Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр Одонтой ээжүүдийн мөнгөний талаар мэдээлэл хийлээ.
-Төсөв дарамт болж байгаа учир одонтой ээжүүдийн мөнгийг хасна гэж таны хэлсэн үг шүүмжлэл дагуулсан. Яагаад одонтой ээжүүдийн мөнгийг хасна гэсэн юм бэ?
-Миний хэлсэн үгийг бүтнээр нь сонссох хэрэгтэй. Би хасна гээгүй харин ч нэмэх тухай ярьсан. Өчигдөр Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар дөрвөн хүүхэд төрүүлсэн зарим ээжүүд одонгийн мөнгөө авч чадахгүй байна. Үүнд хэрхэн анхаарч байна вэ гэдэг асуудал ярьсан. Одонтой ээжүүдийн хувьд хоёр төрөл бий. Нэгдүгээрт, алдарт эхийн нэгдүгээр одонтой ээжид жилд 200 мянга, хоёрдугаар одонтой бол 100 мянган төгрөг улсаас олгодог. Зургаан хүүхэдтэй ч, арван хүүхэдтэй ч ялгаагүй ээжүүд 200 мянган төгрөг авдаг гэсэн үг. Нийгмийн хамгааллын тухай багц хуулийн судалгаа хийсэн тухайгаа л хэлсэн. Үүнд энэ мөнгийг нэмэх тухай ярьсан.
-Хэдэн ээжид одонгийн мөнгө олгодог юм бэ?
-2006 онд 4.9 тэрбум, 2018 оны гүйцэтгэлээр 30 орчим тэрбум төгрөг болж нэмэгдсэн байна лээ. Энэ асуудлыг л хэлсэн. Өөр илүү зүйл хэлээгүй. ХНХЯ-наас одонтой ээжүүдээ дэмжиж ажилладаг. Хүн амын өсөлт 2.1 хувь, ахмад насны өсөлт 6.3 хувь байгаа. Эндээс юу харагдах вэ гэхээр цаашдаа Монгол Улс нь насжилттай улсын тоонд орно. Төрөлтийн насны эмэгтэйчүүд ойрын 10 жилдээ өндөр байна. Тиймээс үүнийг дэмжье. Үүний тулд одонтой ээжүүдийн мөнгийг шатлалтай нэмнэ. Үүнд одоо байгаа мөнгө хэвээрээ байна. Харин 100, 200 мянган төгрөгийг нэмэх ёстой гэдэг бодлого баримтлах нь зүйтэй. Өмнө нь хүүхдийн мөнгийг ийм шатлалаар олгодог байсан. Өөрөөр хэлбэл, төрүүлсэн хүүхэд тутамд нь шатлалаар нэмдэг тогтолцоотой байсан юм. Энэ бол зөв тогтолцоо. Төрөлтийн нас оргил үе дээрээ байгаа энэ үед төрөлтийг дэмжих ёстой. Үүнийг зөвхөн одонтой ээжийн мөнгөөр дэмжих нь хангалтгүй. Сүүлийн жилүүдэд төрж байгаа ээжүүдийн тоо огцом нэмэгдээгүй. Харин ч тогтмол үзүүлэлттэй байна. Гаднын улсад татвараас чөлөөлөх замаар төрөлтийг дэмждэг. Үүнийг хэрэгжүүлэх боломжтой. Түүнчлэн орон сууцанд хамруулах зэргээр дэмжих боломжтой эсэхийг судалж байна. Судалгааны дараа олон нийтээр хэлэлцүүлэг хийнэ.
-Хүүхдийг насанд хүрсэн тохиолдолд одонгийн мөнгийг хасах юм уу?
-Тийм зүйл байхгүй.
-Байнгын хорооны хуралдаанаар 16 нас хүрсэн бол энэ мөнгийг зогсооно. Ийм судалгаа хийж байгаа гэж та хэлсэн шүү дээ?
-Олон улсын жишгээр 18 нас хүрсэн бол насанд хүрсэнд тооцогддог. Энэ утгаар хэлсэн. Одонтой ээжийн мөнгийг олгосноор хүн амын өсөлтийг дэмжих ганц гаргалгаа гэж ойлгож болохгүй.
Өөр олон арга бий. 1957 онд батлагдсан хууль нь тав хүртэлх насны хүүхэдтэй буюу бага хүүхэд нь 1 настай бол одонгийн мөнгө олгоно гэдэг утгатайгаар батлагдсан хууль. Мөн эх өөрөө хүүхдээ өөрөө өсгөсөн, бусдаас үрчилж авсан тохиолдол одонгийн мөнгө олно. Харин үрчлүүлсэн бол хамрагдахгүй гэсэн үзэл санаа одоог хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Гэтэл бага хүүхэд нь нэг нас хүрэлгүй нас барсан тохиолдол цөөнгүй бий. Мөн анхны төрсөн хүүхдийн нэг нь нас барсан тохиолдол бий. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар хүүхдүүд нь эсэн мэнд бойжиж байгаа тохиолдолд энэ мөнгийг олгоно гэсэн зохицуулалттай. Ээжүүдийн зүгээс энэ заалтыг өөрчилж өгөөч ээ гэдэг хүсэлтийг их ирүүлдэг. 2011 онд ийм тохиолдол 9000 орчим байсан. Энэ асуудал 2011 онд УИХ-д яригдаж, яамнаас дэмсэн. Гэвч УИХ-аас дэмжээгүй. Энэ асуудлыг яамнаас дэмжиж байгаа.
Сүүлийн судалгаагаар 216 мянган одонтой ээж бий гэсэн судалгаа бий. Сүүлийн байдлаар 30 тэрбум төгрөг олгож байна.
Г.Эрдэнэ
Сэтгэгдэл (13)