"Фридрих Эберт"-ийн сангаас хийсэн хэвлэл мэдээллийн ажилтнуудын хөдөлмөрлөх эрхийн судалгааны дүнг өнөөдөр танилцууллаа.
Уг судалгаа нь хэвлэл мэдээллийн салбарт ажиллагсдын хөдөлмөрийн нөхцөл байдлын талаарх суурь мэдээлэл болон энэ салбарт ажиллагсдын үйлдвэрчний эвлэлийн талаарх ойлголт, хандлагыг тандах зорилготой хийжээ. Судалгаанд 19 аймгийн 1100 сэтгүүлч хамрагдсан бөгөөд үүний 58 орчим хувь нь эмэгтэйчүүд аж.
Судалгааны дүнгээс танилцуулбал,
- Хэвлэл мэдээллийн салбарт ажиллагсдын 55 хувь нь 26-35 насны залуучууд.
- Салбараар нь авч үзвэл, 58 хувь нь телевизийн салбарт ажилладаг бол 19 хувь нь өдөр тутмын сонин, 14 хувь нь сайт, наман хувь нь радиод тус тус ажиллаж байна.
Судалгаанд оролцогчдын 91 хувь нь үндсэн ажилтан, зургаан хувь нь гэрээт, гурван хувь нь бусад хэлбэрээр ажилладаг. Бусад гэдэгт чөлөөт уран бүтээлч, хувиараа бизнес эрхэлдэг хүмүүсийг тоооцжээ.
Хэвлэл мэдээллийн салбарт ажиллагсдын 33 хувь нь 10-аас дээш жил ажилласан бол 44 хувь нь 3-5 жил, 27 хувь нь нэг жил хүртэлх хугацаанд ажиллаж байна гэжээ. Түүнчлэн энэ салбарт ажиллагсдын 54 хувь нь 1-3 удаа ажлын байраа сольсон аж. Ялангуяа телевизийн салбарт ажлаа солих нь их байгаа нь судалгаагаар гарсан байна.
Үндсэн ажиллагсдын 95 хувь нь хөдөлмөрийн гэрээтэй байгуулсан бол гэрээгүй ажилласдын 45 хувь нь сэтгүүлч, чөлөөт уран бүтээлчид байна. Хөдөлмөрийн гэрээтэй иргэдийн 57 хувь нь хугацаатай, 38 хувь нь хугацаагүй гэрээтэй юм байна.
Ажлын дундаж цаг нь өдөрт 9.1 цаг, долоо хоногт 52 цаг.
Нарийвчилбал, 21-25, 41-60 орчим насны иргэд илүү цагаар ажилладаг гэжээ. Түүнчлэн хэвлэл мэдээллийн салбарт ажиллагсдын 23 хувь нь нийтээр амрах өдөр амралт эдэлж үзээгүй гэсэн бол таван хувь нь биеэр эдэлж үзээгүй ч амралтын мөнгө авсан гэж хариулжээ.
Сэтгүүлчдийн сарын дундаж цалин 664 мянга бөгөөд энэ нь улсын дунджаас доогуур үзүүлэлт юм байна.
Албан тушаалын хувьд авч үзэхэд сэтгүүлч, зураглаач, техникч нар арай бага цалинтай байжээ. Мөн сэтгүүлчдийн 63 хувь нь цалингаас гадна нэмэлт урамшуулал авдаггүй гэж хариулжээ. Өөрөөр хэлбэл, гурван ажилтны хоёр нь урамшуулал авдаггүй аж. Харин нэмэлт урамшуулалын дундаж нь 173.500 төгрөг ажээ.
Мөн энэ салбарт ажиллагсдын 11 хувь нь нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгал төлдөггүй аж.
Энэ нь орон нутагт их өндөр дүнтэй гарчээ. Монгол Улсын хөдөлмөрийн тухай хуулийг 34 хувь нь “мэдэхгүй”, таван хувь нь “огт мэдэхгүй” гэж хариулжээ. Тэгвэл 43 хувь нь байгууллагын дотоод журам Хөдөлмөрийн тухай хуультай нийцдэггүй бөгөөд бүх нийтийн амралтын өдрөөр ажиллуулахдаа “илүү цагийн хөлс тооцдоггүй” гэсэн байна. Уг нь бүх нийтийн амралтын өдөр ажиллуулсан бол Хөдөлмөрийн хуулиар цалинг хоёр дахин нэмэгдүүлж олгох заалттай юм.
Мөн ажлын байрны ялгаварлан гадуурхал, ямар нэгэн байдлаар дарамтад өртдөг үү гэж асуухад 11 хувь нь өртдөг гэж хариулсан байна. Дарамт шахалтад өртдөг асуудлыг насны ангиллаар нь авч үзвэл 30 хүртэлх насны залуучууд олонх хувийг эзэлжээ. Өөрөөр хэлбэл, дээд албан тушаалтан буюу удирдах ажилтнаас сэтгүүлчдэд үзүүлдэг дарамт шахалт байдаг байна.
Төрлөөр нь авч үзвэл,
- 58 хувь нь үзэл бодлоор,
- 41 хувь нь хэл амаар,
- 33 хувь нь нэвтрүүлэг, нийтлэл зэргээс болж,
- 22 хувь нь хардаж сэрдэх, заналхийлэх байдлаар өртдөг байна.
Ингээд энэ салбарт ажиллагсдын 62 хувь нь хэвлэл мэдээллийн байгууллага өөрийн гэсэн үйлдвэрчний эвлэлтэй байх шаардлагатай гэжээ.
Дээрх судалгааны дүнгийн талаар Фридрих Эбертийн сангийн сэтгүүлч Н.Болормаа “Судалгаанаас харахад хэвлэл мэдээллийн байгууллагын үйлдвэрчний эвлэл байгуулах зайлшгүй шаардлагатай болсныг харуулж байна. Бид өөрсдийн хөдөлмөрлөх эрх, эрх чөлөөг хамгаалснаар мэдээллийн эрх чөлөөг бий болгож чадна. Мөн ажил олгогч, ажилтнуудын зүй зохистой харилцаа чухал байна. Ихэнх хэвлэл мэдээллийн хэрэгсэл урсгалаараа үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ салбарт зохицуулалт хэрэгтэй болсон нь олон зүйлээр харагдсан. Энэ ажилд хэн нэгэн хүний үзэл бодол бус шинжлэх ухаанч онол хэрэгтэй. Онолоос үүдсэн зарчим, томъёолол гаргана. Харин уг онолыг гаргаж ирэхээр судалгаа хийж байна” гэв.
Б.Лхам
Сэтгэгдэл (6)