Одоогоос 15 жилийн өмнө Чилийн Атакамагийн цөлийн хаягдсан уурхайн орчмоос 15 см урттай хүн дүрстэй амьтны хатсан цогцос олдож байв.
Атакамагийн цөл бол манай гарагийн хамгийн хуурай цаг агаартай газар юм. Эндээс олдсон ер бусын араг ясыг сүүлд Испаний цуглуулагч худалдаж авчээ.
Олдворыг харь гаргийн амьтных гэсэн яриа тухайн үед тархаж байв.
Харин 2013 онд Калифорний Стэнфордын их сургуулийн микробиологийн профессор Гэрри Нолан түүнийг судалж, үүсэл гарлыг нь тогтоох санал тавьснаар ажил эхэлсэн юм. Харин саяхан Нолан болон түүний хамтран зүтгэгчид Ата нэртэй уг муммид хийсэн бүрэн хэмжээний генетикийн шинжилгээний тайлангаа шинжлэх ухааны сэтгүүлд нийтлүүлжээ.
Атагийн онцлог нь тэр маш жижигхэн мөртлөө 6-8 насны хүүхдийн биеийн араг ясны бүтэцтэй, зууван урт гавалтай, ердийн хүнээс дутуу буюу 10 хос хавиргатай байгаа юм. Хүн 12 хос хавиргатай байдаг.
Эрдэмтэд түүнийг ямар нэг харь гарагийн амьтан биш, харин амьгүй төрсөн, эсвэл төрмөгцөө эндсэн охины яс гэж дүгнэжээ. Харин генийн өөрчлөлт түүний ясны бүтцийг бусдаас онцгой болгосон гэнэ. Нарийвчилсан шинжилгээгээр Атагийн хамгийн цөөндөө долоон ген нь өөрчлөлтөд орсноос (мутаци) ийм сонин хэлбэртэй мөртлөө биеийн хөгжил нь хурдассан байдалтай төрсөн ажээ.
Бусдаар бол Ата нь өнөөгийн Чиличүүдтэй генийн хувьд ойролцоо байгаа гэнэ. Мөн түүнийг 2003 онд олдохоосоо 40 орчим жилийн өмнө мэндэлсэн гэж дүгнэжээ.
Атагийн биед гарсан ховор өөрчлөлтийг судалснаар бусад генийн гажигтай хүмүүсийн өвчнийг анагаах арга олдоно гэж судлаачид найдаж байгаа гэнэ.
Сэтгэгдэл (2)