МАН-ын гишүүн, стратегийн зөвлөх Н.Дэмбэрэл Засгийн газрыг огцруулахын өмнө хэвлэлд ярилцлага өгч байр сууриа илэрхийлсэн. Түүний хэлсэн онцлох 24 ишлэлийг хүргэж байна.
Ишлэл 1. Одоогийн Ерөнхий сайдад намаас хугацаа, эрх мэдэл өгсөн үү гэвэл өгсөн. Энэ хугацаанд олон нийтэд бодлогоор, нам дотор манлайллаар хүлээн зөвшөөрөгдөх ёстой байсан.
Ишлэл 2. Эрдэнэбат лидер болж байж Ерөнхийлөгчийн болоод дотоод сонгуулийг авч гарах нь өөрт нь өгөгдсөн гэрийн даалгавар юм. Гэтэл улстөр эдийн засгийн дорвитой реформ хийх байтугай тогтолцооны гажуудлыг үйлдэл, эс үйлдлээр хамгаалаад, намын даргынхаа ард ороод нуугдчихдаг, өөрт нь олгогдсон хүрдийг хэн нэг сайд нь эргүүлээд яваад байдаг.
Ишлэл 3. Бид чинь уг нь Монгол Улсын хувь заяаг даатгаж, араас нь түшиж явах лидерээ сонгох гээд байдаг. Ингээд хүлээн зөвшөөрөгдөхгүй, ажил явахгүй байхаар чинь хүссэн хүсээгүй машин доголдож байна гэсэн үг.
Ишлэл 4. Нэгэнт Ж.Эрдэнэбат нийгмийн захиалга, намын хамт олны итгэлийг хүлээж чадаагүйн хувьд дараагийн лидерээ хайх нь жам ёсны асуудал гэж харж байна.
Ишлэл 5. Өнөөдөр МАН дотор үүсээд байгаа зөрчил Хүрэлсүхийн, Энхболдын, Оюун-Эрдэнийн гэх мэт хувь хүмүүсийн асуудал биш. Энэ бол Монголын улстөр, эдийн засаг, нийгэмд сүүлийн 27 жил шийдэлгүй явж ирсэн асуултуудад хариулт өгөх цаг ирсний л шинж.
Ишлэл 6. Засаг огцруулахаар гарын үсэг зураад байгаа 30 гишүүнд хөгжлийн бодлого байна уу? Сонгуулийн өмнө чимээгүй байсан, төрд бугшсан асуудлын дөнгөж нэг үзүүр болох “60 тэрбум”-аар улстөр хийх төдийд байхаар “хоёрдугаар ээлжийнхэн” л болж харагдаад байгаа юм.
Ишлэл 7. 60 тэрбумын гэх ярианы хувьд өрсөлдөгч намын явуулга гэж би хардаг. Би л хувьдаа Сандуй тийм төлөвлөгөө өөрөө хийгээд суусан гэдэгт итгэдэггүй. Мөнгө босгодог америк маягийн загвар байна лээ.
Ишлэл 8. Хуучны арга барил, шийдвэр гаргах процесс болохгүй байна. Одоо л шинэчлэгдэхгүй бол, 21-р зуунтайгаа хөл нийлж явахгүй бол МАН гэдэг түүхэн нам XX зуунтайгаа хамт булшлагдлаа. 2021 онд 100 жилийн ойгоороо “дууссан” байхаар байна шүү дээ.
Ишлэл 9. Нэгэнт хүлээн зөвшөөрөгдөөгүй багийн эсрэг зөрчил хурцдах, намын рэйтинг унах, ажил хийдэг хүнгүй болох гэх мэтээр дотоод зовлондоо идэгдсээр байгаад ирэх хавар гэхэд сөрөг хүчний аманд өөрсдөө очиж орохоор дүр зураг харагдаж байна.
Ишлэл 10. Энэ хямралаас нэгэнт хүлээн зөвшөөрөгдөөгүй лидерээсээ салаад аль болох хурдан гарах ёстой. Эс бөгөөс 2 сарын дараа намын их хурлаар, 6 сарын дараа ахиад л гарч ирж сэдэрсээр хийсэн ажил ч үгүй, шийдсэн асуудал ч үгүй нэг жилийг алдана. Өнөөдөр л гэхэд бүлгийн шийдвэрээ давж, хууль зөрчиж чуулган тарааж улайрч байгаагаас харж болохоор байна.
Ишлэл 11. Монголын төр хүчгүйдэж, нам тарамдах тусам хэн мөнгөтэй нь дүрэмгүй тоглох боломж үүснэ. Засаглалын хямрал өдөөж, эрх ашгаа гүйцэлдүүлэг тийм хүч үйлчилж ирснийг одоо ил далд бүгд мэддэг боллоо.
Ишлэл 12. Манай намынхан гэлтгүй манай үеийнхэн машины удирдлагыг гартаа авах биш машинд өөрсдөө орж эргэдэг, системийн тоглоом болоод байна л даа. Чиг хандлагын, зарчмын, бодлогын, бүтцийн суурь реформууд зайлшгүй хийх ёстой. Үүнийг энэ Засаг солигдохгүйгээр хийхгүй гэдгийг харсан учраас л сонгуулийн үеэр тоолуур ажиллуулж эхэлсэн хэрэг.
Ишлэл 13. Өнөөдөр бий болсон маш том мөнгө санхүү, шүүх цагдаа хэрсэн системийн эсрэг “Үгүй” гэж хэлж чадаж байна, энэ бол улстөрийн том эр зориг, ирээдүй өнгөтэй харагдаж байгаагийн л нэг шинж.
Ишлэл 14. М.Энхболд бол Монголын улс төрд 20 гаруй жил явсан, тогтвортой, прагматик, эвийг баримтлагч, технократ том улс төрч мөн. МАН ялагдсан үед улс төрийн зөв тоглолт хийж, үнэмлэхгүй ялалтад хүргэсэн нь ч бас үнэн. Гэхдээ 2016 оны ялалтын дараа алдаа хийсэн нь бас үнэн.
Ишлэл 15. МАН-ын Удирдах зөвлөл буруу шийдвэр гаргасны гор саяын Ерөнхийлөгчийн сонгуулиар гарч дүнгээ авлаа. Үүнийг намын итгэлээр томилогдсон Ерөнхий сайд үүрэх ёстой гэдэг утгаар би тоолуур эхлүүлсэн юм.
Ишлэл 16. Миний бодлоор олон нийт эдийн засгийн хямрал, материаллаг хэрэгцээнээс шударга ёс хүсч МАН-ыг сонгосон. Төрийн дээр гарсан олигархиудын засаглалыг нураах нь нийгмийн захиалга байв. Гэтэл үүнийг хийх нь байтугай, нөгөө л цөөнхөд үйлчилдэг төр хэвээр байхаар залуучууд эсэргүүцэх нь аргагүй шүү дээ.
Ишлэл 17. Ард түмнээс Ерөнхийлөгч Баттулгад бас л их итгэл хүлээлгэсэн байгаа. Тэр гэхдээ өөрөө энэ гажуудсан цаг үеийн бүтээгдэхүүн, өөрөө энэ цаг үеийг бүтээлцсэн. Үүнээсээ гарч чадахгүй. Одоо энэ нам алсаа харсан бодлогоо харж, түүнийгээ хэрэгжүүлээд явах хүнээ сонгоод л, нэгэнт сонгосных атгасан гар шиг дэмжиж түшээд явахаас өөр гарц байхгүй.
Ишлэл 18. Одоо системийн дотроос лидер үүсэхгүй, гаргаад нэмэргүй. Өөрсдөөсөө ухрахгүйгээр урагшлах боломжгүй салаа зам дээр ирсэн хэрнээ хөгжлийн цус эргэж байх ёстой хавхлаг дээр тээглээд зууралдаад дэндүү удлаа. Дараа үеэс бол хэнд итгэл хүлээлгэх нь манай намын гишүүдийн сонголт юм.
Ишлэл 19. Бидний хувьд өчнөөн удаа реформ шинэчлэл хийх гэж оролдсон, болоогүйг өнөөдөр бүр суларч талцаж байгаагаас харж болохоор байна. Одоо нийгэм цагийн жамаар өөрчлөгдөж хөгжөөд улстөрөөсөө хүчтэй болох нь.
Баримт 20. Улстөрд шинэ үеийн захиалга ирж байгааг сонсох чих, харах хараа ялангуяа манай хууччуулд их хэрэгтэй байна. Тийм ч учраас би анх таны асууснаар Энхболд даргын томилсон Засгийн эрх ашгийн эсрэг дуугарч байгаа юм.
Ишлэл 21. Бид яг энэ удаа л хувь хувийн эрх ашгаа хойш нь тавиад хэн Монголд үйлчилж, жинхэнэ утгаар нь нийгмийн хувьсгал хийж, Монголыг дааж явах лидер вэ гэдгээ сонгохгүй бол хугацаа дууслаа шүү дээ.
Ишлэл 22. Бидний үеийнхэн системийн шооктой цагийн урсгалд түүхээс ногдсон гэрийн даалгавраа хийсэн, оносон юм байгаа, алдаа ч хийсэн. Одоо нийгмийн эрэлтэд хариулж, алдаагаа хүлээн зөвшөөрч, энэ удаагийн зөрчил хагарлыг шинэ цаг руу түүчээлэх эр зориг гаргах, дараа үедээ боломжийг гаргаж өгөх цаг ирсэн байна гэж Миеэг ч оруулаад Нямдорж, Сү тэргүүтэй намын кадрууддаа хэлмээр байна даа.
Ишлэл 23. Хэн нэг нь муу сайндаа биш, үе гэдэг утгаараа бид өөрсдөө ухралт юм байна. Ухрах эрхгүй энэ цаг үед урагшлах боломжийг бүрдүүлж өгөөд ард нь бат түших түүхэн үүргээ л биелүүлцгээе.
Ишлэл 24. Өнөөдөр МАН ухрах эрхгүй өрөг дээр тавигдаад байгаагаа, тийм ч учраас зарим нь нэг алхам ухрах нийгмийн захиалга, цаг үеийн оноолт ирээд байгааг л олж хармаар байна.
Сэтгэгдэл (18)