Монгол Улсын Ерөнхийлөгчийг тодруулах ээлжит сонгуулийн санал хураалт орон даяар өнөөдөр 07.00 цагт нэгэн зэрэг эхэллээ. Санал авах ажиллагаа хэсгийн хороо бүрт үдшийн 22.00 цаг хүртэл үргэлжилнэ. Улсын хэмжээнд нийт 1983 хэсгийн хороо байгуулагдсанаас 403 нь Улаанбаатар хотноо, 1580 нь аймаг, сумдад байршжээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд сонгуулийн насны 1.978.298 сонгогч бүртгэгдсэнээс 936 мянган сонгогч Улаанбаатар хотод харьяалагдаж байна.
Ингээд 24tsag.mn сайт энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн тоон үзүүлэлтийг 24 баримт болгон хүргэж байна.
Баримт 1: Монгол Улсын 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нийт 1.978.298 сонгогч саналаа өгнө.
Баримт 2: Үүнээс Монгол Улсаас гадаад улсад санал өгөхөөр 7209 сонгогч сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэнч 4816 иргэн саналаа өгчээ. Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг 33 улсад 45 салбар комисс ажилласан байна.
Баримт 3: Сөүл, Бээжин, Вашингтон зэрэг 11 салбар комисс дээр МАН, АН-аас томилогдсон 19 ажиглагч санал хураах ажиллагаанд оролцжээ.
Баримт 4: Нийт сонгогчдын 936 мянга нь Улаанбаатар хотод харъяалалтай байгаа бол 44724 сонгогч түр хасах тэмдэглэгээтэй байна.
Баримт 5: Бүртгэгдсэн сонгогчдыг дүүргээр нь тодруулбал, Сонгинохайрхан дүүрэгт-207.620, Баянзүрх дүүрэгт -225.206, Баянгол дүүрэгт -144.434, Сүхбаатар дүүрэгт-96.148, Хан-Уул дүүрэгт-110.883, Чингэлтэй дүүрэгт -110.643, Багануур дүүрэгт-19.593, Багахангай дүүрэгт-2799, Налайх дүүрэгт-24.241 сонгогч тус тус бүртгэгджээ.
Баримт 6: 22 аймаг 339 сум, дүүргийн сонгуулийн хороодод 1983 сонгуулийн хэсэг байгуулагдсан.
Баримт 7: 2016, 2017 онуудад сонгуульд ажиллах ажилчдад гэрчилгээ олгох сургалтад 21 мянган хүн хамрагдсан бол энэ удаагийн сонгуульд 25 мянган төрийн албан хаагч ажиллаж байна.
Баримт 8: Үндэсний аудитын газраас сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг нам эсвэл 6,8 тэрбум, нэр дэвшигч 3,9 тэрбум төгрөгийн ханштайгаар тогтоож өгсөн.
Баримт 9: Сонгуулийн санал авах өдөр буюу 2017 оны зургадугаар сарын 26-ны өдөр санал авах байранд улсын бүртгэлийн байгууллагын 2554 итгэмжлэгдсэн ажилтан гарын хурууны хээг сонгогчдын нэрийн жагсаалтын цахим хувилбартай тулган шалгаж, бүртгэлийн хуудас олгоно.
Баримт 10: Улсын хэмжээнд аймаг, дүүргийн сонгуулийн хорооны дэргэд харьяалах сонгуулийн хороодын үйл ажиллагаанд сонгуулийн автоматжуулсан системийн ашиглалтыг хариуцан ажиллах мэдээллийн технологийн 30 баг байгуулагдан ажиллаж байна.
Баримт 11: Санал авах байранд автоматжуулах хэрэгслийн иж бүрдлийг ашиглан мэдээллийн ажиллагаа явуулах, техник, хэрэгслийн хэвийн ажиллагааг хариуцан хангах үүрэг бүхий нийт 2356 мэдээллийн технологийн даамал ажиллаж байна.
Баримт 12: 2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг гадаадын 37 орны ажиглагч ажиглана.
Баримт 13: Эхний ажиглагчид 1 сарын өмнө ирсэн байна.
Баримт 14: Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглахаар Азийн сонгуулиудын байгууллагын холбооны Ерөнхийлөгч ирсэн.
Баримт 15: Европын парламентийн болон Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын ажигчлагчид хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй байна.
Баримт 16: Сонгуульд оролцож буй намуудын 17 мянга 947 дотоодын ажиглагч бүртгүүлж эрхээ авсан байна.
Баримт 17: Үерийн аюултай түвшинд хүрсэн гол мөрнийг гаталж санал өгөх шаардлагатай 1920 сонгогч байгаа тул Сонгуулийн ерөнхий хорооны удирдлага Онцгой байдлын ерөнхий газрын даргатай уулзаж, техник, аврагчдын багийг бэлэн байлгахыг хүсчээ.
Баримт 18: Сонгинохайрхан дүүрэг, сонгуулийн 1813 хэсгийн хорооны 13 өрхийн 30 сонгогч малын халдварт өвчин гарснаас шалтгаалж, хөл хорионд орсон байгаа ч зөөврийн саналын хайрцгаар саналыг нь авах ажиллагааг зохион байгуулжээ.
Баримт 19: Улсын бүртгэлийн ерөнхий газраас Сонгуулийн ерөнхий хороонд 2 сая 26 мянга 154 сонгогчийн саналын хуудас ирүүлжээ.
Баримт 20: Нийслэлийн сонгогчдоос 5349 иргэн зөөврийн хайрцгаар саналаа өгөх хүсэлт гаргасан бол улсын хэмжээнд 28045 хүн санал өгөхөөр бүртгүүлсэн байна.
Баримт 21: Нийслэлийн Сонгуулийн хороо Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд бэлтгэхдээ одоогоор нэг тэрбум 373.8 сая төгрөгийн зардал гаргаж, энэ тооны мөнгийг Сонгуулийн ерөнхий хорооноос авчээ.
Баримт 22: Харин улсын хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийг зохион байгуулахад энэ жил улсын төсвөөс 14.9 тэрбум төгрөг төсөвлөсөн. Харин нэг намын зардлын дээд хэмжээг 6.8, нэр дэвшигч тус бүрийн зарцуулж болох зардлын дээд хэмжээг 3.9 тэрбум төгрөгөөр тогтоосон. Дээрх бүх тоог тооцож үзвэл энэ удаад бид 47 тэрбумаар сонгуульдах нь.
Баримт 23: Энэ тоо өмнөх оныхтой харьцуулахад 1 тэрбум орчим төгрөгөөр буурсан үзүүлэлт аж.
Баримт 24: Өнөөдөр даваа гариг хэдий ч бүх нийтийн амралтын өдөр болж, хуульчлагдсан учраас автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм байна.
24tsag.mn
Сэтгэгдэл (5)