Өнөөдөр анхны “Жишиг худалдааны төв”-ийн үйл ажиллагааг нээх өдөрлөг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв “Дүнжингарав”-д боллоо. Өдөрлөгийг ТЕГ, НТГ, БЗД-ийн Татварын хэлтэс, Гэрэгэ системс ХХК, Хэрэглэгчдийн систем нийлүүлэгчдийн холбоо, Голомт банк хамтран зохион байгуулж байна. Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа зах, худалдааны төвүүдээс НӨАТ-ын баримт олгох үйлчилгээг анхлан хэрэгжүүлэгчээр ийнхүү “Дүнжингарав” худалдааны төв тодорлоо.
Өдөрлөгийн үеэр НТГ-ын НӨАТ-ын Ажлын баг, Татвар төлөгчидтэй харилцах хэлтэс болон БЗД-ийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нар татвар төлөгчдийн ажлын байранд танилцуулах сурталчилгаа зохион байгуулж, зөвлөгөө өглөө. Мөн “Гэрэгэ” апп, Голомт банкны POS машины танилцуулга, Хэрэглэгчдийн систем нийлүүлэгчдийн холбооны гишүүн гар утасны апп, POS төхөөрөмж нийлүүлэгч компаниуд үзэсгэлэнгээ дэлгэж иргэд, бизнес эрхлэгчдэд үйлчилсэн юм.
“Жишиг худалдааны төв” болж буй “Дүнжингарав” төвд Төрийн байгууллагын нэг цэгийн үйлчилгээ, худалдаа, үйлчилгээний 1092 цэг өнөөдрөөс эхлэн 2019 нэгдүгээр сарын 31 хүртэл бүх цэгтээ болон иргэдийн гар утаснаас хувь хүнд болон аж ахуйн нэгжид НӨАТ-ын баримт олгох үйл ажиллагааг туршин явуулна.
Гэрэгэ агент нь худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан бараа, үйлчилгээ бүртгэх, борлуулах, төлбөр тооцоо хийх болон бүртгэлийн үйлдлийг агуулсан систем юм. Уг систем нь касс, POS-ын энгийн функцуудыг агуулсан. Вейбсайт болон ухаалаг утасны аппликейшн хэлбэрээр ашиглах боломжтой. Ухаалаг гар утсандаа Гэрэгэ болон Гэрэгэ агент гэсэн аппликейшн татаж бүртгүүлснээр иргэн та И-Баримт олгогчоор бүртгүүлэн гар утсаараа борлуулалт хийх, бараа бүртгэх, бараа худалдан авах, төлбөр төлөх, И-Баримт авах зэрэг бүх үйлчилгээг хүртэнэ. Мөн данс бүртгүүлэх, данснаас банкны данс руу мөнгө татах боломжтой.
Ер нь Гэрэгэ гэдэг нь шуурхай төлбөр тооцоо, И-баримт, үндэсний нийгмийн сүлжээ юм.
Өдөрлөгийн нээлтийн үйл ажиллагаанд ТЕГ-ын Татварын орлогын газрын дарга Д.Цогтжаргал, НТГ-ын дэд дарга Г.Энхжаргал, Дүнжингарав ХХК-ийн санхүүгийн менежер Д.Батзолбоот, “Гэрэгэ системс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбат, Голомт банкны ezpay брэндийн бизнес хөгжил хариуцсан захирал Б.Амарцогт тэргүүтэй албаны хүмүүс оролцлоо.
Дашрамд дуулгахад, 2017 онд 150 мянга гаруй иргэн сугалаанд азтан болж 5,8 тэрбум төгрөгийн хонжвор хожиж байсан бол 2018 урьдчилсан байдлаар 200 мянга гаруй иргэн 15,2 тэрбум төгрөгийн хонжвор хожиж азтан болохоор тооцоо байна. Цахим төлбөрийн баримтын системд худалдан авалтын баримтаа бүртгүүлэн НӨАТ-ын буцаан олголтоор 2017 онд 620,4 мянган иргэнд 35,5 тэрбум төгрөг Сангийн яамтай хамтран олгосон бол 2018 оны урьдчилсан байдлаар цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлсэн иргэдийн худалдан авалтын мэдээлэл 654,2 мянган иргэнд 78,1 тэрбум төгрөгийг олгохоор тооцоолол хийгдээд байгаа аж.