Өчигдөр буюу гуравдугаар сарын 24-нд БНХАУ-ын Бээжин хотын Ардын их сургуульд Тод үсэг зохиогдсоны 370 жилийн ойг тохиолдуулан Ойрад түүх соёлын эрдэм шинжилгээний хурал болжээ. Хуралд Монгол, ОХУ, Япон, Их Британи, БНХАУ зэрэг 5 орны судлаачид, хэвлэл мэдээллийнхэн зэрэг нийт 50 гаруй төлөөлөгч оролцсон байна.
Тус хурлыг БНХАУ-ын Ардын их сургуулийн Сонгодог судлалын дээд сургууль, Хятадын монгол түүхийн нийгэмлэгийн хамтран 5 дахь жилдээ зохион байгуулж байгаа юм байна. Хуралд тавигдсан илтгэлийн сэдэв өргөн хүрээг хамарсан бөгөөд тод үсгийн сурвалж бичиг судлал, 17-р зууны үед Ойрад, Оросын харилцааны тухай тод үсгийн болон бусад баримт бичгийн судлал, Шиньжаан, Түвдэд хадгалагдаж буй тод сурвалж зэрэг архивын баримт, эх бичигт суурилсан судалгаа зэргийг танилцуулжээ. Мөн хэл, уран зохиолтой холбоотой судалгааны сонирхолтой өгүүллүүд олны сонорыг мялаажээ.
ОХУ-ын ШУА-ийн Халимагийн хэл зохиолын хүрээлэнгийн судлаач Базар хуралд оролцсон сэтгэгдлээсээ хуваалцахдаа, ОХУ-д нийт 1000 гаруй тод үсгийн сурвалж хадгалагдаж байдаг. Оросын эрдэмтэд олон жилийн турш тод үсэг, сурвалж бичгийн судлалыг эрчимтэй хийж ирсэн. Ойрын жилүүдэд манай хүрээлэнгийн эрдэмтэд Хятад, Монголын эрдэмтэдтэй хамтран олон цуврал ном сэтгүүл гаргаж, хамтран судалгаа хийж байна. Удахгүй 9-р сард Халимаг улсад ойрад түүх соёлын олон улсын хурал зохиогдох гэж байна. Та бүгд Халимаг улсад айлчлахыг урьж байна гэжээ. Энэхүү эрдэм шинжилгээний хуралд манай улсаас ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал, доктор С.Чулуун тэргүүтэй эрдэмтэд оролцжээ.