Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар гарсан шийдвэрийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар "Эрдэнэт" үйлдвэрийн 2016-2019 онд хүртэлх хугацаанд хийсэн шалгалтын дүнг хэлэлцлээ. Мөн "Монголросцветмент"-д хийсэн шалгалтын дүнг хэлэлцсэн юм. Энэ шалгалтыг Сангийн яам, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Татварын ерөнхий газар, Монголбанк хамтран хийсэн. Шалгалтаар нийтдээ 20 төрлийн 2.2 их наяд төгрөгийн 39 зөрчил илэрсэн. Тухайлбал, 2016 оны долдугаар сард компанийн бүтэцтэй холбоотой шийдвэр гаргасан. Энэ нь Компанийн тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байна. Ерөнхий захирал нь нийгмийн асуудлаа, дэд захирал нь хүний нөөцөө, хуулийн хэлтсийн дарга нь компанийн бүх асуудлаа хэлэлцдэг байх шийдвэр гаргасан. Энэ компани хэвийн үйл ажиллагаагаа явуулахад сөргөөр нөлөөлөх, 51 хувийг эзэмшиж байсан хэсгийн эрхэнд шууд бусаар халдсан. Аливаа асуудалд нэгдүгээр гарын үсэг зурдаг. Гэтэл энэ гарын үсгийг олон хүнд хариуцуулсан. Энэ нь санхүүгийн сахилга батыг бүрэн алдагдуулсан.
Дараагийн багц зөрчил нь ашиг сонирхолын зөрчилтэй холбоотой. Тухайлбал, Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цемент шохойн үйлдвэр "Эрдэнэт" үйлдвэртэй гэрээ хийж, 103.6 тэрбум төгрөгийн урьдчилгаа олгосон байна.
Шалгалтаар дээрх үйлдвэрүүдээс "Эрдэнэт" одоо 16,7 тэрбум төгрөгийн авлагатай байна. Цөөн тооны аж ахуй нэгжүүдтэй, ихээхэн хэмжээний дүнтэй гэрээ хийж гүйцэтгүүлэхэд урьдчилгааг “Эрдэнэт” компани олгосон гэж үзэж байна. 2016 оны арвандүгээр сарын 3-ны өдөр Зэсийн 1.2 сая тонн баяжмалын "Монголиан копер" корпорациар худалдах гэрээ хийсэн. Мөн энэ корпораци руу хоёр удаагийн гүйлгээгээр 55.2 сая ам.долларыг хийсэн байна.
Эрдэнэт үйлдвэр 64,9 тэрбум төгрөгөөр хөрөнгө оруулалт хийж эмнэлэг байгуулсан.
Дараагаар нь энэ эмнэлгээ "Медиапакс" компани руу шууд шилжүүлсэн байна. Баруун бүсийн том эмнэлгийг өөрийн хөрөнгөөр байгуулчихаад түүнийгээ хувь компани руу шилжүүлсэн нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Иймээс хуулийн байгууллагаар шалгуулах нь зүйтэй гэж үзсэн.
Үүнээс гадна "Эрдэнэт" үйлдвэр зэсийн баяжмал гарагадаг, цэвэр зэс гаргадаггүй. Гэрээгээр хайлуулах ажиллагаа хийдэг. Энэ хайлуулах зардал нь дунджаас өндөр байна гэж үзсэн. Өндөр байгаа зардлыг буулгах чиглэлийг Эрдэнэт үйлдвэрийн одоогийн төрийн өмчийн улсын үйлдвэрийн газруудад даалгасан. Нийтдээ зургаан төрлийн 33 тэрбум төгрөгийн татварын зөрчил гарсан. Гаалийн татвартай холбоотой 1.4 тэрбум төгрөгийн зөрчил гарч, акт тавигдсан. Үүнээс дараагийн нэг том зөрчил нь гаргаж байгаа зэсийн баяжмалын сорьцыг гаалийн төв байгууллагаар гаргадаггүй, хувийн компаниар хийлгүүлдэг хуулийн зөрчил илэрсэн” гэлээ.
Р.Хишигжаргал
Сэтгэгдэл (3)