Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс сонгуулийн үеэр сэтгүүлчид хэрхэн ажиллах талаар Удирдах зөвлөлийн дарга У.Тамир, Ёс зүйн хорооны гишүүн Д.Нарантуяа, Ажлын албаны гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа нар мэдээлэл хийлээ. Энэ талаар Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн дарга У.Тамир “Цахим хуудсаар бусдыг гүтгэх, доромжлох байдлаас мэргэжлийн сэтгүүл зүй ялгарах ёстой. Бид мэргэжлийн ёс зүй баримталж ажиллах ёстой. Тиймээс сэтгүүлчид цахим орчинд баримтлах ёстой ёс зүйн зарчмыг баталсан. Мөн гомдол барагдуулах журамд тодорхой хэд хэдэн өөрчлөлт оруулсан. Редакциуд албан ёсны хуудастаа иргэдээс гомдол, санал хүлээн авч хэрэгжүүлэх талаарх шийдвэрийг Удирдах зөвлөлийн хурлаас гарлаа. Түүнчлэн зөвлөлөөс олон улсад ямар шинэлэг арга зам бий талаар судалж байна” гэв.
Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс гаргасан шийдвэрээр хэвлэлийн редакцид хаягласан гомдлыг хүлээн авч шийдвэрлэдэг болох юм байна. Түүнчлэн сэтгүүлчийн мэргэжлийн ёс зүйг баримтлах нь сэтгүүлчийн байнга санаж, мөрдөх ёстой алтан дүрэм.
Энэ дүрэм ямар ч нөхцөлд тэр тусмаа УИХ болон Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн үеэр мөрдөгдөх учиртай. Энэ нь зөвхөн нэр дэвшигчийг хамгаалсан хэрэг биш гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Хамгийн гол нь үнэн, худал нь мэдэгдэхгүй мэдээллийн цаана сонгогчдын эрх ашиг зөрчигдөж байдаг учир мэдээлэл түгээж байгаа талбараас үл хамаарч ёс зүйн зарчмыг мөрдөгдөх учиртай юм.
Нөгөөтэйгүүр, Хэвлэл мэдээллийн ёс зүйн хороо сонгуулийн үеэр ямар ч мэдээлэл өргөдөл, гомдол орж ирсэн асуудлыг шуурхай шийдвэрлэж, зохицуулах аж. Редакцийн бэлтгэсэн мэргэжлийн контентийн агуулга, үзэл суртал шингэсэн мэдээллийг тодорхой тэмдэглэн зааглаж, хэрэглэгчийг төөрөгдүүлэхгүй байх зарчим мөн багтах юм байна. Хэвлэл мэдээллийн зөвлөл олон нийтийн сүлжээгээр хуурамч, бодит бус мэдээллийг түгээх, цааш нь түгээхгүй байхыг үүрэг гэж үздэг. Энэ үүргээ мөрдөх нь олон нийтийн мэдэх эрхийг хангах нь ардчилсан нийгэмд хэвлэл мэдээлэл өөрийн үүргээ гүйцэтгэх буйн илэрхийлэл гэсэн үг юм.
Сонгуулийн сурталчилгааны хугацаа дууссан үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр ёс зүйн алдаатай мэдээлэл тараасан эсэхийг хэрэглэгчид мэдэх эрхтэй учраас энэхүү заалтаар Ёс зүйн зарчмаа баяжуулсан аж.
Б.Лхам