УИХ-ын нэр бүхий 39 гишүүн УИХ-ын даргыг албан бичгийг сая хүргүүлсэн. Уг асуудал нь энэ долоо хоногийн чуулганаар хэлэлцэх асуудалд багтаагүй тул ирэх долоо хоногийн чуулганд хэлэлцэхээр боллоо. Ингэхдээ ирэх долоо хоногийн пүрэв гаригийн чуулганг мягмар гаригт явуулахаар тогтсон юм. Энэ талаар УИХ-ын дарга М.Энхболд “Өнөөдөр нэгдүгээр сарын 25-ны өдөр. Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн УИХ-ын даргыг чөлөөлөх талаар УИХ-ын дэгийн тухай хууль, УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ.
УИХ-ын нэр бүхий 39 гишүүний гарын үсэг зурсан УИХ-ын даргыг чөлөөлөх тогтоолын төслийг хүлээн авлаа. Уг асуудлыг яаралтай горимоор шийдвэрлэх хуулийн дэгтэй. Энэ нь УИХ-ын даргын зөвлөл хуралдаж байж, яаралтай горимоор хэлэлцэх журам оруулдаг. Уг асуудлыг хэрхэн хэлэлцэх вэ гэдэг асуудлыг УИХ-ын даргын зөвлөл 13.00 цагт хуралдаж эцсийн шийдвэрээ гаргана. Үүнтэй холбогдуулан Төрийн байгуулалтын байнгын хорооны даргатай саналаа солилцсон. Өнөөдрөөс хойш хамгийн наад талд чуулган хийх боломжтой өдөр бол ирэх долоо хонорийн мягмар гариг юм. Энэ өдөр өглөө 09.00 цагаас Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, 10:00 цагаас чуулганы нэгдсэн хуралдааныг хуралдуулснаар УИХ-ын даргыг чөлөөлөх эсэх асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг мягмар гаригт хэлэлцэх нь тодорхой учир шалтгаантай.
Хууль хэдийгээр хэрэгжиж байгаа ч хуулийг хэрэглэх явдлыг УИХ-ын Дэгийн тухай хуульд заагдсаны дагуу Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдсэнээр энэ хуулийг хэрэглэнэ гэсэн заалттай. Тиймээс УИХ-ын гарсан шийдвэрүүдийг хэвлэдэг Төрийн мэдээлэл сэтгүүл өчигдөр хэвлэлд өгсөн. Ирэх даваа гаригт хэвлэлтээс гарна. Хууль хэрэгжиж эхлэх, хэрэгжүүлэх гогцоо ирэх даваа гаригаас болно. Мөн уг асуудлыг хэлэлцэхэд энэ долоо хоногийн хуваарьт ороогүй, сая өргөн барьсан тул шууд хэлэлцүүлье гэхээр УИХ-ын Дэгийн тухай хууль зөрчигдөнө. Тиймээс хуулийн дагуу ирэх мягмар гаригт хэлэлцэнэ. Өмнө нь хэлж байсанчлан ажил, албан тушаалтай зууралдсан юм байхгүй. Хуулийн дагуу, хуульд заагдсан үндэслэлээр ажлаасаа чөлөөгдөхөд болохгүй зүйлгүй гэж хэлсэн.
Тиймээс уг асуудлыг хуулийн дагуу хэлэлцэж, шийдвэрлэж удахгүй болох сар шинийн өмнө УИХ-ын шинэ дарга томилогдож, төрийн жаягаар төрийн гурван удирдлага олон түмэнтэйгээ золгож хэлэлцэх нь зөв байх. Дараагийн УИХ-ын дарга томилогдох гурав, дөрвөн хоногийн хугацааг бодолцож, уг асуудлыг наашлуулах захирамж гаргах бодолтой байна” гэв.
Г.Нацаг
Сэтгэгдэл (10)