Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль яг долоо хоногийн дараа буюу энэ сарын 26-ны даваа гарагт болно. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль парламентад суудалтай АН-аас Х.Баттулга, МАН-аас М.Энхболд, МАХН-аас С.Ганбаатар нар дэвшээд байгаа билээ. Тэгвэл сонгуулийн санал хураах болон сонгогч саналаа өгөхдөө юуг анхаарах талаарх хуулийн заалтыг 24 баримтаар хүргэж байна.
Санал хураах газар, хугацаа
Баримт 1. Сонгогчдын саналыг санал хураахаар бэлтгэсэн байранд санал хураах өдөр 07 цагаас 22 цаг хүртэл хугацаанд хураана.
Баримт 2. Сонгогчдын санал хураах байр, хугацааг сонгуулийн хэсгийн хороо уул өдөр хүртэлх 14 хоногийн турш нийтэд зарлан мэдээлнэ.
Баримт 3. Сонгогчдоос саналаа нууцаар бэлтгэхэд хүрэлцэх тооны тасалгаа, саналын хайрцаг бүхий байрыг тухайн сонгуулийн хэсгийг харьяалах сум, дүүргийн Засаг дарга хариуцаж бэлтгүүлнэ.
Саналын хуудас
Баримт 4. Саналын хуудас нь тусгай нууцлалтай байх бөгөөд аймаг, нийслэлийн дүүргийн хэмжээнд нэгдсэн адил дугаартай байна.
Баримт 5. Саналын хуудсыг Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан загварын дагуу хэвлэж, мөн хорооноос сонгуулийн нутаг дэвсгэрийн хороонд, нутаг дэвсгэрийн хорооноос салбар хороогоор дамжуулан санал хураах өдрөөс 5-аас доошгүй хоногийн өмнө сонгуулийн хэсгийн хороонд тус тус хүргүүлнэ.
Баримт 6. Саналын хуудсанд нэр дэвшигчийн овог, нэрийн ард нэр дэвшүүлсэн нам буюу сонгуульд хамтарсан намуудын нэрийг хаалтад бичиж хэвлэнэ.
Баримт 7. Нэр дэвшигчдийн нэрийг саналын хуудсанд хэвлэх дарааллыг Сонгуулийн ерөнхий хороо нутаг дэвсгэр, нийт сонгогчдын тоог харгалзан адил тэнцүү байх зарчмыг баримтлан солбиж байрлуулна.
Баримт 8. Саналын хуудсанд тухайн сонгуулийн хэсгийн хорооны дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурж, тэмдэг дарна. Гарын үсэг, тэмдэггүй хуудсаар санал өгч болохгүй.
Баримт 9. Сонгуулийн хороод саналын хуудсыг нийт бүрэлдэхүүний гуравны хоёроос доошгүйг байлцуулан хүлээн авах ба энэ тухай тэмдэглэл үйлдэж, байлцсан бүх гишүүн гарын үсэг зурах бөгөөд хэрэв сонгуулийн хорооны аль нэг гишүүн уг тэмдэглэлд гарын үсэг зурахаас татгалзвал шалтгаан, үндэслэлээ бичгээр үйлдэж тухайн сонгуулийн хорооны даргад өгнө.
Санал хураах ажлыг зохион байгуулах
Баримт 10. Санал хураах өдрийн 07 цагт сонгуулийн хэсгийн хорооны бүрэлдэхүүн сонгогчдын төлөөллийг байлцуулан саналын бүх хайрцгийг нээж, шалган битүүмжилж лацдсаны дараа сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн сонгогчдын тоо, хүлээн авсан, урьдчилан санал өгөхөд зарцуулсан, алдагдаж үрэгдсэн, устсан, үлдсэн саналын хуудасны тоог мэдээлнэ.
Баримт 11. Мөн урьдчилан санал өгсөн сонгогчдын тоо, түүний явцад буруу тэмдэглэл хийснээс хүчингүй болсон саналын хуудасны тоо, санал хураалтад ашиглах зөөврийн битүүмжилсэн хайрцгийн тоо, түүгээр санал өгөх сонгогчийн тоо, санал хураах хуваарь, хүлээн авсан, тараасан, буруу бичсэнээс хүчингүй болсон, алдагдаж үрэгдсэн, устсан, үлдсэн сонгогчийн үнэмлэхийн тоог мэдээлнэ.
Баримт 12. Урьдчилан өгсөн саналын тоог тусгайлан тэмдэглэж, тэдгээр саналын хуудсыг битүүмжилсэн дугтуйтай нь саналын хайрцагт хийнэ.
Баримт 13. Саналын хуудас авсан сонгогч сонгогчдын нэрийн жагсаалтад гарын үсгээ зурж баталгаажуулна.
Баримт 14. Саналаа өгсөн иргэний сонгогчийн үнэмлэхэд тусгайлан үүрэг хүлээсэн сонгуулийн хэсгийн хорооны гишүүн тэмдэглэл хийж, сонгуулийн хэсгийн хорооны тэмдэг дарах бөгөөд Сонгуулийн ерөнхий хорооноос тогтоосон тусгай тэмдэглэл хэрэглэж болно.
Баримт 15. Санал хураах ажиллагаанд нэр дэвшүүлсэн намын сонгууль эрхэлсэн байгууллагаас томилсон ажиглагч болон хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгч байлцаж болно.
Баримт 16. Санал хураах байранд нэр дэвшигч болон зөвшөөрөлгүй бусад этгээд байхыг хориглох бөгөөд энэ нь тэдгээрээс саналаа өгөхөд хамаарахгүй.
Сонгогч саналаа өгөх
Баримт 17. Сонгогч санал хураах байранд ирж, саналаа өөрөө өгөх бөгөөд харин биеийн эрүүл мэндийн байдлын улмаас санал хураах байранд хүрэлцэн ирж чадахгүй сонгогч зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх хүсэлтээ санал хураах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө сонгуулийн хэсгийн хороонд бичгээр гаргах бөгөөд тухайн сонгогчийн саналыг сонгуулийн хэсгийн хорооны нэг намын бус төлөөлөлтэй хоёроос доошгүй гишүүн оршин суугаа газрын хаягаар очиж авна.
Баримт 18. Сонгогч саналын хуудсыг авч санал бэлтгэх тасалгаанд орж уг хуудсанд бичигдсэн нэр дэвшигчдийн дотроос өөрийн сонгохыг хүссэн нэр дэвшигчийн овог нэрийн өмнөх дэс дугаарыг дугуйлан тэмдэглэж хуудсаа саналын хайрцагт хийнэ.
Баримт 19. Сонгогч саналаа илэрхийлэхдээ алдаа гаргаж буруу тэмдэг тавьсан бол уг саналын хуудсаа саналын хайрцагт хийхээс өмнө сонгуулийн хэсгийн хороонд энэ тухайгаа мэдэгдэж, хуудсаа хураалган дахин нэг саналын хуудас авч болно. Хураалгасан саналын хуудсыг сонгуулийн хэсгийн хороо протоколд тэмдэглэж хадгална.
Баримт 20. Санал бэлтгэх тасалгаанд тухайн сонгогчоос өөр хэн ч байж болохгүй. Саналын хуудсанд саналаа өөрөө тэмдэглэж чадахгүй сонгогч өөрийн итгэмжилсэн хүний туслалцаа авч болно.
Баримт 21. Харин аль нэгэн намын сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, сонгуулийн хорооны гишүүн болон ажиглагчаар туслалцуулж болохгүй.
Баримт 22. Саналын хуудсыг сонгуулийн хэсэгт ирүүлснээс хойш санал авах өдөр дуусах хүртэлх хугацаанд сонгогч түр шилжин явахад хүрвэл сонгуулийн хэсгийн хороонд ирж саналын хуудас авч, саналаа нууцаар тэмдэглэж, дугтуйлаад, битүүмжлэн үлдээж болно. Сонгуулийн хэсгийн хороо сонгогчийн битүүмжлэн үлдээсэн саналын нууцыг чандлан хадгална.
Баримт 23. Урьдчилан санал өгөх тохиолдол бүрт сонгуулийн хэсгийн хорооны нэг намын бус төлөөлөлтэй хоёроос доошгүй гишүүн байлцах ба энэ тухай тэмдэглэл үйлдэж, түүнд байлцсан сонгуулийн хэсгийн хорооны гишүүн бүр гарын үсэг зурна.
Баримт 24. Санал хураах өдөр ажиллаж байгаа сонгогчид тухайн байгууллагын захиргаа чөлөө олгож, түүнийг санал өгөх боломжоор заавал хангах үүрэгтэй.
24tsag.mn