ХБНГУ-ын Хамбург хотноо зохион байгуулагдсан сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд “Рио 2016” олимпийн наадмын хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Отгондалай Венесуэлийн тамирчныг 5:0 харьцаагаар ялж олимп, ДАШТ-ий хос медальтан болсон билээ. Тив дэлхийн давцанд эх орныхоо нэрийг дуурсгаж буй ширэн бээлийт Д.Отгондалайн тухай 24 баримтыг хүргэж байна.
Баримт 1. Тэрбээр 1988 оны нэгдүгээр сарын 28-нд Дорнод аймгийн Чойбалсан хотод төржээ. Энэ жил 28 настай.
Баримт 2. Түүний хувьд 2014 оны Инчоны Азийн наадмаас алт, Олон Улсын боксын холбооны "А" зэрэглэлийн тэмцээнээс 2 мөнгө, 1 алт, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 8-р байр, 2015 оны Тайландын нийслэл Бангкок хотод зохиогдсон боксын тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алт, Монгол туургатан боксын анхдугаар их наадмаас мөнгө, 2016 оны насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медалийг тус, тус хүртэж байсан туршлагатай тамирчин билээ.
Баримт 3. Олимпийн наадамд анх удаа оролцож хүрэл медаль хүртэж байна.
Баримт 4. Д.Отгондалай Монголын боксын түүхэнд олимпоос долоо дахь медалийг эх орондоо авчирсан юм. Үүнээс өмнө Сөүлийн олимпод Н.Энхбат хүрэл, Барселонад Н.Баярсайхан хүрэл, Бээжинд Э.Бадар-Ууган алт, П.Сэрдамба мөнгө, Лондонд Н.Төгсцогт мөнгө, У.Мөнх-Эрдэнэ хүрэл медаль авсан түүхтэй.
Баримт 5. Тэрбээр 15 настай байхдаа буюу 2003 онд ангийнхаа долоон хүүхдийн хамт МУГД Ё.Төмөрбатаагийн боксын секцэд элсчээ. Гэхдээ энэ тухайгаа гэрийнхнээсээ нууцалж байж.
Баримт 6. Айлын бага хүүхэд учраас яггүй хөдөлгөөнтэй, саваагүй хүүгээ боксоор тоглож эхэлсэнд санаа зовсон ээж Д.Чимэдцэеэ нь Ё.Төмөрбатаа багштай уулзахад “Хүүг чинь би шалгаж үзлээ. Их авьяаслаг хүүхэд байна. Өөрөө ч их сонирхолтой байгаа учраас та хичээллүүлээд үз” гэж хэлснээр санаа нь амарч тайвширчээ.
Баримт 7. Д.Отгондалай боксоор хичээллэж эхэлсэн тэр жилээ “Олимпийн гараа” хэмээх хүүхдийн тэмцээнд амжилттай оролцжээ.
Баримт 8. Түүнийг найз нөхөд нь Оки гэж дууддаг.
Баримт 9. Тэрбээр 2005 оноос хойш өнөөг хүртэл 60 кг жинд тоглож байгаа. Цаашид ч энэ жиндээ тоглох бодолтой гэнэ.
Баримт 10. Д.Отгондалай Зохиомж дээд сургуулийг Гадаад худалдаа болон гаалийн удирдлага мэргэжлээр төгсчээ.
Баримт 11. 2008 оноос Хил хамгаалах ерөнхий газрын дэргэдэх “Хилчин” спорт хороо, Хилийн 0168 дугаар ангид ажиллах болсон байна. Дэслэгч цолтой.
Баримт 12. Түүний эхнэрийг Г.Хулан гэдэг бөгөөд инженер мэргэжилтэй, ШУТИС-д Геодезийн багшаар ажилладаг байна.
Баримт 13. Дорнод аймагт төрж өссөн тэрбээр Окитой айл хөршүүд байжээ. Харин оюутан цагаасаа үерхэж эхэлсэн аж.
Баримт 14. Хосууд нэг охинтой.
Баримт 15. Түүний мөрөн дээрх шивээсийг зарим хүн могой юм уу гэж асуух нь бий. Энэ шивээсийг 2008 онд боксын Ж.Отгонбаяртай хамт ижилхэн шивээс хийлгэе гэж ярилцаад каталоги харж байгаад Уйгаржин монгол бичгээр бокс гэдэг үгийг бээлийний хэлбэртэйгээр шивүүлж байжээ.
Баримт 16. Тэрбээр “Сэтгэлзүйгээр би хэнд ч ялагдахгүй” хэмээн хэлдэг.
Баримт 17. Д.Отгондалай Азийн наадмын аварга, Ази тивийн аварга дэлхийн чансаанд гуравдугаарт эрэмбэлэгдэж байна.
Баримт 18. Тэрбээр Рио 2016 олимпийн наадмын эхний тойрогтоо хийлсэн. Улмаар хоёрдугаар тойрогт Нидерландын тамирчин Энрико Ла Крузыг 2:1 харьцаагаар буулган авч шигшээ наймд үлдсэн юм. Харин шөвгийн дөрөвт үлдэх, хүрэл медалийн төлөөх тулаанаа Алжирын боксчин Реда Бенбазизтай тулалдаж 3-0-ээр буулгаж авсан билээ.
Баримт 19. Харин мөнгөн медалийн төлөөх тулаанаа Францын боксчинтой хийж шүүгчдийн шийдвэрээр ялагдал хүлээлээ.
Баримт 20. Тэрбээр олимпийн наадамд амжилт гаргаж байрны лизингийн мөнгөө төлөх зорилготойгоо хэлж байсан. Манай улс олимпийн наадмаас хүрэл медаль хүртсэн тамирчиндаа нэг удаа 30 сая төгрөг, сар бүр хоёр сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгодог байна.
Баримт 21. Тэрээр Хөдөлмөрийн баатар, МУГТ Э.Бадар-Ууганы тоглолтыг маш их үздэг бөгөөд ижилхэн тоглохыг хичээдэг аж.
Баримт 22. Монгол боксчидоос тэрбээр анх удаа Азийн аварга болсон гавъяатай хүн.
Баримт 23. Өөрийн хэлсэн үг: Би боксын спортоор тууштай хичээллэсэндээ баярладаг. Надад автобусны мөнгөгүй болчихоод алхах үе бишгүй байв. Тийм хэцүү үед бэлтгэл сургуулилтаа тасалж байгаагүй. Тэр үед би оюутан, шигшээ багт багтсан тамирчин байлаа. Хүн өөрийнхөө зорилго тавьсан зүйлд мөнгөгүй ч байсан зориод ирдэг. Бэлтгэлээ тарчихаад эхнэртэйгээ Офицерт байдаг гэр рүү алхаад харина. Тэр үеэ эргээд дурсахад сайхан байна. Хүнд хэцүү санагддаг байсан тэр бүхэн амьдралд минь сайхан дурсамж үлдээжээ. Бид хааяа “Спортын төлөө хоолтой, хоолгүй хоносон өдөр цөөнгүй. Одоо тэр бүх бэрхшээл ард хоцорчээ” гэж ярьдаг юм.
Баримт 24. Олон улсын хэмжээний мастер цолтой түүнийг төр засаг нь ямар шагнал, цол хэргэмээр шагнах нь олны анхаарлыг ихээхэн татаж байна.
24tsag.mn
Сэтгэгдэл (3)