Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар газар олголтын асуудлыг хэлэлцсэн байна. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Хэвлэл мэдээллийнхэн, олон нийт зөвөөр ойлгоорой. Учир нь аливаа төлөвлөлтгүй асуудалд тодорхой хэмжээний захиргааны арга хэрэглэж байж цаашид илүү урт хугацаанд төлөвлөх шаардлага үүсдэг.
Улаанбаатар хотын утаа, түгжрэлийн асуудал нь улстөрчдийн олгосон замбараагүй газар олголтоос үүссэн.
Ингэж дүгнэхээс өөр гарцгүй. Засгийн газраас газар олголттой холбоотой асуудлыг анхаарч, цэгцлэхээр болсон. Тухайлбал, Нийслэлийн Засаг даргын захирамжаар Хөрөнгийн биржийн баруун талын 0.7 га, МУИС-ийн урд талбайд 0.8 га, “Улаанбаатар” зочид буудлын цэцэрлэг, нийслэлийн төв талбайн хэсгийг тус тус таван жилийн хугацаатай эзэмшүүлэхээр олгосон байна. Энэ асуудлыг цэгцлэхгүй бол Улаанбаатар хотод төлөвлөлт хийхэд хүндрэлтэй болно. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Олон улсын хүүхдийн "Найрамдал" зусланг улсын төсөвт байгууллага болгосон. Газар олголт хийгдсэн нэр бүхий байгууллага бий. Аж ахуйн нэгж, бизнес эрхлэхийг дэмжих ёстой. Гэхдээ зарим газар олголтыг цэгцлэх үүргийг Барилга хот байгуулалтын сайд Х.Баделханд даалгасан” гэв.
Үүний мэдээллийн дараа сэтгүүлчид сонирхсон асуултдаа хариулт авлаа.
-Засгийн газараас хятадын компанид 50 га газар олгоно гэсэн мэдээлэл бий. Үүнийг цуцлах уу?
-Ямар нэгэн компанид 50 га газар олгосон зүйл байхгүй. Харин санал солилцож байсан. Өнөөдөр Ерөнхий сайд нийслэлийн Засаг даргад ямар ч газар олгож болохгүй гэдэг чиглэл өгсөн. 50 га-тай холбоотой асуудал байхгүй. Цаашдаа ч ийм асуудал гарахгүй.
-Олгосон газраа төр буцааж авлаа гэхэд дахин ийм асуудал үүсэхгүй байхад хэрхэн анхаарах вэ?
-Хаана хаанаа хяналттай, олон улсын нийтлэг жишгийн дагуу хөгжье гэж хэлмээр байна. МУИС-ийн газар МУИС-даа л байг. Улаанбаатар зочид буудлын урд талын цэцэрлэгт хүрээлэн хэвээрээ л байг. Тэнд заавал аж ахуйн нэгжүүд оролцох шаардлага байхгүй.
-Зөвшөөрөлгүй газар улстөрч эзэнтэй газрууд л байшин байрьсан байдаг. Барилгыг нь нураах нөхцөл байдал үүсч мэднэ гэж байна. Хүч хүрэх үү?
-Зөвшөөрөлгүй газар байшин барьсан компанид хохирол үүсэхгүй. Зөвшөөрөл аваад барьсан бол зөвшөөрөл олгосон хүн нь хариуцлага хүлээх хэрэгтэй. Засгийн газрын хүч хүрэх үү гэж байна. Олон нийтийн дэмжлэг хэрэгтэй. Хэрвээ энэ асуудлыг цэгцлэх бол заавал хэн нэгний эсэргүүцэлтэй тулгарна. Бүх байшинг буулгана гэж хэлэхгүй байгаа. Үнэхээр зөвшөөрөлгүй барьсан бол буулгахаас өөр арга байхгүй.
Р.Хишиг
Сэтгэгдэл (4)