Монгол Улсаас Швейцарийн холбооны болон Бүгд Найрамдах Франд, Холбооны Бүгд Найрамдах Герман, Япон, Канад, АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нарыг эгүүлэн татаж, орных нь хүнийг томиллоо. Тодруулбал, Л.Пүрэвсүрэнг Швейцарь, АБаттөрийг Франц, Д.Ганбатыг Герман, Г.Тэнгэрийг Япон, Ё.Отгонбаярыг АНУ, Н.Чимгүүндарийг Канад улсад суух Элчин сайдаар тус тус томилов. Тэгвэл Элчин сайдад томилогдох эрхмүүдийн хэн нь хэн бэ гэдгийг 24 баримтаар хүргэж байна.
Баримт 1. Франц улсад суух Элчин сайдаар Ерөнхийлөгчийн аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх А.Баттөрийг томилохоор болов.
Баримт 2. Тэрбээр 1965 онд Ховд аймагт төрсөн, Ардчилсан намын гишүүн. Эдийн засагч мэргэжилтэй нэгэн.
Баримт 3. А.Баттөр нь Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль, Шинэ Зеландад Викторийн их сургууль, Бельгийн Вант улсад Европын стратеги, Олон улсын харилцааны төвийг төгссөн. Хөгжлийн ухааны магистр цолтой.
Баримт 4. ГХЯ-нд атташе, Франц улс дахь ЭСЯ-нд соёлын атташе, ЮНЕСКО-гийн Байнгын төлөөлөгчийн газарт дипломат ажилтан, ГХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын захирал, 1998-2000 онд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, технологийн сайд, 2004-2006 онд Гадаад хэргийн дэд сайд, 2008 оноос Монгол Улсаас БЕНЕЛЮКС-ийн орнууд, Европын хамтын нийгэмлэгт суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байжээ.
Баримт 5. Швейцарь улсад суух Элчин сайдаар Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн тодров.
Баримт 6. Л.Пүрэвсүрэн нь 1989-2009 онуудад Монгол Улсын дипломат албанд ажиллаж байсан бөгөөд 2009 оноос Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөхөөр ажиллаж байгаа юм.
Баримт 7. Тэрбээр 1964 онд Говь-Алтай аймагт төржээ. 1989 онд Москвагийн ОУХДС-ийг Баруун Европ судлалын чиглэлээр төгссөн байна. Мөн 1993 онд ХБНГУ-ын ГХЯ-ны дэргэдэх Зүүн Европ болон Төв Азийн залуу дипломатуудад зориулсан дамжаа, 2000-2001 онд Шинэ Зеланд Улсын Веллингтон хотын Викториа их сургууль, 2003 онд АНУ-ын Хавай дахь Аюулгүй байдлын асуудлаарх Ази, Номхон далайн төв зэрэг газруудад гадаад харилцааны чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн байна.
Баримт 8. Л.Пүрэвсүрэн нь 1989-1991 онд ГХЯ-ны Захиргааны хэлтэст атташе 1991-1993 онд Улаанбаатар дахь Германы ЭСЯ-нд орчуулагч 1993-1995 онд ГХЯ-ны Европ, Америкийн газарт атташе 1995-2000 онд Бонн дахь ЭСЯ-нд Хоёр болон Нэгдүгээр нарийн бичгийн дарга 2000-2009 онд ГХЯ-ны Европын газарт Нэгдүгээр нарийн бичгийн дарга болон зөвлөхөөр ажилласан.
Баримт 9. Канад улсад суух Элчин сайдаар Ерөнхий сайдын Гадаад бодлогын зөвлөх Н.Чимгүүндарь томилогдохоор болов.
Баримт 10. Тэрбээр УИХ-ын гишүүн Н.Оюундарийн төрсөн дүү учир энэхүү албанд томилогдохоор гишүүдийн дэмжлэгийг хүртсэн гэдгийг хэлэх хүн олон байна.
Баримт 11. Н.Чимгүүндарь 2008-2012 онд МАН-ыг Засгийн эрх барьж байх үед Парис хотноо консулаар томилогдон ажиллаж байсан нэгэн аж.
Баримт 12. Стратегийн судалгааны хүрээлэнгийн захирал Д.Ганбатыг Герман улсад суух Элчин сайдаар томилохоор гишүүдийн дэмжлэгийг хүртэв.
Баримт 13. Түүнийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ойрын шадар хүн гэгддэг юм.
Баримт 14. Өнгөрсөн 2015 онд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн захирамжаар эдийн засгийг тогтворжуулах арга хэмжээний талаар санал, зөвлөмж боловсруулах, хөрөнгө оруулалтын бодлогын асуудлаар зөвлөх үүрэг бүхий орон тооны бус Эдийн засгийн зөвлөл байгуулж байсан. Энэхүү Эдийн засгийн зөвлөлийн бүрэлдэхүүнд багтан ажиллаж байсан нэгэн.
Баримт 15. Гадаад харилцааны дэд сайд асан Г.Тэнгэрийг Япон Улсад суух Элчин сайдаар томилох санал дэмжигдэв.
Баримт 16. Г.Тэнгэр нь 1981-1991 онд Улаанбаатар хотын 10 жилийн нэгдүгээр дунд сургууль, 1991-1993 онд Техникийн их сургуулийн Компьютер, техник менежментийн сургууль, 1993-1994 онд Токио хотын Гадаад хэлний сургууль, 1994-1998 онд Япон Улсын Ёкохамагийк Үндэсний дээд сургуулийг тус тус дүүргэсэн байна. Удирдлагын ухааны бакалавр зэрэг хамгаалжээ.
Баримт 17. 1998-2000 онд Японы "БСП" компанид мэргэжилтэн, 2000-2001 онд Дэд бүтцийн яаманд мэргэжилтэн, 2001-2005 онд Японы "Коника Минолта" компанид мэргэжилтэн, 2005-2009 онд МАХН-ын Удирдах зөвлөлийн Ажлын албаны Гадаад харилцааны албаны дарга, 2009 оноос МАН-ын Удирдах зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын Гадаад харилцаа хамтын ажиллагааны хэлтсийн даргаар ажиллаж байсан аж.
Баримт 18. 2012 онд мөн дэд сайдаар томилогдож байсан юм.
Баримт 19. Англи, орос, япон хэлтэй, гадаад харилцааны чиглэлээр олон жил ажиллаж мэргэшсэн нэгэн гэх нь бий.
Баримт 20. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Ё.Отгонбаяр АНУ-д суух Элчин сайдаар томилохоор нэр нь дэмжигдсэн.
Баримт 21. Тэрбээр өнгөрсөн УИХ-ын сонгуульд нэр дэвшээгүй бөгөөд шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайдын албанд томилогдсон.
Баримт 22. Ё.Отгонбаяр нь 1989 онд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийг төгсчээ. Дипломатч мэргэжилтэй нэгэн.
Баримт 23. Ажил амьдралынхаа гарааг Гадаад явдлын яаманд атташе, нэгдүгээр нарийн бичгийн даргаас эхэлж улмаар Монгол Улсаас БНЭУ-д суугаа ЭСЯ-ны хоёрдугаар нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад улс төр рүү хөл тавьсан байдаг.
Баримт 24. Тэрбээр 2008 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаар томилогдон ажиллаж байсан.
24tsag.mn
Сэтгэгдэл (12)