-Эрүүл мэндийн даатгалын сангаас 2016 онд 1.9 тэрбум төгрөг, 2017 онд 2 тэрбум орчим төгрөг олгосон-
ЭМЯ-аас томуу, томуу төст өвчний үед виферон лааг хүүхдийн эмчилгээнд хэрэглэж болох талаар мэдээлэл хийлээ.
Монгол Улсад 384 эм хангах нийлүүлэх байгууллага байна. Эдгээр байгууллагуудаар нийтдээ улсад бүртгэлтэй байгаа 5880 эм байна. Үүний 3339 буюу 67 хувь нь 59 орноос импортоор орж ирдэг аж.
Хуралд ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунханд, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга М.Баттүвшин, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Ерөнхий захирал Ч.Алтанхуяг, ЭМЯ-ны Эм үйлдвэрлэл, технологийн газрын дарга Д.Оюунчимэг нар болон бусад холбогдох хүмүүс оролцлоо.
Салбарын мэргэжилтнүүд виферон лааны тухай дараах мэдээллийг өгөв. Тодруулбал,
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Ерөнхий захирал Ч.Алтанхуяг “Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөх эмийн жагсаалт гэж батлагддаг. Үүний дагуу
2016 оны гуравдугаар сарын 25-ны тухайн үеийн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн шийдвэрээр эмийн жагсаалт батлагдаж, жагсаалтад виферон лаа багтсан байгаа. Тухайн үед 80 хувь хөнгөлөхөөр орсон. 2016 онд 1.9 тэрбум төгрөг, 2017 онд 2 тэрбум орчим төгрөг олгосон бөгөөд тухайн хоёр жилд мянга орчим иргэд хөнгөлөлтөд хамрагдсан байдаг. Эдгээр иргэдийн 50-ис илүү хувь нь хүүхдүүд байсан. 2018 оны долдугаар сарын 15-аас эхэлж вифероны лааны хөнгөлөх хэмжээг бууруулсан. 2018 онд зайлшгүй хөнгөлөх эмийн жагсаалтыг баталж гаргахдаа олон улсын жишгийн дагуу насанд хүрэгчдийн болон хүүхдийн гэсэн хоёр ангиллаар гаргасан. Харин виферон лааг хүүхдүүдийн жагсаалтаас хассан байгаа. насанд хүрэгчдэд 20 хүртэлх хувийн хэмжээгээр хөнгөлөхөөр орсон байгаа. 2018 оны долдугаар сарын 15-аас хойш өнөөдрийг хүртэл 12 сая хүртэлх төгрөгийн хөнгөлөлтийг Эрүүл мэндийн даатгалын сангаас энэ лаанд хөнгөлөлт үзүүлсэн тоотой байгаа”.
ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын Эм, вакцин, био бэлдмэлийн бодлого төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн П.Цэцэгээ “Виферон лааны эмчилгээний идэвх болон чанар, аюулгүй байдлын асуудал өнөөдөр яригдаж байна. Энэ асуудал хамгийн анх улсын эмнэлэгт боломжийн үнэтэй эмийн тусламжийг сайжруулах гэдэг ЭМЯ-ны захиалгаар хэрэгжсэн 2016-2018 оны төсөл байгаа. Энэ эмийн эмчилгээний идэвхийн асуудал хөндөгдөж анх тавигдсан байгаа. Төслөөс хоёр удаагийн тайланг ЭМЯ-д өгсөн. Тайланд виферон лаа болон капсул 2016 онд 1.9 тэрбум төгрөг Эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулагдсан байна. Нийт даатгалын сангийн төсвийн 7.1 хувийг эзэлж байна. Тус бүтээгдэхүүн нь 0.5-3 сая нэгж альфа, интерфрон агуулсан бэлдмэл. Ууж хэрэглэх болон, шулуун гэдэсний лаа хэлбэрээр хэрэглэх нь үр нөлөөтэй гэдгийг баталж чадахгүй байна гэсэн тайланг өгсөн. Тайлан дээрээ юу гэж зөвлөсөн гэхээр үр нөлөөний нотолгоо багатай эмийг Эрүүл мэндийн даатгалын сангаас хасах нь зүйтэй гэсэн зөвлөмж өгсөн. Мөн хэрэглээнээс гарсан болон эсвэл зайлшгүй шаардлагагүй эмийг Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт олгох, эмийн жагсаалтаас хасах нь үнэтэй хамааралгүйгээр эмийн жагсаалтыг мэдэгдэхүйц бууруулах оновчтой арга юм гэсэн. Эмчилгээний идэвхийн асуудал яригдаж байгаа. Үүнд ажлын хэсэг гарсан байгаа. Аюулгүй байдлын асуудал дээр ч ажиллаж байна”.
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга М.Баттүвшин “ЭМЯ-аас томуу, томуу төст өвчний үед эмчилгээний удирдамж, зааврыг боловсруулах үйл ажиллагааг хоёр үндсэн заавар зөвлөмжийг үндэслэн баримталж ажилладаг. Нэгдүгээрт ХӨСҮТ-өөс бид зөвлөмж, заавар авч ажилладаг байгаа. ХӨСҮТ дээр Монгол Улсын вирусын лаборатори ажилладаг. ХӨСҮТ-өөс томуу өвчний стандартад виферон лааг хэрэглэх зааварт ороогүй талаар албан ёсны бичгээр мэдэгдсэн байгаа юм. Хоёрдугаарт, Эх хүүхдийн үндэсний эрүүл мэндийн төвөөс тухайн жилүүдэд дөрвөөн татавн удаа томуугийн вирусын дэгдэлтийн эмчилгээ, удирдамжийг баталж гаргасан. Хамгийн сүүлд удирдаж гаргасан эмчилгээний удирдамжид виферон бэлдмэлийг тодорхой өвчин, эмгэг, зарим халдварт өвчний үед эмчийн заавраар хэрэглэж болох боловч толгой дараалан замбараагүй хэрэглэхээс зайлсхийх шаардлагатай гэсэн зөвлөгөөг өгсөн байгаа. Эх хүүхдийн эрүүл мэндийн төвөөс тав дахь удаагийн шинжилсэн зөвлөмжид бол виферон лааг хэрэглэхийг зөвлөөгүй байгаа юм. Энэ удирдамж зааврууд албан ёсоор гарчихсан байдаг. Томуугийн эмчилгээний удирдамжид бид энэ хоёр үндсэн төвийнхөө удирдамж заавар болгож эмч нартаа зөвлөгөө өгч ажилладаг байгаа юм”.
Эм, био бэлдмэл, вакцины чанар, аюулгүй байдлыг хариуцсан мэргэжилтэн Д.Оюунтуяа “Уг эм нь 2010 оны наймдугаар сарын 25 оны өдөр Монгол Улсын эмийн бүртгэлд анх бүртгэгдсэн. Тухайн үед бүртгэгдэхдээ Эрүүл мэндийн сайдын 2007 оны 38 дугаар тушаалаар батлагдсан. Тухайн үед уг эм нь Украин, Казахстан, Беларусь, Узбекстан, Азербайжан зэрэг зургаан улсад бүртгэгдсэн байсан. ОХУ-даа бүртгэгдээд 12 жил болсон. Одоогийн байдлаар нийт 12 улсад бүртгэгдээд хэрэглэгдэж байгаа юм байна. 2014 оны арванхоёрдугаарт сарын 19-ний өдөр виферон үйлдвэрлэгчээс хүсэлт ирсний дагуу хоёрдагч боллон анхдагч савлалтын загварыг өөрчлөх, олгох нөхцөлийг оргүй олгохоор хүсэлтээ ирүүлсэн байдаг бөгөөд хурлаар орон шийдвэрлэгдэн жоргүй олгогдож байсан. Бүртгэлийн хугацааг 2015 оны наймдугаар сарын 25-нд сунгуулсан. Эрүүл мэндийн сайдын 2014 оны 215 дугаар тушаалаар батлагдсан зайлшгүй шаардлагатай эмийн долдугаарт орсон. Дараа нь жагсаалт шинэчлэгээд 2017 оны А350 дугаар тушаалаар нийтийн үйлчилгээний эмийн санд жороор олгогдох нөхцөлтэйгөөр батлагдсан байна. 2018 оны долдугаар сарын 25-ны өдөр Эм судлалын салбар зөвлөл буюу ЭМЯ-ны дэргэдэх мэргэжлийн дөрвөн салбар зөвлөл байдаг. Уг эмийн хэрэглэх зааврыг баталгаажуулдаг, олгох нөхцөлийг нь хянаж, эмийн зайлшгүй зөвшөөрлийг хянадаг зөвлөл юм. Энэ зөвлөлийн хурлаар уг эмийг хэлэлцээд жортой олгох шийдвэр гаргасан байна”.
ЭМЯ-ны Хуулийн хэлтсийн мэргэжилтэн Ш.Мөнгөнцэцэг “Зар сурталчилгааны тухай хуулинд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зөвхөн жоргүй олгох эмийн тухай болон эмийг зохистой хэрэглэх тогтсон сурталчилгаа явуулж болно. Жороор олгох, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эмчилгээний зориулалт бүхий мансууруулах бодис, ургамал түүнчлэн тусгай мэдлэг, мэргэжил шаардагдах эмнэлгийн хэрэгслийг Эрүүл мэндийн салбарыг зөвхөн эрүүл мэндийн салбарын ажилтнуудад зориулсан мэдээлэх хэрэгслээр сурталчилна гэж заасан байдаг. Гэтэл сүүлийн үед хүүхдийн томуу өвчний эмчилгээний заавар, удирдамжид ороогүй виферон лаа хэлбэрийн эмийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах, мэдээллийг цацаж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл болж байна гэж үзэж байгаа. Мөн хууль бус зар сурталчилгааны асуудал, МХЕГ, ШӨХТГ, ЭМХТ хяналт тавих чиг үүрэгтэй. Энэ хүрээнд ЭМЯ-ны зүгээс хууль журмын хэрэгжилтэд яаралтай хяналт тавьж, шалгалт хийж хариуц ирүүлэх талаарх албан бичгийг МХЕГ, ШӨХТГ, ЭМХТ-д хүргүүлээд байна”.
Ажлын хэсгийн ахлагч, Эм үйлдвэрлэл, технологийн газрын дарга Д.Оюунчимэг “Виферон лааны үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эмчилгээ, оношлогооны ямар стандартын дагуу хэрэглэж байгаа гэдэг асуудлыг бид ажлын хэсэг гарган судлаад явж байна. Ажлын хэсгийн эхний урьдчилсан судалгаагаар ялангуяа тоуу, томуу төст өвчний үед эмчилгээ, оношлогооны удирдамж, зааварт ороогүй энэ эмийг томуу, томуу төст өвчинд хэрэглэхгүй. Энэ талаар холбогдох арга хэмжээг аваад явна гэсэн дүгнэлт гарсан байгаа”.
Б.Лхам