Үндэсний аудитын газраас Цэвэр агаар сан болон 2008-2016 онд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр гадаад, дотоодын хөрөнгөөр хийгдсэн ажлуудын үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайланг танилцууллаа.
Аудитаар гарсан зөрчилтэй холбогдуулан Гүйцэтгэх аудитын газрын захирал бөгөөд тэргүүлэх аудитор Л.Одгэрэл мэдээлэл өглөө.
Тэрбээр "Энэхүү аудитыг гурван чиглэлээр явуулсан. Үүнд,
- Агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагааны эрх зүйн орчин уялдаатай байсан эсэх
- Агаарын бохирдлыг бууруулах ажлыг зөв зохистой төлөвлөж хэрэгжүүлсэн эсэх
- Агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагаа үр дүнтэй явагдсан эсэх
УИХ-аас 1995 онд Агаарын тухай хуулийг баталж, хэрэгжүүлсэн байдаг. Уг хуулийг 2010, 2012 онд шинэчлэн баталж, таван удаа нэмэлт өөрчлөлт оруулсан байна. Мөн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр УИХ-аас 26, Засгийн газраас 24 тогтоол гаргаж байжээ.
Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 1995 оноос хойш гаргасан шийдвэрүүд нь өөр хоорондоо уялдаа холбоогүйгээс бохирдлыг бууруулах үйл ажиллагааг оновчтой зохицуулж чадаагүй байна.
Агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагааг зохион байгуулах, хяналт тавих Үндэсний хороог Ерөнхийлөгчийн тамгын газрын дэргэд хоёр, Ерөнхий сайдын дэргэд хоёр, Байгаль орчны сайдын дэргэд хоёр, Нийслэлийн засаг даргын дэргэд гурван удаа байгуулан ажилласнаар харьяалал бүтэц нь байнга солигдлож ирснээс шалтгаалан хэрэгжүүлсэн арга хэмжээг нэгтгэн дүгнэж тайлбарлах, хяналт тавих, хариуцлага тооцох боломжгүй нөхцөлд хүргэсэн.
Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 2008-2016 онд зарцуулсан хөрөнгийн эх үүсвэрийг харвал,
- Улсын төсвийн урсгал зардлаас 97.7 тэрбум
- Улсын төсвийн хөрөнгө оруулалтаас 54.9 тэрбум
- Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаас 9.4 тэрбум
- Монгол Улсыг хөгжүүлэх сангаас 2.1 тэрбум буюу нийт 164.1 тэрбум төгрөг зарцуулжээ.
Мөн гадаадын 104.7 сая ам.долларын зээл, 48.6 сая ам.долларын буцалтгүй тусламжийг энэхүү арга хэмжээнд авч ашигласан.
Агаарын бохирдлыг бууруулахад судалгаанд хөрөнгө зарцуулсан ч түүнийгээ цаашид авч хэрэгжүүлэх тал дээр анхааралгүй орхиж, үр дүнгүй ажил болгосон.
Нийслэлийн нэг хүнд ногдох ногоон байгууламж хэт бага. Гэр хорооллын айл өрохийн тоо 2018 онд 2016 оныхоос 1.4 дахин нэмэгдсэн. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр гэр хорооллын айл өрхүүдэд гэрийн дулаан алдагдалтыг бууруулах чиглээр гэрийн бүрээсийг шинэчлэх ажил хийсэн ч тэр нь зорилтот бүлэгтээ хүрээгүй, хэчнээн айл өрхөд хүрч, үр дүнгээ өгч байгаа атлаар бүртгэл, мэдээлэл байхгүй. Сайжруулсан зуухыг хэрэглээнд нэвтрүүлсэн ч технологийн дагуу ашиглаагүй, одоо эхнээсээ элэгдэл хорогдолд орж, энгийн зуухны адил ажиллах болсон. Үндсэндээ уурын зуухнуудыг татан буулгаж, төвлөрсөн дулаанд холбосноос өөрөөр үр дүнд хүрсэн ажил байхгүй байна гэсэн дүгнэлт гаргажээ" хэмээн ярилаа.
Аудитаар гарсан зөрчилтэй холбогдуулан зарим албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар Ерөнхий сайд болон Хотын даргад зөвлөмж өгч, албан шаардлага хүргүүлэн зарим байгууллага дээр илэрсэн зөрчилтэй холбогдох хэргийг хууль хяналтын байгууллагад шилжүүлж байгааг мэдэгдлээ.
Сэтгэгдэл (6)