УИХ дахь Ардчилсан намын зөвлөлөөс Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд хүргүүлж буй саналын талаар мэдээлэл хийлээ.
Энэ талаар Ардчилсан намын зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт нь аливаа нам, гишүүний явцуу эрх ашгийг гүйцэлдүүлэх ёсгүй гэж үзэж байгаа. Хэлэлцүүлгийн явцад Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд оруулсан зүйл заалтууд нэлээд маргаан дагуулж байна. Хамгийн гол нь үндсэн суурь зарчим дээр гол анхаарлыг хандуулах ёстой гэж Ардчилсан нам үзсэн. Парламентын тогтолцоо түүнийг бэхжүүлэх, сонгодог парламентыг жинхэнэ ёсоор бий болгох, хамтын хариуцлагыг дээшлүүлэх, ардчиллын үнэт зүйлийг сайжруулах, төгөлдөржүүлэхэд АН-ын үүрэг оролцоо эн тэргүүнд байх ёстой гэсэн бидний зарчмын байр суурь хэвээр байгаа.
Үндсэн хуулийн өөрчлөлт нь монголчуудын ирээдүйн хувь заяаг тодорхойлох учраас ямарваа нэгэн явцуу, эсвэл олонхийн эрх ашигт хөтлөгдөх учиргүй гэдгийг дахин нотлох зүйтэй гэж харсан. Ан өчигдрийн хуралдаанаараа гурван гол зүйлд анхаарч ярилцлаа. Үүнийг Ө.Энхтүвшин даргатай ажлын хэсэгт хүргүүлнэ.
Тухайлбал, Сонгодог парламентын ёсонд нийцсэн засаглалын хуваарилалтын асуудал байна. Үндсэн хуулийн өөрчлөлтөд засаглалын хуваарилалт хангагдаж чадаагүй байна гэж үзсэн. Хоёрдугаарт, төрийн эдийн засгийн бодлого, санхүүгийн бодлого тодорхойгүй байгаа зүйлийг энэ өөрчлөлт хангаж чадахгүй байна гэж харсан. Гуравдугаарт, төрийн хариуцлагажуулах тухай асуудал юм. Сонгууль болохоос эхлээд сонгогдсон гишүүд төрд ямар хариуцлага хүлээх ёстой. Мөн ард иргэд ямар эрхтэй оролцох эсэх асуудал бүрхэг байна гэж үзлээ.
Түүнчлэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт Их Хурлаар биш ард нийтийн санал асуулгаар батлагдах ёстой гэсэн зарчмын байр сууриа дахин нотолно. Үүнтэй холбогдуулан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсгийн ахлагч, Шадар сайд Ө.Энхтүвшинд Ардчилсан намын байр суурийг хүргүүлэх юм.
Урьдчилан гаргасан төлөвлөгөөгөөр ард нийтийн санал асуулгыг аравдугаар сарын 3-ны өдөр зохион байгуулна хэмээн төлөвлөсөн. Энэ хугацаанд явуулах боломжтой гэж харж байна. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн өөрчлөлтийг хамгийн гол баталгаажуулах хүн нь ард иргэд байх ёстой. Түүнээс биш ард түмэнтэй хийж байгаа гэрээг УИХ өөрөө тулган шаардаж, хүчээр баталж болохгүй” гэв.
Б.Лхам