луврын музей. Эрмитажийн музей зэргийг үзэж байсан.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Музейн тасалгаанууд яаж байрладаг талаар яриад өгөөч?
Архитектор: Бид одоогийн байдлаар концепц дизайн дээр явж байна. Эндээс эх загвар зураг руу шилжихэд Байгалийн түүхийн музейнхэнтэй давхар ажиллах шаардлагатай. Энд интерьер болон музейд хамааралтай тоног төхөөрөмж оруулаагүй. Зөвхөн барилгын хэмжээн дэх төсөөллөө харуулж байна. Таны дээр дурдсанчлан дөрвөн улирал харуулсан загвар гаргая гэдэг байдлаар бид ийм санал гаргасан. Музейн заалуудаа Монгол орны байгалийн таван бүсчлэлд хувааж, үзмэрүүдээ байрлуулна гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Хамгийн хойд хэсгийн талбайд динозаврын музейг байрлуулж, өргөжүүлнэ.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Музейн барилгын ажлыг хариуцсан захирал нь нэг юм хэлээдхээч. Ямар учиртай юм бэ. Тодорхой хариулт өг л дөө. Одоо байгаа Байгалийн түүхийн музей 2000 м.кв гэсэн үү. Шинэ музей 10.8 мянган м.кв болно гэхээр талбайн хэмжээ тав дахин нэмэгдэх юм байна. Тийм үү?
Байгалийн түүхийн музейн захирал Н.Зоригтбаатар: Байгалийн түүхийн музей 33.2 мянган м.кв талбай захиалсан. Харин 10.8 мянган м.кв гэдэг арай бага байна гэж үзэж байна. Ямар ч байсан 40 хувь нь баймаар байна. Ер нь бид нар захиалгаа өгсөн. Бидний захиалгаар хөлсөлж байгаа компани зургаа зурж, танилцуулж байна. Гэхдээ 10.8 мянган м.кв нэгдүгээрт, бага байна. Хоёрдугаарт, Сангийн сайдын асуусанчлан үзэсгэлэнгийн танхимууд гэж ярих ёстой. Эдгээр нь бидний төсөөлж, тооцоолсноос арай өөр байна” гэлээ.
Үүний хариуд Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Байгалийн түүхийн музейн асуудлыг ойлголоо. Та нар хамтарч ажилла, дарга нар аа. Та нар ажлаа хийвэл хийцгээ. Үгүй бол наад ажлаа өгөөд зайлцгаа. Хэдэн сараас музейн асуудлыг ярьж эхэлсэн билээ. Өнгөрсөн 2018 оны арваннэгдүгээр сард энэ асуудлыг ярьж эхэлсэн. Хөрөнгө мөнгө, зураг төслийг чинь гаргаж өгсөн. Гэтэл хаана байна вэ. Та нар ажил хийвэл хий. Та нараас гадна чадвартай олон залуучуудад ажил олдохгүй сууж байна. Битгий буг бол, зайлцгаа. Хамтарч ажиллавал болно гэсэн. Гэтэл одоо л ярьж эхэлж байна. Та нар энэ зургийн компанитай яагаад хамтарч ажиллахгүй байна вэ. Хийгээд үзүүлж байгаа макетаа хар. Битгий ингэж хүн доромжилж бай. 10 жилийн сурагч хүртэл ийм макет хийхгүй шүү. Хүн хараад шууд ойлгохоор “Чингис хаан”-ы музей шиг юм хийгээд тавьж болохгүй байна уу. Монголын хөгжлийн түүхэнд битгий гай болоод байгаарай" гэв.
Б.Лхам
Сэтгэгдэл (57)