“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 2018 онд хийсэн үйл ажиллагааны тайлангийн хурал өнөөдөр боллоо.
Тодруулбал, “Эрдэнэс-Тавантолгой” ХК өнгөрсөн жил 45.8 сая тонн нүүрс олборлож, 4.6 их наяд төгрөг буюу 2.1 тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажиллажээ. Мөн улсын төсөвт 510 тэрбум төгрөг төвлөрүүлж, 720 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байна.
Иргэдийн дунд 1072 хувьцааны ноогдол ашгаа хэзээ авах эсэх нь хүлээлт үүсгэж буй. Тэгвэл 1072 хувьцааны дансаа нээлгэсэн 500 мянга гаруй иргэд байгаа юм байна. Энэ оноос эхлэн иргэдийн хувьцааны ноогдол ашгийг амилуулна гэдгийг онцлон тэмдэглэж байна. Энэ талаар “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг “2019 оныг бид дэлхийн зах зээл дээр өрсөлдсөн, шинэ бизнесийн хуудсыг нээсэн хөгжлийн болгоно. Гашуунсухайтын төмөр замын зогссон ажлыг үргэжлүүлэн санхүүжүүлнэ. Одоогоор 70 гаруй хувьтай явж байгаа. Засгийн газар, УИХ-ын өгсөн үүргийн хүрээнд олон улсын зах зээл дээр хувьцаагаа худалдаанд гаргана. Мөн иргэдийн хувьцааны ноогдол ашгийг хуваариалах санхүүгийн нөөц бололцоо бүрдсэн” гэж тайлбарлалаа.
Түүнчлэн “Эрдэнэс-Тавантолгой” ХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Тавантолгойн ордоос олборлосон сайн чанарын нүүрсийг сайжруулж, сайжруулсан түлшээр нийслэлийг хангахаа мэдэгдлээ. Энэ оны тавдугаар сараас эхлэн түүхий нүүрсийг худалдаанд гаргахыг хориглосон бөгөөд ингэснээр нийслэлийн агаарын бохирдол 50 буюу түүнээс дээш хувиар буурна гэж үзэж буй. Учир нь энэ ордын нүүрсний чанар нь үнслэг багатай, киллкалор өндөр байдаг аж.
Ингээд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуягаас 1072 хувьцааны асуудлаарх зарим зүйлийг тодрууллаа.
-1072 хувьцааны нэгж хувьцааны үнийг хэдэн төгрөг байхаар тооцож байгаа вэ?
-Санхүүгийн жил таарч байна. Одоо аудитлагдсан тайлан эхэлж байгаа. Энэ нь баталгаажсаны дараа 720, 721 байх уу гэх маш нарийвчилсан тооцоо гарах юм. Үүний дараа нэгж хувьцааны үнэ хэдэн төгрөг байх талаар баталгаатай болно. Олон улсын стандартаар бодож гаргана гэсэн үг. Одоогоор урьдчилан хэлэх боломжгүй байна.
-Хувьцаа авна, зарна гэсэн зар яваад байна. Ингэж худалдаалж болох юм уу?
-Зарж болохгүй. Хувьцаа ашиглах эрх одоогоор хаалттай байгаа. Засгийн газрын бүрэн эрхийн хүрээнд нээлттэй болгоогүй л бол арилжих эрх хаалттай. Яагаад хаалттай байгаад байна гэхээр одоогоор хувьцааны үнийг унахаас урьдчилан сэргийлсэн арга хэмжээ авч чадаагүй байна. Нэгж хувьцааны үнэ 933 төгрөг гэх зүйл яригдаад буй боловч арилжаанд гарахаар энэ тоо өсөх боломжтой. Тиймээс иргэд зарж болохгүй.
-Ноогдол ашгийг хэзээ тарааж эхлэх вэ. Иргэд их хүлээлттэй байгаа шүү дээ?
-Хувьцаа эзэмшигчдийн хурал ирэх дөрөвдүгээр сард болно. Энэ хурлаар шийдвэрлэнэ.
-Дансаа нээлгээгүй хэчнээн хүн байна вэ. Брокер, диллерийн компани хөдөө орон нутагт хүрч ажиллаж байхгүй байна. Энэ тал дээр яаж анхаарч ажиллаж байна вэ?
-Бид бол данс нээдэг компани биш. Брокер, диллерийн 64 компани бий. Зарим аймагт бол эдгээр компаниуд үйл ажиллагаагаа явуулж байгаа юм билээ. Энэ бол тухайн байгууллагын зохион байгуулалттай холбоотой асуудал. Харин бидний зүгээс данс нээлгэхийн ач холбогдлыг сайн тайлбарласан. 2016 онд энэ төрлийн мэдээлэл байхгүй байдаг байсан бол одоо мэдээлэлгүй хүн байхгүй болсон. Хоёрдугаарт, гадаадад байгаа иргэн итгэмжлэх явуулж хувьцааныхаа ноогдол ашгийг хүртэх боломжтой.
-1072 хувьцаа эзэмшиж байгаа ахмад настнууд ноогдол ашгаа авч чадалгүй бурхан болоод байна. Энэ асуудлыг яаж шийдэх вэ. Үр хүүхдэд нь шилжүүлж болох юм уу?
-“Эрдэнэс-Тавантолгойн” ХК-ийн хувьцааны 85 хувийг Засгийн газар эзэмшдэг. Тиймээс уг эрхийг эзэмшдэг эрх бүхий газрын асуудал. Төрийн бус байгууллагууд бол төрөл бүрийн санаачилга гаргаад явж байгаа юм билээ. Тухайлбал, тасалбар олгосноос хойш төрсөн хүүхдүүдэд олгох, ААН-үүдэд дахин олгох тухай болон ахмадуудын асуудлыг дахин ярьж байгаа гэсэн. Өөрөөр хэлбэл, өв залгамжлуулах эрхийн талаар ярьж байгаа. Энэ нь хуулийн зохицуулалтын хүрээнд явагдана.
-Жолооч нарын эрхийн асуудал хүнд байна. Яаж шийдэх вэ?
-Манай байгууллагаас жолооч нарын асуудалд анхаарал хандуулан судалгаа хийгээд явж байна. Энэ онд эмнэлгийн эрүүл мэндийн үзлэгийн төв байгуулах ажил хийгдэнэ. Мөн Тээврийн хариуцлагын гэрээ гэж байгуулж эхэлсэн байгаа. Хуучин 3100 орчим жолооч нийгмийн даатгалтай байсан бол одоо 8000 орчим болсон. 2019 оныг бид бүтээн байгуулалтын жил болгон зарлаад явж байна. Энэ хүрээнд “Алтан боомт-Саятан жолооч” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон.
Б.Лхам
Сэтгэгдэл (1)