Модны цагирагны тусламжтайгаар эрдэмтэд Монгол орны ган гачигийн өнгөрсөн түүх болон ирээдүйн талаар дүгнэлт гаргажээ.
Хагас чулуужсан моднуудын цагирагийг судалж өнгөрсөн 2,000 орчим жилийн цаг уурын түүхийг тооцоолж гаргасан нь өмнөх судалгааны хамарсан цаг хугацааг 1,000 жилээр урагшлуулсан хэрэг байв.
Сүүлд 2000-2010 оны хооронд тохиолдсон ган гачиг, хуурайшилтыг өмнө нь хүний гараар үүссэн цаг уурын дулаарлын үр дүн, урьд өмнө тохиолдож байгаагүй үзэгдэл гэж дүгнэж байжээ.
Гэвч сүүлийн судалгаагаар дээрх гантай жилүүд нь Монгол оронд өмнө тохиолдож байсан байгалийн гамшгийн хэмжээнээс хэтрээгүй болохыг тогтоосон байна.
Тухайлбал хэдэн зуун ширхэг Сибирийн нарсны цагирагийг судлахад 800 оны үед буюу хүний гараар үүссэн дулаарал эхлэхээс нэлээд эрт хамгийн хүнд ган гачиг тохиолдож байжээ. Модны цагираг хур тунадас сайтай жил илүү өргөн тэлдэг бол хуурай, гантай жил агшдаг байна.
Гэхдээ сүүлийн жилүүдэд болсон хуурайшилтын гуравны нэг орчим нь хүнээс хамааралтай цаг уурын дулааралтай холбоотой болохыг компьютер загварчлалын аргаар тодорхойлжээ.
Мөн энэхүү судалгааны үр дүн Өмнөд Африк, Калифорнид хийгдсэн судалгаануудын ололттой нийцэж байгаа гэнэ. Харин ирээдүйд Монголын газар нутагт өмнө тохиолдож байснаас илүү хатуу ган гачиг нүүрлэхгүй гэж дүгнэжээ. Энэ зууны эхэн үед цаг уурын дулаарлаас болж нэлээд хуурайших боловч зууны сүүл рүү чийглэг цаг уур зонхилох төсөөлөл гарсан байна. Халалт нь эхэндээ агаарыг хуурайшуулах боловч эцэстээ халсан агаарт чийг ихээр хуримтлагдаж, хур тунадасны хэмжээг нэмэгдүүлэх гэнэ.
Энэ өөрчлөлт нь Монгол улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд ч нөлөөлнө гэж дүгнэжээ. 2014 онд хийсэн судалгаагаар XIII зуунд 15 жил үргэлжилсэн ер бусын их хур тунадас, чийгтэй цаг агаар нь Чингис хааны байлдан дагуулалтыг эхлэхэд нөлөөлсөн гэж дүгнэж байв.
Судалгааг АНУ-ын Моргантаун хотын Уэст Виржиниа их сургуулийн эрдэмтэд гүйцэтгэж, тайлан нь гуравдугаар сарын 14-ний Science Advances сэтгүүлд нийтлэгджээ.