Фэйсбүүкийн үүсгэн байгуулагч Марк Зукерберг их хэмжээний хэрэглэгчийн мэдээллээ алдсан тухай дуулиан гарснаас хойш бараг долоо хоног нам гүм байсны эцэст мэдэгдэл гаргажээ.
Тус компанийн 50 сая хэрэглэгчийн дэлгэрэнгүй мэдээллийг Трампын сонгуулийн онлайн сурталчилгааг хариуцаж байсан Британий Cambridge Analytica компани улс төрийн зорилгоор ашигласан нь өнгөрсөн долоо хоногт ил болсон юм. Уг дуулианы дараа Фэйсбүүкийн зах зээлийн үнэлгээ бараг $60 тэрбумаар унаад байна. Cambridge Analytica дээрх мэдээллийг нэгэн судалгааны аппликэшн хөгжүүлэгчээс олж авсан байдаг.
Өөрөөр хэлбэл 2014 он хүртэл Фэйсбүүк платформд зориулж бүтээсэн аппликэшн ашиглан хэрэглэгчдийн мэдээллийг цуглуулж болдог байжээ. Харин 2014 оноос Фэйсбүүкийн шинэ бодлого хэрэгжиж, аппликэшн хөгжүүлэгчдийн хувийн мэдээлэлд хандах эрхийг эрс хязгаарлах болсон байна.
Зукерберг мэдэгдэлдээ алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч, дахин мэдээлэл алдахгүй байх арга хэмжээнүүдийг яаралтай хэрэгжүүлнэ гэж амлажээ.
“Бид та бүхний хувийн мэдээллийг хамгаалах үүрэгтэй. Хэрвээ ингэж чадаагүй бол бид танд үйлчлэх эрхгүй” гэж тэр мэдэгдэлдээ бичсэн байна.
Мөн “Би Фэйсбүүкийг анх үүсгэсэн, тиймээс энэ платформд тохиолдсон асуудал болгонд би хариуцлага хүлээх ёстой” гэжээ.
Цааш нь бичихдээ Зукерберг 2014 онд мэдээлэлд хандах эрхийг огцом хязгаарлахаас өмнө бүтээгдсэн аппликэшн болгоныг шалгана гэсэн юм.
Сэжигтэй үйлдэл хийдэг аппликэшнүүдэд бүрэн хэмжээний аудит хийж, хөгжүүлэгч нь аудитыг зөвшөөрөхгүй бол платформоос устгах арга хэмжээ авна гэжээ.
Цаашдаа Фэйсбүүкт зориулж аппликэшн хөгжүүлэгчид илүү хатуу шалгууртай тулгардаг болох гэнэ.
Гэвч Зукербергийг мэдэгдэлдээ “уучлал гуйлгүй өнгөрсөн”-д хэрэглэгчид, хөрөнгө оруулагчид болон хэвлэл мэдээллийнхэн харамсаж, шүүмжилцгээж байна.
Ажиглагчид түүний мэдэгдлийг алдаа гаргасан учир шалтгаанаа тодорхой тайлбарлаагүй, зөвхөн хууль эрхзүй, улс төрийн талаас өөрийгөө хамгаалсан агуулгатай байна гэж дүгнэжээ.