Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Хилийн боомтыг сайжруулах гаалийн шинэчлэл болон НӨАТ-ын буцаан олголтын асуудлаар хэлэлцэж шийдвэрлэжээ. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Засгийн газрын хуралдаанаар хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулах, гаалийн шинэчлэлийг хийх Засгийн газрын тогтоол гарлаа” гэв.
Тогтоолын агуулгын талаар тэрбээр “Монголын уул уурхайн баялаг, ашигт малтмал зургаан боомтоор гарч байгаа. Гэвч хилээр гарч байгаа эрдэс баялгийн сорьцын асуудал тодорхойгүй байдаг. Сайн чанарын нүүрс гаргачихаад чанар муутай нүүрс гаргасан мэтээр бичдэг. Эсвэл талоны хэмжээнд зөрүүтэй тэмдэглэдэг. Тиймээс авто тээврийн хэрэгсэл бүрээс сорьц авч, түүнд үндэслэн татвар авдаг тогтолцоотой болно. Мөн зорчигч тээврийн хэрэгслийг бүртгэж, хянадаг цахим тогтолцоог гаргаж байна. Түүнчлэн томоохон нүүрс хилээр гарахад түүнийг рентгенээр хянан шалгах тоног төхөөрөмжийн хувьд дутагдалтай байна. Тоног төхөөрөмж муутайгаас болж нүүрсний хулгай гарч байсныг та бүхэн мэднэ. Тиймээс хил, гаалийн системийг шинэчлэх шийдвэр гаргасан” гэлээ.
Харин НӨАТ-ын буцаан олголтын хувьд энэ онд 808 мянган иргэнд 120 гаруй тэрбум төгрөгийн буцаан олголт олгох юм байна. Буцаан олголтыг маргаашнаас иргэдийн данс руу шилжүүлэх бөгөөд энэ долоо хоногт багтаан олгож дуусах аж. Энэ онд буцаан олголтын хэмжээ 60 орчим хувиар нэмэгдсэн бөгөөд өнгөрсөн онд 2017 оны төсвийн гүйцэтгэлээр 630 мянган иргэнд 77.8 тэрбум төгрөгийн НӨАТ-ын буцаан олголт өгч байжээ. Үүнд голлон нөлөөлсөн зүйл нь аж ахуй нэгжийн үйл ажиллагаа сэргэсэн, эдийн засгийн идэвхжилт нэмэгдсэнтэй холбоотой гэж Сангийн сайд хэлж байв.
Ингээд НӨАТ-ын асуудалтай холбоотой зарим асуудлыг тодрууллаа.
-Зарим банк иргэдийн НӨАТ-ын буцаан олголтыг нь барьцаалж, мөнгөө урьдчилж авсан. Энэ үйлдлийг хууль бус гэж мэргэжлийн хүмүүс хэлж байсан. Үүнд тайлбар өгөхгүй юү?
-Нэмүү өртгийн албан татварын тухай хуулиар и-баримтын мэдээллийг зөвхөн Татарын ерөнхий газар, Үндэсний статистикийн хороо ашиглах боломжтой. Хувь хүний мэдээлэл арилжааны банкуудад бүрэн хэмжээгээр очсон нь хууль зөрчсөн асуудал. Түүнчлэн төр өөрөө ард түмний мэдээллийг цуглуулчихаад цөөн тооны аж ахуй нэгж, банкуудад мэдээллийг олгож, давуу байдал үүсгэх нь ноцтой гэмт хэрэгт тооцогдоно.
-Энэ талаар холбогдох байгууллагуудад урьдчилж сануулаагүй юм уу?
-Сангийн яаманд өмнө нь хэд хэдэн удаа НӨАТ-ын буцаан олголтыг урьдчилж олгох талаар хандаж байсан. Сангийн яам дээрх хуулийг үндэслэн ийм зүйл хийж болохгүй гэсэн мэдээллийг хүргэсэн. Харамсалтай нь Татварын ерөнхий газар арилжааны нэр бүхий хоёр банктай хамтарч ажилласан байсан.
-Сангийн яамнаас уг асуудлыг хийж болохгүй гэж мэдээлсэн юм байна. Тэгвэл энэ шийдвэрийг дур мэдэн гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцсон уу?
-Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Татварын ерөнхий газрын даргыг чөлөөлөх шийдвэр гаргасан.
-Дараагийн даргыг томилох эсэх асуудал өнөөдөр яригдав уу?
-Төрийн албаны шинэ хуулиар сонгон шалгаруулалт нь хийгдэнэ. Энэ хугацаанд түр орлон гүйцэтгэгчийг тавина.
-НӨАТ-ын сугалаа хүртээмжгүй байна гэсэн иргэдийн шүүмжлэл их бий. Иргэдийн зүгээс буцаан олголтыг таван хувьд хүргэх саналтай байгаа. Энэ талаар Сангийн яам ямар байр суурьтай байна вэ?
-Татварын багц хуулиудыг хийхдээ энэ талаар хэлэлцэж байсан. НӨАТ-ын буцаан олголтын системийг Тайвань Улсын туршлага судалсны хүрээнд боловсруулж байсан юм. Үүнийгээ ч бид хэрэгжүүлээд явж байна. Мөн НӨАТ-тай холбоотой системүүдийг шинэчлэх ажлыг хийнэ. Шинэчлэхлийн ажлаа сайн хийчихвэл дараа нь хувь хэмжээг нэмэгдүүлэх талаар ярихад болохгүй зүйлгүй.
Р.Хишигжаргал
Сэтгэгдэл (2)