2011 онд анх хөөргөж байсан Хятадын анхны сансрын станц Тянгон-1 жолоодлогогүй болоод хоёр жил болж байгаа юм.
Ердийн үед ашиглахаа больсон сансрын хөлгийг газраас удирдан хүн амьдардаггүй Номхон далайн өмнөд хэсэгт унагадаг. Гэтэл Хятадын станц нь дэлхийн хаана, хэзээ унах нь тодорхойгүй тойрон эргэлдсээр байгаа юм.
Түүний нислэгийн өндөр буурсаар энэ долоо хоногийн Баасан (гуравдугаар сарын 30) гарагаас ирэх Даваа (дөрөвдүгээр сарын 2) гарагийн хооронд унана гэж Европын Сансрын Агентлаг тооцоолжээ.
Сансрын биетүүдийн ихэнх нь агаар мандалд орж ирээд шатаж, газрын гадаргад хүрч амждаггүй. Харин Тянгон-1 станцын хувьд энэ нь нэлээд том, хүнд жинтэй (8,500 кг) тул нэг хэсэг нь шатаж амжилгүй газарт унах нь тодорхой байгаа.
Харвардын их сургуулийн астрофизикч Жонатан Макдоуэлын тооцоолсноор уг станц нь хяналтгүйгээр агаар мандалд орж ирсэн 50 дахь хүнд биет болж байгаа гэнэ.
Мөн унах магадлалтай бүс нутгийг дэлхийн бөмбөрцгийн хойд ба өмнөд өргөрөгийн 43 градусын дотор гэж Европын мэргэжилтнүүд тооцоолоод байна.
Энэ бүс нутагт Өмнөд Америк, Африк, Австрали тивүүд бараг бүтнээрээ орж байгаа юм.
Мөн энэ бүсийн хоёр захын хэсэгт (зураг дээр шараар дүрсэлсэн) унах магадлал илүү өндөр гэнэ. Учир нь Тянгон-1 дэлхийг тойрон эргэхдээ эдгээр зурвасууд дээр илүү их цаг зарцуулж байгаа юм байна.
Сонирхолтой нь шар зурвасны нэг хэсэг Монгол улсын нутаг дэвсгэрийн өмнөд хэсэгтэй багахан хэсгээр давхцаж байгаа ажээ. Гэвч эрдэмтэд станцын газардах цэгийг унах өдрийг нь хүртэл мэдэх боломжгүй гэсэн байна.
Ямартай ч долоо хоногийн сүүлээр дэлхий нийт нэгэн сонин ховор үзэгдлийн гэрч болох магадлалтай байна.