АТГ-аас энэ оны эхний хагас жилд авлигын гэмт хэрэгт шалгах, түүнтэй холбоотой гарсан шийдвэрийн талаар мэдээлэл хийж байна.
Энэ оны эхний хагас жилд хуульд заасан харьяаллын 984 үйлдэлтэй, 283 холбогдогчтой, 834 хэрэгт хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 78 буюу 9.4 хувийг шүүхэд шилжүүлэх саналтай, 308 буюу 36.9 хувийг хэрэг бүүртгэлийн хэрэг хаах саналтай, 51 буюу 6.1 хувийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлжээ. Мөн 11 хэргийг нэгтгэн шалгаж, хоёр хэргийг түдгэлзүүлсэн бөгөөд 384 хэргийн үлдэгдэлтэй байна. Үүний 335 хэрэгт хэрэг бүртгэлт хийх, 49 нь мөрдөн байцаалтын хэрэг аж.
Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн шийдвэрлэлт 53.7 хувьтай. Энэ оны эхний хагас жилд гэмт хэргийн улмаас 11.9 их наяд төгрөгийн хохирол учирснаас мөхдөн шалгах ажиллагааны явцад 376 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, 129 тэрбум 838 сая төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх, хөдлөх хөрөнгө, орон сууц, автомашин, тоног төхөөрөмж зэрэг эд хөрөнгийг битүүмжилжээ.
Битүүмжлэн хамгаалсан хөрөнгийн хэмжээг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.3 дахин өссөн үзүүлэлттэй гарчээ. Энэ талаар АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү “Хэрэгт холбогдон шалгагдсан 29 этгээдийн 12.4 хувийг улс төрийн албан тушаалтнууд 16.3 хувийг төрийн захиргааны, 24 хувийг төрийн тусгай, 9.9 хувийг төрийн үйлчилгээний, 12.4 хувийг төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийн албан тушаалтан, 27.2 хувийг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн албан тушаалтан эзэлж байна. Мөн 2019 оны эхний зургаан сарын байдлаар нийт 29 хэргийг шүүхээр шийдвэрлүүлсэн. Үүнд Батлах хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батсайхан, нийслэлийн Газрын албаны Захиргаа удирдлагын газрын дарга Б.Амаржаргал, нийслэлийн Тээврийн газрын дарга Д.Отгонбаатар, МУБИС-ийн Эдийн засаг, хамтын ажиллагааны асуудал эрхэлсэн дэд захирал Л.Ганцэцэг, БСШУСЯ-ны харьяа “Шинэ эхлэл” сургуулийн захирал Л.Эрдэнэ, нийслэлийн Нэгдүгээр сургуулийн захирал Г.Бум-Эрдэнэ, Хан-Уул дүүргийн 243 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Б.Саранцэцэг, Баянзүрх дүүргийн Газрын албаны дарга Н.Батсүх, “Дорнод бүийн эрчим хүчний систем” компанийн Хангамж, үйлчилгээний хэлтсийн дарга н.Гэрэлт- Оч, “Багануур” компанийн охин компани “Багануур-Илч” компанийн Гүйцэтгэх захирал С.Батболд, Баянхонгор аймгийн Политехникийн коллежийн захирал Ш.Чимгээ, Завхан аймгийн Улиастай сумын Төв номын сангийн захирал н.Долгоржав, “Өсвөр үеийн хүнс, орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэр”-ийн газрын дарга н.Наранчулуун, “City bus” комданийн захирал А.Отгонбаяр, Гүйцэтгэх захирал н.Зуундарь нарт холбогдох хэргийг шүүхээр шийдвэрлэсэн.
Түүнчлэн Эрчим хүчний сайд асан “С”-ийг эрх мэдлээ урвуулан ашиглаж, улсад их хэмжээний хохирол учруулсан, бусдаар дамжуулан хахууль авсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулан шүүхэд шилжүүлжээ. Хан- Уул лүүргийн анхан шатны шүүхээс энэ сарын 24-ний өдөр уг хэргийг хянан хэлэлцээд дөрвөн жилийн хорих ял оноон, гэмт хэрэг үйлдсэн 266 сая төгрөгийг улсын орлого болгох шийдвэр гаргасан.
Мөн Зам тээврийн хөгжлийн Газрын даргаар ажиллаж байсан Р.Ононд холбогдох хэрэг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Харин АТГ-аас Улсын Прокурорын газартай хамтран тухайн этгээдийн нэр дээр байрлах 644 сая төгрөгийн үнэ бүхий орон сууцыг улсын орлого болгосон” гэв.
Ингээд мөрдөн шалгах ажиллагааны үеэр баримтжуулсан зарим бичлэгийг дэлгэсэн юм.
“Хувийн ашиг сонирхлоор олсон мөнгөө оймсондоо нуужээ”
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, Импорт, Хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Э.Аззаяаг гэмт хэргийн улмаас олсон мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг Н.Баярсайханаас авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон, Хэлтсийн дарга Н.Баярсайханыг нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэргийг хясан боогдуулах аргаар үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шүүхээс ял шийтгэсэн.
Гэмт хэргийн явцад 21 ААН, иргэнээс 126 удаагийн үйлдлээр 702 000 000 төгрөг авсан болох нь мөрдөн байцаалтын шатанд тогтоогдсон аж. Э.Аззаяа, Н.Баярсайхан нарын албан өрөөнд нь нэгжлэг хийхэд бие болоод гэрээс нь 230.800.000 төгрөг, 152.177 ам.доллар, 70.000 юань бэлнээр олдсоныг эд мөрийн баримтаар хурааж улсын орлого болгосон.
“Хахуульд авсан мөнгөө ажлын өрөөндөө нуусан байжээ”
Түүнчлэн Автотээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаяр албан чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авчээ. Тэрбээр олон улсын ачаа тээврийн зуучийн эрх олгох тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс тээвэр” ХХК-ийн ачааны машинуудад олгох замаар 2017 оны наймдугаар сараас арваннэгдүгээр сар хүртэлх хугацаанд тус компаниас 57.5 сая төгрөгийг авсан нь баримтаар нотлогджээ. Мөн тэрбээр тус компаниас хахууль болгон авсан 25 сая төгрөгийг өрөөндөө нуусан байжээ.
Уг хэрэгт холбогдуулан түүнийг нийтийн албанд томилох эрхийг гурван жилээр хасч, 6500 нэгжтэй тэмцэх хэмжээний буюу 6.5 сая төгрөгийн торгох ял, хууль бус орлого болох 62.5 сая төгрөгийг улсын орлого болгох шийтгэл оногдуулсан байна.
Б.Лхам
Сэтгэгдэл (16)